Categories
мэдээ

Эцэг эхийн хараа хяналтгүй байдал, ААН-үүд орчныхоо аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүүхэд эндэж болзошгүйг анхааруулав

Нийслэлийн цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр Хүүхдийн хүчирхийлэл,хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын талаар мэдээлэл хийв.

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуун “Нийслэлийн БЗД-ийн 79 дүгээр дунд сургуулийн хашаан дахь хөлбөмбөгийн талбайд 11 настай хүү осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хөлбөмбөгийн хаалгачийн хөндлөвч төмөр унасны улмаас тархиндаа гэмтэл авч амь насаа алдсаныг БЗД-ийн Цагдаагийн мөрдөн байцаах газар шалгаж байна. Мөн БЗД-ийн 21 дүгээр хорооны Сэлбийн гол орчимд зам, гүүрийн засварын ажил ид явж буйтай холбоотой далан барьж, 100 орчим метр урт, 15 метр өргөн, 3-4 метр гүнтэй цөөрөм үүссэн. Энэ цөөрөмд 5 хүүхэд сэлж тоглож байгаад 9 настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг мөн гарлаа. Тиймээс хүүхэд эндэх, бэртэх, нас барах тохиолдол ихсэж байгаа нь эцэг эхийн хараа хяналтгүй байдал, аж ахуй нэгж байгууллагын буруу үйл ажиллагаанаас болж байгааг шүүмжлэв. Сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, засвар үйлчилгээ хийж буй байгууллага, ААН-үүд орчныхоо аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг анхааруулж байна” гэв.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга Д.Энхбаатар, “Улсын хэмжээнд 3553 өнчин хүүхэд амьдарч байгаа бол 1019 хүүхэд асрамжийн байгууллагад хүмүүжиж байна. 2017 онд 16800 хос гэр бүлээ бүртгүүлсэн бол 4900 нь Шүүхийн журмаар гэр бүл цуцлуулжээ. Жил ирэх тусам гэр бүлээ цуцлуулах хосууд нэмэгдэж байгаа нь хүүхэд эзэнгүйдэх, анхаарал халамж сулрах, өнчирч сэтгэл санааны гутралд орох зэрэг эмзэг асуудал үүсч байдгийг залуу эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэйг хэлж байв.

Мөн Нийслэлд 800 мянга орчим хүүхэд оршин суудаг, хүүхэд алга болсон талаар мэдээлэл өдөрт дунджаар 15 удаа ирдэг. Өнгөрсөн онд эрэн сурвалжлах санд 1200 орчим хүүхэд алга болсон талаар мэдээлэл ирсэн ч Цагдаагийн ажилтнууд бүгдийг нь олж тодруулан эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сураггүй алга болсон хүүхдийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ онд сураггүй алга болсон хоёр хүүхэд байсан ч хэсэг хугацааны дараа амиа алдсан байдалтай олдсон. Тиймээс хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс сэрэмжлүүлэн эцэг эхийн хараа хяналтыг сайжруулахыг албаны хүмүүс дахин дахин санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *