Яруу найрагч Жанчивын Шагдар зохиолчдын хамт
“Униар татсан хөндийд чинь
Унаган бие минь өсөн жаргав аа
Унаган бие минь жаргасны учраа
Ухаан хүчээ тандаа зориулнаа
Рашаан болор мөрөнд чинь
Алдхан бие минь торнин жаргав аа
Алдхан бие минь жаргасны учраа
Амь насаа тандаа зориулнаа
Нарны буман цацрагт чинь
Нас бие минь тэнхрэн жаргав аа
Нас бие минь жаргасны учраа
Нандин бүхнээ тандаа зориулъя аа” гэсэн “Эх орон танаа” хэмээх алдарт дууг мэдэхгүй монгол хүн ховор. “Тод магнай”, “Дэлтэй шувуу”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Хаврын найраг”, “Оторчны баясгалан”, “Өдрийн од”, “Наран төглийн өглөө” зэрэг олон арван дууны найраг, гуч гаруй ном туурвисан нэрт сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Жанчивын Шагдарын отгон хүү, удам дамжсан яруу найрагч Суумэргэнтэй уулзаж аавынх нь тухай хөөрөлдлөө.
-Аав тань аль нутгийн хүн билээ?
-Миний аав Жанчивын Шагдар Булган аймгийн Орхон сумын уугуул. Мянга есөн зуун гучин таван оны модон гахай жил төрсөн болохоор “Би Лодонгийн Түдэв, Далай лам хоёртой чацуу” гэж бахархан ярьдаг байсан. Шувуутын голын Арбулагийн Ямаа майлдагийн хондонд төрсөн гэж бичиж үлдээсэн нь бий. Овоглосон Жанчив гэдэг хүн чинь өвөг эцэг нь. Аав Ням эмээтэйгээ аж төрж өссөн юм билээ. Эцэггүй өссөн болоод ч тэр үү “Бутач” гэсэн роман бичнэ гэж их ярьдаг байсан ч бидэнд үлдээсэнгүй. Бас Чин ван Ханддоржийн тухай найраглал бичих бодолтой байсныг ч хүү нь мэднэ. Жамын хорвоо аавд минь цаг хугацаа богино өгсөн дөө. Булган аймгийн арван жилийн сургуулийг 1954 онд төгсөөд монгол хэл-уран зохиол, түүх-газар зүйн хоёр дэвтрээ өвөртлөөд хотод ирж МУИС-д шалгалт өгөөд монгол хэл-уран зохиолын ангид тэнцсэн байгаа юм. Аав минь их ухаантай хүн байсныг одоо л ухаарч суух юм. Хөвүүддээ гэхэд “Хүн хоёр вариантаар амьдрах хэрэгтэй” гэж захидаг байсан нь учиртай л үг байж. Ямар сайндаа аль нэг шалгалтад уначихвал нөгөөд нь шалгалт өгөхөөр хоёр дэвтэртэй ирж байх вэ дээ.
-Монголын толгой ганц их сургуульд ороод олон сайхан нөхөдтэй болсон байх даа?
-Аав минь “Их сургуулиас би дөрвөд, сартуул, буриад гурван сайхан нөхөртэй болсон” гэдэг байсан. Дөрвөд нь Алтжин гуайн аав Готов, буриад нь утга зохиолын алдарт шүүмжлэгч Ц.Мөнх, сартуул нь зохиолч, эмч Ш.Ванчаарай нар л даа. МУИС-ийн утга зохиолын нэгдэлд харин ардын уран зохиолч Тангадын Галсан, зохиолч Ч.Алгаа, С.Надмид, Б.Халтар, Ш.Ванчаарай, сэтгүүлч Ж.Бадамдаш, И.Гүрринчин, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамьян, Дамдины Бямбаа нарын олон сайхан сэхээтэнтэй авьяас онгодоо сорьж явсан байдаг. Тэдний цомог зураг нь одоо ч манайд бий. Монголын радиогийн боловсон хүчин Б.Халтар, С.Цэдэв ах, нэрт шатарчин Данзан, ардын уран зохиолч Балжирын Догмид ах нартай их найзална. Догмид ахтай “Шинэ хөдөө”-д хамт ажиллаж байлаа. Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн ахтай бүүр ч их дотно. Пүүжээ ах надад аавын тухай нэг инээдтэй зүйл ярьж билээ.
-“Аварга”-ын яриа ч амттайхан л юм байгаа даа?
-Яруу найрагч, аавын амьдай Жамцын Шагдар ах, Пүүжээ ах тэр гурав ганц юм өвөртөлж явтал газар унагаад хагалчихжээ. Гожин юмаа унагасандаа харамссан Жам.Шагдар ах ахин дахин эргэж хараад шогшроод явж. Тэгтэл аав “Харах тусам харамсдаг юм. Урагшаа харж яв. Ундармаар их олдоно” гэсэн байгаа юм. (инээв. сур)
-Оюутны ширээнээс ямархан ажлын талбарт очсон бол?
-Тавин найман онд сургуулиа дүүргээд “Залуучуудын үнэн” сонины сурвалжлагчаар очоод 1965 он хүртэл орлогч эрхлэгч, эрхлэгч болтлоо ажилласан. “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч байж байгаад мэргэжлийн зохиолчийн томилолт өвөрлөн Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг зорьж БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, хоньчин Зундуйн Очир гуайг бүтэн жил даган мал маллаж “Эргэх дөрвөн цаг” баримтат зохиолоо бичсэн түүхтэй.
Ш.Суумэргэн аав ээжийн хамт. 1978 он
-Биднийг сурагч байхад таны аавын “Эргэх дөрвөн цаг” сурах бичигт байдаг байсан шүү?
-Байсан. Одоо Хишиг-Өндөр сумынхан жилд хэд гурвыг хэвлүүлж залуу малчдад гарын авлага болгон өгдөг юм билээ. Энэ баримтат зохиолын амин сүнс нь анхны хоньчин баатар З.Очир гуайн “Мал хайраар өсдөг”, “Би муу малчныг хараад сайн малчин болсон” гэсэн нинжин сэтгэл, ажилсаг чанар юм.
-Аав, ээж хоёр нь тоонот гэрт толгой хэзээ холбож та бүхнийг төрүүлээ вэ?
-Миний ээж М.Найдан Булганы Бугатын хүн. УБИС-д насаараа номын санчаар ажилласан. Тэд минь 1957 онд гэрлэж аавын хэлдгээр “тулгын гурван чулуу” болсон биднийг төрүүлж өсгөсөн. Ууган ах Түмэнжаргал 1959 онд төрсөн, Монгол Улсын олон удаагийн аварга гольфчин байлаа. Тайландад болсон гольфийн тавиас дээш насны ангилалд хүртэл аваргалж байсан. Ах теннис, дартс гээд ер спортын хүн байсан. Бат-Итгэл, Батцэцэг гэсэн хүү, охин хоёртой. Ануухан бурхан болсон ахдаа зориулж би саяхан “Гэгээн үргэлжлэл” номоо хэвлүүллээ. Удаахь ах Цогтжаргал 1961 онд төрсөн, аавын мэргэжлийг өвлөн монгол хэл-уран зохиолын багш болж Булган аймгийн Сансар, Дашинчилэн суманд насаараа багшилж байна даа. Мягмаржаргал, Билэгжаргал, Билгүүн гэх гурван хүүхэдтэй. Миний хувьд 1969 онд төрсөн. Аав, ээж хоёр найман жил амарчихсан юм уу, яасан юм дунд ахаасаа найм дүү л хүн байгаа юм. Эхнэр маань Ч.Саруулням гэж Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, Төмөр замын төв эмнэлгийн их эмч хүн байна. Бид Хонгор, Мөнхжин гэж хоёр хөвүүнтэй. Ууган хүү СУИС-ийн харьяа РТДС-ийн зураглаачийн төгсөх ангийн оюутан, бага БНСУ-д арваннэгдүгээр ангийн сурагч даа. Аав, ээжийн үргэлжлэл болсон үр ач нь олширч л явна. Миний аав хүүхдэд их хайртай, хэний ч үр хүүхдийг хүнийрхэж, зэнзийрхдэггүй болохоор хүүхдүүд өвөр дээр нь эрхэлж тоглосон хүн байлаа. Би аавыгаа дагаж жил бүхэн л Булган нутаг руу нь явдаг хүүхэд байлаа. Багаасаа л унага татаж, айраг уудаг сан.
-Очир баатрыг дагаж жил болж ирээд юу хийж байв?
-Ирээд “Пионерын үнэн”, “Спортын мэдээ” сонинуудын эрхлэгчээр ажиллаж байсан. Хааяа хөөрхөн халамцахаараа “Над шиг гурвын гурван сонины эрхлэгчийн албыг хэл амгүй хашсан хүн байхгүй шүү” гэж цагаахан онгирно оо. Хожим Бурхан шашинтны төвийн “Номын хүрдэн” сонинг эрхлэн гаргаж байлаа. Мөн “Шинэ хөдөө”, “Бодлын солбицол” сонинд ажиллаж, “281-ийн холбоо”-нд төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, Зундуйн Дорж ах нарын хамт тэргүүлэгч гишүүнээр хүчин зүтгэж явлаа. Аав маань “Монгол адуу”, “Монгол тэмээ” нийгэмлэгүүдийг үүсгэн үндэслэн байгуулсан нийгмийн зүтгэлтэн шүү дээ. Аав ер нь хэнээр ч өөд нь татуулж, хэнтэй ч сундалдаж яваагүй хээгүй монгол эр хүн.
-Жанчивын Шагдар найрагч олон сайхан дуунаас гадна гуч гаруй ном хэвлүүлсэн гэдэг байх аа?
-Анхны ном нь “Тал дахь уулзалт”. Тэгээд “Болжмор хожимджээ” гээд явж өгнө. “Түүчээ тогоруу” номоороо 1979 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн байдаг. Сүүлчийн ном нь “Шувууд буцах цаг”. Алганд багтам жаахан эл номыг аавыг 1993 онд бурхан болсны хойно төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат ах гаргаж өгч байлаа. Аавын гуч гаруй номыг анхнаас нь сүүлчийг хүртэл анзаарахад хүний амьдрал гэдэг шувуудын цуваа юм, ирж буцах тэр шувуудын цуваа дундаа олон сайхан жигүүртэн хуруулж нөхөрлөөд эцэстээ цагийн жамаар буцдаг юм байна гэсэн философи байдаг. Аав маань ерээд оны эхээр “Чоно бороондын хувилгаан буюу далдын хар малгайтай пүүсийн эзэн” гэсэн тууж бичсэн нь өнөөгийн улс орноо, ард түмнээ бодохоо больсон бэртэгчид, хөрөнгөтнүүдийн үнэн нүүр царайг илчлэн зөгнөсөн зохиол байж.
-Монголын ард түмний аманд аялагдсан олон сайхан дуутай найрагч даа?
-Гавьяат жүжигчин Өлзий-Орших ахын дуулсан “Тод магнай” дууг соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Хосбаяр, Д.Мөнхбат нар саяхан дуулж дүрсжүүлсэн. Гол дүрд “Тод магнай” киноны жүжигчин Дорждагва ах маань амилуулсан. Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын хоршин дуулдаг “Хаврын найраг” дуу сайхан клиптэй болсон. Анх энэ дууг дуучин Одмаа эгч дуулсан. Энэ хоёр дуу хөгжмийн зохиолч Хайдавын Сэргэлэн ахын ая зохируулсанаар олноо хүрсэн. Дуучин Хумбагарын Батмэнд хөгжмийн зохиолч Б.Цогоогийн аялгуу “Эх орон танаа” дууг мөн ч сайхан дууллаа. Энэ дууг Гэрэлт-Од ах анх дуулсныг монгол түмэн мэднэ. Монголын радиогоор эгшиглэж өглөөг сэрээдэг
“Хувцсаа түргэн өмсөөрэй
Хурдан гавшгай алхаарай
Найзууд аа, Бүгдээрээ багаасаа
Арвич гамчийг эрхэмлэн
Ажил хөдөлмөрт суралцъя” гэж төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг ахтай хийсэн дуу бий. Аавынхаа унасан газар, амьдран суугаа нутаг хоёрт зориулж миний бие “Багахангайн дуу”, “Нарны бороотой Орхон” гэсэн хоёр дуу бүтээсэн.
-Өөрийг чинь шүлэг бичихийг аав тань мэддэг байв уу?
-“Миний хүү шүлэг бичих гэж хадуурав” гэж наргиж хэлдэг байсан ч сэтгэлийн дуудлага, бодлын хөгөө хөглөхгүй байж чадахгүй юм даа. Саяхан “Сүүлчийн пионерууд”, “Гэгээн үргэлжлэл” хоёр номоо хэвлүүлж, номын хуримаа хийлээ. Аавынхаа гэрэлт үргэлжлэл болж явах юм сан л гэж бодох юм. Аав минь
“Яаж хөлд орсноо би мэдэхгүй
Ээж минь мэднэ
Яаж хэлд орсноо би мэдэхгүй
Ээж минь мэднэ
Яаж амьдарч явааг минь ээж минь мэдэхгүй
Би мэднэ” гэж бичсэн. Хөшөөн дээр нь
“Хүний хайрыг дааж явсан бол миний шагнал
Хүмүүсийн хайрыг татаж явсан бол миний гавьяа” гэсэн үгийг нь сийлсэн дээ. Энэ онд Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн түүхт ой болно. Тиймээс Булган аймгаас төрсөн хайрт аавынхаа “Эх орон танаа” хэмээх эгшиглэнт дурсамж тоглолтыг олноо хүргэх санаа хүүгийнх нь сэтгэлд явдаг даа.