Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн бүтээмж буурсан үзүүлэлттэй гарчээ

Хөдөлмөрийн бүтээмж 2016 онд 1.4 хувиар өссөн бол өнгөрөгч 2017 онд 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, бизнесийн салбар дундаас мэдээлэл, холбооны салбар өнгөрсөн жил хамгийн их хөдөлмөрийн бүтээмжтэй ажилласан бол уул уурхай, олборлолтын салбар хамгийн бүтээмж муутай ажилласан аж. Тус салбарт ажиллах иргэдийн тоо өнгөрсөн онд 30.8 хувиар өссөн ч гарц буюу үйлдвэрлэл 7.1 хувиар буурсан нь энэ салбарын бүтээмж өмнөх оноос 37.9 хувиар буурахад нөлөөлжээ. Харин Мэдээлэл, холбооны салбарт өнгөрсөн онд 14,500 хүн ажиллаж, 394.6 тэрбум төгрөгийн нэмэгдэл өртөг бүтээсэн нь хамгийн өндөр бүтээмжид тооцогдож байна.

Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хороо тусгай аргачлалаар тооцон гаргадаг бөгөөд уг аргачлалыг 2017 оны нэгдүгээр сарын 6-нд шинэчилсэн байдаг. Тэгвэл уг шинэ аргачлалаар 2017 онд хөдөлмөрийн бүтээмж ямар байсныг доорх үзүүлэлтүүд харуулжээ.

hodolmor

Бүтээмжийн үзүүлэлтийг нийт эдийн засаг, бизнесийн сектор болон эдийн засгийн үйл ажиллагааны салбарын түвшинд тооцжээ. Ингэхдээ нийт эдийн засгийн түвшинд хөдөлмөрийн бүтээмжийг нэг ажиллагчид ногдох бодит ДНБ‐ээр хэмждэг байна. Гэтэл нэг хүнд ногдох ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2016 онд 0.9 хувиар буурсан бол 2017 онд 2.7 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн жилд нь ДНБ багасч, ДНБ өссөн жилд нь хөдөлмөрийн бүтээмж буурсан байгаа биз. Энэ нь хүн амын өсөлт харьцангуй тогтвортой байхад ажиллагчдын тооны өөрчлөлт тогтворгүй байсантай холбоотой аж. Тухайлбал, ажиллагчид 2013 онд 4.4, 2014 онд 0.6, 2015 онд 3.6 хувиар өсөж байсан бол 2016 онд 0.3 хувиар буурч, харин 2017 онд 7.6 хувиар өссөн байна.

hodolmor

Үндэсний статистикийн хорооны эл судалгаанаас харахад бизнесийн салбарын бодит гарц 2011‐2017 онд жилд дунджаар 9.3 хувиар өсжээ. Зөвхөн 2016 онд 1.7 хувиар өссөн бол 2017 онд 3.6 хувиар өссөн байна. Энэ салбарт ажиллагчдын тоо ч мөн 2017 онд өмнөх жилээсээ 2.8 хувиар нэмэгджээ. Нийт эдийн засаг болон бизнесийн секторын хөдөлмөрийн бүтээмжийг харьцуулахад 2013 оноос бизнесийн секторын бүтээмжийн өсөлт нийт эдийн засгийнхаас өндөр байна. Нөгөө талаар бизнесийн бус секторын бүтээмжийн өсөлт доогуур байгаа аж. ДНБ‐ээр хэмжигдэх гарц нь тухайн улсад үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний нийт өртөг гэсэн үг. ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2017 онд урьдчилсан гүйцэтгэлээр 16.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2017 оны байдлаар манай улсад 1,238,300 хүн хөдөлмөр эрхэлж байгаа нь өмнөх оныхоос 7.6 хувиар өссөн дүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *