Categories
мэдээ нийгэм

Улаан Цутгалан урсаж эхэлжээ

Орхоны хөндийн үзэсгэлэнт Улаан Цутгалан урсахаа больсон талаар өмнө бид мэдээлж байсан билээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум энэ жил хур бороо багатай, байгаль экологийн тэнцвэрт байдал нь алдагдсанаас болж Улаан Цутгалан тасарч урсахгүй байгаа талаар тус сумын Засаг дарга М.Жамъяаншарав бидэнд мэдээлэл өгч байсан. Тэрбээр “Ер нь сүүлийн жилүүдэд яг өдийд ингэж тасарчхаад байгаа юм. Таван сарын 20-д гараад бороо хур элбэгшээд ирэхээр хэвийн болдог. Энэ жил бороо орох тун дургүй байна. Ганц хоёр дуслахаар үүлээ салхиараа хөөчхөөд хүйтрээд, чийг өгч чадахгүй байна. Жаахан л бороо орчих юм бол нэг хоногийн дараа л Улаан Цутгалан хүрээд ирдэг юм” гэсэн.

Өнгөрсөн өдрүүдэд Бат-Өлзий суманд хур бороо орж Улаан Цутгалан амь орж урсаж эхэлжээ. Одоогоор хүрхрээний ус бага бууж байна, дахин хур бороо орвол урьд жилүүдийнх шигээ урсах байх гэж нутгийн иргэд мэдээллээ. 24 метрийн өндрөөс буух Улаан Цутгалангийн хүрхрээг зуны дэлгэр цагт гадаад, дотоодын жуулчид ихээр зорьж очдог монгол орны үзэсгэлэнт газруудын нэг юм. Байгал цаг уурын өөрчлөлтөөс болж уг хүрхрээ жил бүрийн хавар тасарч хур бороо орсны дараа усаар тэжээгдэн дахин урсдаг үзэгдэл сүүлийн жилүүдэд давтагдаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *