Categories
мэдээ нийгэм

Эмийн харшил шууд үхэлд хүргэх аюултай

Монголын харшил судлалын нийгэмлэгээс зохион байгуулж буй “Харшлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн орчин цагийн хандлага” 15 дугаар чуулган “Holiday Inn” зочид буудалд боллоо. Тус чуулган Монгол Улсад гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд АНУ, ОХУ, ӨМӨЗО-ны харшил судлалын нарийн мэргэжилтэн, профессорууд ирж оролцож байна. Гадны мэргэжилтнүүд залуу эмч нарт орчин үеийн эмчилгээний чиг хандлага, оношилгоог танилцуулж мэргэшүүлэхийн зэрэгцээ туршлага солилцох юм. Сэдвийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн харшлын эмч, клиникийн профессор Т. Рэгзэдмаа, “Харшил үүсэх гол шалтгаанууд нь гадны нөлөөнөөс буюу орчны бохирдол, агаар, хөрсний бохирдол, импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн, эмийн зохисгүй хэргэлээ гэх зэргээс үүсэж байна. Тэр дундаа Монгол улсад нэгдүгээрт амьсгалын замын харшил дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь агаарын бохирдол буюу утаа, мөн хөрсний бохирдлоос улбаатай.

Импортоор орж ирж байгаа хараа хяналт сул хүнсний бүтээгдэхүүнийг иргэд замбараагүй хэрэглэх, гар дээрээс баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байгаагаас үүдэн хүнсний харшил маш их гарах болсон. Хүнсний харшил ихэвчлэн арьсны харшлаар илрэх бөгөөд арьсан дээр тууралт гарах, уруул ам хавдах зэргээр илэрдэг. Мөн сүүлийн үед эмийн харшлын шок гэж нэрлэдэг дур мэдэн эм хэрэглэснээс болсон харшил ихсэх хандлагатай байгаа. Эмийн харшлын хүнд хэлбэр нь шууд үхэлд хүргэдэг аюултай. Арьсан дээр гарч байгаа шинж тэмдгүүд нь хөнгөн хэлбэрийнх гэсэн үг. Иргэд харшил өгдөг эм тариагаа дахин хэрэглэж харшлаа сэдрээх тохиолдол байдаг. Эмийн харшил хэзээ ч эдгэдэггүй учраас насан туршдаа харшилсан эм, тариагаа хэрэглэхгүй байхыг бид зөвлөдөг. Эмийн харшил шууд амь насанд хүргэдэг учир хамгийн аюултай харшил.

Харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд нэн түрүүнд харшлын талаар мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй. Зөвхөн эмчийн заавраар эм тариагаа хэрэглэж, ам дамжсан ярианд автахгүй байх хэрэгтэй” гэлээ. Мөн улиас модноос унадаг унгирал харшил үүсгэх аюултай гэж боддог. Гэвч энэ нь ямар нэгэн харшил үүсгэдэггүй. IV сарын 10-даас VI сарын аравдыг хүртэл модлог ургамлын харшил явагддаг ба мөн сарын 10-даас хойш үет ургамлуудын харшил эхэлдэг. Тэгвэл VII сарын аравдаас хойш хөлийн ургамал буюу хүмүүсийн хамгийн сайн мэдэх шарилжаас үүдэлтэй харшил эхэлдэг ажээ. Ургамлын харшил нь ургамлынхаа тоосжилттой холбоотойгоор үечилж явагддаг байна. Харин жилийн дөрвөн улирлын турш харшил нь хөдөлдөг хүмүүс улирлын бус шинж чанартай харшилд хамаарагдах юм.

Харшлыг тухай бүрт нь эмчлэхгүй байснаас хүндэрч хамгийн түрүүнд гуурсан хоолойн багтраа өвчин үүсгэдэг. Энэ өвчнөөр бага насны хүүхдээс эхлээд насанд хүрсэн хүмүүс ч өртдөг байна.

Ц.Уранболор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *