Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын төрийн соёрхолт түүхч О.Батсайхан: Хятадад дагаар орж тусгаар тогтнолоо алдсан зурвас үе Монголд бий

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай ярилцлаа.


-Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхээс нэг үйл явдал анхаарал татдаг. 1915 онд Орос, Хятадын шахалтаар Монгол Улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит буюу өөртөө засах эрхэт улс болгосноос дөрвөн жилийн дараа урд хөршийн цэргүүд Өргөөг эзэлж тусгаар тогтнолоо алдсан зурвас үе Монголын түүхэнд бий. Богдын засаг унасан гол шалтгаан нь юу байсан бэ?

-Түүхээс сургамж аваагүйн тод жишээ байх. Хоёр зуун жил харийн эрхшээлд байснаа тийм амархан мартаж, хүний урхинд орж Чин И-гийн хятадаар бичсэн 64 зүйлийг монголчлон дотроосоо засаг төрөө устгах атгаг санаа гаргасан л даа. Үүнийг мэдсэн Богд хаан ихэд хилэгнэн уурлаж, хятад элчин Чин И-г Монголын засгийн зарим эрх баригчидтай нам нийлж, хуйвалдав хэмээн зэмлэн буруушаасан тухай Магсар хурц тодорхой бичсэн байдаг. Нөгөө талаас тусгаар тогтнол, эрх чөлөө маш эмзэг шүү гэдгийг сануулсан хэрэг гэж хардаг.

Тусгаар тогтнол мэдээж улс орны хил хязгаар доторх газар нутаг, бүрэн эрхт байдлын халдашгүй байдал дээр тогтдог. Үүнээс гадна бүс нутаг, олон улсын орчины нөхцөл байдал ч нөлөөлөх нь бий. Тухайн үед манай хойд хөршид 1917 оны хувьсгал дэгдэж, дотооддоо самуунтай болсон юм. Үүнийг далимдуулан хятадууд түрэмгий бодлого явуулсан нь Чин И –гийн 64 зүйл, Сюй Шү Жаний цэргийн түрэмгийллээр илэрсэн хэрэг.

-Тухайн үед өрнөсөн үйл явдлыг та хэрхэн хардаг вэ. Тусгаар тогтнолоо алдахад Монголын лам, ноёдоос ямар хүмүүс голлох нөлөө үзүүлсэн бол?

-Ерөнхий сайд байсан Бадамдоржийг ихээр муучлан хэлэх нь бий. Хятад боловсролтой, Хятадын талыг баримталсан бодлогыг тухайн үед илүү дэмжсэн учраас тэр хүн Сюй генералын хятадаар бичсэнийг монгол хэл рүү хөрвүүлсэн байх. Хятадад дагаар орох тэр бичигт Засгийн газрын Ерөнхий сайд Бадамдорж тэргүүтэй бүх сайд нар гарын үсэг зурсан гэсэн утгатай өгүүлбэр сурвалжид бий. Гэхдээ Богд хаан гарын үсэг зураагүй, мөн тамгаа дарж батламжлаагүй юм.

-Автономит засгийг устгаж тусгаар тогтнолоо алдахад манай зарим ноёд, лам нар урд хөршөөс илүүгээр оройлон оролцсон гэх нь бий. Та энэ байр суурьтай санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй. Монгол ноёд, лам нар оройлон оролцоогүй. Хүрээнд сууж байсан хятад сайд Чин И эхэлж, хятадаар бичиг бичээд зарим хүмүүсийг өөртөө татаж, нам нийлж, сэм хуйвалдах ажил зохион байгуулсан байх. Дараа нь харин Сюй генерал Чин Игээс өрсөж нэр төр олж авахын тулд цэрэг дайчлан, улаанаас хамгаалах нэрийн дор уг үйл явдлыг хүчээр хийсэн хэрэг. Богд хаан, Бадамдорж хоёрыг Бээжинд хүргэж, хэрэг шийтгэнэ хэмээн айлган, Богд хааны заларч байсан ордонг тойруулан зэвсэг бүхий хятад цэргүүд жагсааж сүрийг үзүүлсэн гэж түүхэн эх сурвалжид бичсэн байдаг.

-Шанзав Бадамдорж анх удаа тусгаар тогтнох хүсэлтийг хойд хөршид тавьсан гавьяатай ч 1919 онд “Монгол хэцүү, ядуу учраас том улсын нөмөр бараадъя” гэж хүчтэй дуугарсан хүмүүсийн нэгд багтдаг. Тухайн үед Бадамдоржоос өөр хэн хэн Хятадад дагаар орох байр суурьтай байсан бэ?

-1900 онд Богд гэгээнтэн Оросын эзэн баатар Цагаан хаанаас мөнгө гуйх нэрийн дор “Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлмээр байна, тусална уу” гэсэн хүсэлтийг нууцаар илгээсэн байдаг. Богд гэгээний нууц элч төлөөлөгчдийн нэг нь Шанзавын яамны тэргүүн түшмэл Бадамдорж, нөгөөх нь хутагтын сойвон Цэрэн-Осор лам. 1911 онд Манжаас салж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээх үндэсний тэмцэлд ч Бадамдорж өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн. Хожим Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байхдаа 1919 онд Хятадад дагаар орох бичигт гарын үсэг зурсан тухай дээр ярьсан. Уг бичигт Засгийн газрын бүх сайдууд гарын үсэг зурсан гэдэг юм.

-Бадамдоржийг авлига авдгаараа зартай байсан гэх нь бий. Авлига ихэссэн, төрд зүтгэсэн ноёд мөнгөнд дуртай болсон нь тусгаар тогтнолоо алдах гол шалтгаануудын нэг байсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Энэ үед “Богц богц мөнгөөр Богдоо худалдсан сайдууд гуай. Дэнс дэнс мөнгөөр дээдсээ худалдсан сайдууд гуай” гэсэн үгтэй дуу хүртэл гарч байсан. Тодорхой үндэслэл байсан учраас л ийм дуу гарсан байж таарна. Өөрөөр хэлбэл мөнгөнд дуртай ноёд, түшмэд цөөнгүй байсан хэрэг л дээ.

-Монголын автономит засгийг устгасныг нотолсон Хятадын ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосон генерал Сюй Шү Жан яаж яваад Монголтой холбогдов, ямар үзэл, байр суурьтай хүн байв?

-Автономи хэмээх үгийг хэрэглэхгүй байх нь зөв байх. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол Улсын Засгийн газар үргэлжлэн оршиж байсан юм шүү. Гадаадын үг хэллэг хэрэглэх нь гадаад улс, гүрнүүдийн нүдээр өөрийн түүхийг харж, тэдний хүссэнээр өөрийн тусгаар тогтнон оршиж байснаа үгүйсгэсэн хандлага юм. Тиймээс би хувьдаа Автономит Монгол гэсэн нэрийг хэрэглэх дургүй. Эл үед Богд хаантай Монгол Улсын Засгийн газар оршиж байсан нь бодит зүйл. Хятадын цэргийн эрхтэн генерал Сюй-Шү-Жан 1919 оны зургадугаар сард Хятадын баруун хойд хязгаарыг тохинуулах сайдаар томилогдож, Нийслэл Хүрээнд ирээд Монголын Засгийн газраас засгийн эрхийг хүчээр булаасан.

-Богдын засгийг унагаахын эсрэг тэмцэж явсан ноёдын түүхээр ярилцлагаа үргэлжлүүлье. Тэдний хувь заяа хэрхсэн бол?

-Богд хаан Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай байсан. Барон Унгернтэй холбогдсон учраас Гамингийн шоронд тавь гаруй хоног хоригдож байлаа. Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар ван Магсаржав, гүн Жамьян, Гомбо –Идшин, бэйс Лувсанжанцан, бэйс Магсаржав, Дара эх лам Чойжинжанцан нарыг хятадууд баривчлан гамингийн шоронд хорьж, Манлай ван Дамдинсүрэн босоогоороо нас барсан гэдэг. Богд хаан хийгээд эдгээр ноёд, түшмэдийг гамингийн гараас Барон Унгерн чөлөөлсөн нь мөн л түүхэн үнэн.

-Монгол Улс автономит байгаагүй, Хятадад дагаар орох бичгийг Богд хаан эцэслэн батламжлаагүй учраас тусгаар тогтнолоо алдсан гэхэд хэцүү гэсэн утгатай үгийг та сая хэллээ. Гэхдээ л манай улс тухайн үед тусгаар тогтнолоо зурвас хугацаанд алдсан нь гашуун ч гэлээ бодитой үнэн шүү дээ…?

-Хэлэхэд хүнд байгаа ч 1919 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 1921 оны хоёрдугаар сар хүртэлх зурвас хугацаанд тусгаар тогтнолоо алдаж байсан гашуун түүх бий. Эл зурвас үед хятадуудын монголчуудыг дарлан зовоох хэрээс хэтэрч, хаа сайгүй хараа, хяналт, дарамтанд орж, их зовлон амсаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг мэдэрч байсан гэдгийг Магсар хурц бичсэн байдаг.

-Ер нь 1919 оноос өмнө ба хойно Монголын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлсөн оролдлогуудаас онцлооч гэвэл та ямар үйл явдлуудыг нэрлэх вэ?

-Бидний түүх бол тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцлийн түүх шүү дээ, тэр чигээрээ. 1911 онд монголчууд Манжийн эрхшээлээс салж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олсон. Богд Монгол Улсын эзэн хааны ширээнд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд суугаад маргааш нь Манжийн Засгийн газарт бичиг явуулж, “Бид өмнө байгуулсан холбоотны гэрээнээс гарч өөрийн төр улсаа сэргээн газар нутагтаа эзэн суулаа. Үүнээс хойш хоёр улсын хооронд найрсаг харилцаа тогтооё” хэмээсэн түүхтэй. Харин Монгол тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш гурав хоногийн дараа Манжийн эзэн хаан суудлаас бууж, улмаар шинэ тутам байгуулагдсан Дундад Иргэн Улс Манжийн төрийг өвлөн авахыг санаархах болсон. Өөрөөр хэлбэл Манжийн эрхшээлд байсан бүхэн Дундад Иргэн улсын эрхшээлд багтах учиртай, Монгол тусгаар тогтнох учиргүй хэмээн шууд Богд хаанд элдэвээр нөлөөлөхийг оролдсон юм. Дундад иргэн улсын ерөнхийлөгч Юан Ши Кай Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтын нэр дээр ирүүлсэн удаа дараагийн цахилгаандаа Богдыг айлган сүрдүүлэх, хахуулдах зэргээр хичээн оролдсон ч Богд Монголынхоо тусгаар тогтнол, бие даасан байдлыг тууштай хамгаалж, өөрийн байр сууриндаа хатуу зогсож чадсан юм. Ингэж тэмцсэний үр дүнд 1912 оны арваннэгдүгээр сард Орос Монголын хооронд гэрээ байгуулж, Оросын эзэнт гүрнээр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн. Харин Оросын Засгийн газар Япон улстай байгуулсан нууц гэрээ ёсоор Монгол гэдэг нэрийн дор зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаарын нутгийг багтааж, Өвөр Монголыг Монголын Засгийн газарт оруулахгүй байх бодлого баримталсан юм.

-Манжийн эрхшээлээс гарсан цаг руу оръё?

-Энэ бол тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө олж авсан, 1911 оны түүхэн үйл явдал гарцаагүй мөн. Монгол үндэстэн багаар бодоход 150 гаруй жилийн дараа, ихээр бодвол 1636 онд Өмнөд Монгол Манжид дагаар орсоноос хойш 275 жилийн дараа үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо сэргээсэн хэрэг шүү дээ. Тиймээс 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Нийслэл Хүрээнд монголчууд хар шар, ар, өвөр, барга, урианхай, буриад гээд нийт монгол овогтоны төлөөлөл оролцсон томоохон төрийн ёслол болсон юм. Энэ өдөр настан буурлууд магнай тэнийтэл баярлан нүдэндээ баярын нулимстай байсан талаар гадна дотны хүмүүсийн эх сурвалжид бичсэн байдаг. Агуу түүхтэй үндэстэн доройтож, тусгаар тогтнол, төр улсын эрхээ алдсан үе байсан учраас ингэж баярлах нь аргагүй л дээ. Өнөөгийн монголчууд тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөнийхээ үнэ цэнийг ч мэдрэхгүй шахам болсон шиг байна. Өвөр Монголоос ирсэн нэгэн хүн “Дархан Монголдоо ирэхэд ямар сайхан юм бэ, та нар чинь бүгд нар өөд харж, толгой дээгүүр явах юм” гэж хэлж байна. “Та нар яаж явдаг болж байна” гэсэн чинь “Бид нар дандаа газар харж явдаг юмаа” гэж билээ. Нэгийг бодогдуулахаар л үг.

-Хүрээний төв талбайд Богдыг хаан ширээнд залах ёслол баяр хөөрөөр дүүрэн болсон гэдэг шүү. Яагаад ч юм тусгаар тогтнолоо олж авсан тэр үеийн монголчуудын мэдрэмж, ой санамж өнөө цагт арилсан юм шиг санагддаг…?

-Энэ өдөр буюу одоогоос зуу гаруй жилийн тэртээ өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсны баяраа хийсэн байдаг юм. Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол сая таны хэлсэнчлэн Хүрээний төв талбайд болсон л доо. Бидний ой санамж ажиллахгүй болсноос болоод зуун жилийн өмнөх бүү хэл хэдхэн жилийн өмнөхөө ч санахгүй юм уу, санахыг хүсэхгүй болсон шиг анзаарагддаг. Монголчууд зуу гаруй жилийн тэртээ үндэстнээрээ ингэж хөдөлсөн шүү гэж хэлмээр, сануулмаар санагддаг. Яг тэр үеийнх шиг үндэстнээрээ баярласантай арай дөхүү үйл явдал гэвэл олимпийн аваргатай болсон өдөр. Бүгдээрээ гудамжинд гарч баярлацгаасан. Үндэстэн өөрийгөө таньж, бие биеэ ойлгох учиртай. Үндэстэн өөрийгөө хамгаалах чадвар, үндэсний дархлаа бидэнд чухал байна.

-Чухам яагаад бидний ой санамж ажиллахаа байчихав аа?

-Асуудал энд л байгаа юм. Ой санамж гэдэг бол тэр үндэстний түүх шүү дээ. Бидний ой санамж хэзээнээс ажиллахаа байчихав гэдгийг бодох хэрэгтэй. Хүний тархи ажиллахгүй бол хүн хэн ч биш болно. Өнгөрснөө санахгүй бол тэр хүн хэн ч биш. Үндэстэн өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол мөхөх аюултай. Тийм аюул бидэнд тулгарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.

-Тэгвэл хэзээнээс бид ийм байдалд хүрэв? Шалтгаан нь юу вэ?

-Эргээд түүхээ нэг харъя. Үндсэндээ монголчууд бид гурван зуун орчим жил гадны нөлөөнд хүчтэй автаж байсан. Манжийн эрхшээл, Оросын гэдэг юмуу социализмын үзэл суртлын нөлөөн дор байлаа.Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүйгээр ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэсэн. Энэ бол 1911 он. Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзсэн. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдсан. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэсэн. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгасан. Бүгд ёсоор болсон. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгасан нь бас энэ үеийн түүх. Мөн л ёсоор болсон. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээсэн юм.

1919 онд түүхэнд сургамж үлдээсэн үйл явдал болсон юм. Энэ үйл явдлыг та бид хоёр ярианыхаа эхэнд онцолсон. Сюй генералын цэрэг улааны үзлийн аюулаас хамгаалах нэрийдлээр Хүрээнд орж ирж төрийн эрхийг цэргийн хүчээр айлган байж булаан авсан түүхтэй. Богд хаан ганцаар эсэргүүцээд нэмэр болоогүй хүчинд автсан л даа. Харин тусгаар тогтнолыг маань цуцалсан бичгийг Богд хаан батламжлаагүй гэдгийг дахин онцолъё. Ердөө хэдхэн сарын дараа Богд хаан зүүн хилээр Барон Унгернийг урьж залан Монголд оруулсан юм. Барон Унгерний орос, монгол, япон зэрэг олон үндэстэний цэргүүд Сюй генералын арван мянган хүнтэй армийг Хүрээнээс үлдэн хөөж, Богд гэгээнтэнийг Монгол Улсын эзэн хааны ширээнд дахин залсан түүхтэй.

1920 –иод он гарахад Богд хааныг хэрэггүй гэж үзсэн. Ардын Засгийн газрын шийдвэрээр монголчууд овог хэрэглэж болохгүй болсон. Монголд гадны үзэл суртал, тодруулж хэлбэл улаан коммунизмын үзэл хүч түрэн орж ирсэн л дээ. Монголоо гэсэн үндэсний үзэлтнүүд, тухайлбал, Ерөнхий сайд Бодоо нэг жил хүрэхгүй хугацааны дараа цаазлуулсныг бид мэднэ. Жанжин Данзан хоёр гуравхан жилийн дараа буудуулсан. Богд хаан 1924 онд цаг бусыг үзүүлсэн. Чингисийн алтан ургийн ноёд цугаараа алга болсныг мөн л бүгдээрээ мэднэ. Бурханы шашны номтой лам нарыг хөнөөсөн. 1930-аад онд бүр хэдэн арван мянгаар нь цаазалсан гашуун түүх өнгөрсөнд бий. Ийм явдал Орост ч яг адилхан болсон. Үндсэндээ Орост болж байсан бүхэн Монголд давтагдсан юм. Энэ үед ангийн тэмцлийн онол, ангичлан ялгаварлах үзэл суртал маш хүчтэйгээр бидний тархинд суусан л даа Өөр бас бус шалтгаан бий байх, гэвч энэ бол нэг үндсэн шалтгаан нь.

– Түүх ямар үүрэгтэй байдаг вэ, зарим хүмүүс түүх рүү их хандаж зууралдах нь уруудахын шинж гэж ярьдаг?

-Түүх гэдэг бол чиглүүлэгчийн үүрэгтэй. Түүх бол үндэстний хувьд уламжлал болгон авч явдаг чиглүүлэгч. Тиймээс үндэстэн улсын хувьд түүхээ мэдэх явдал онц чухал. Хэрэв та монгол бол эх түүхээ заавал мэдэж байх учиртай. Ямар учгаар Монголтой холбогдсоноо мэдэж байх нь монгол хүн бүрийн үүрэг. Бидний бусдаас ялгарах онцлог бол ерөөсөө л энэ. Түүхээ мэдэхгүй байх нь үндэстэн сөнөх аюулыг дагуулдаг. Түүхийн талаар ингэж ярьдаг хүмүүс түүхгүй л ард түмэн байх. Түүнээс бус Английн хатан хаан, Японы эзэн хаан гээд үзвэл бараг л биеэрээ түүх, уламжлалаа тээж яваа хэрэг биз дээ.

-Түүхийг жаахан урагшлуулъя. Монгол, Хятад, Оросын гурван улсын Хиагтын хэлэлцээрээр тусгаар тогтнолын статусыг эвдэж Хятадын автономит улс болгосон. Хиагтын хэлэлцээрт Монголын удирдагчид ямар байр суурь барьж, хэн нь юу гэж ярьж байсан нь өнөөдөр олон хүнд сонин санагдах байх…?

-Хиагтын гурван улсын гэрээнд Монголын Засгийн газрын бүрэн эрх барих сайдаар Дотоод яамны тэргүүн сайд Да лам Дашжав, Сангийн яамны тэргүүн сайд Г.Чагдаржав нар томилогдсон юм. Харин хэлэлцээрийн явцад тусгаар тогтнолын төлөө тууштай зогсож, өөрийн байр сууринаас ухрахгүй байсан тул Да лам Дашжавыг “улс төрийн талаар мөчид” хэмээн буцааж, оронд нь Шүүх яамны дэд сайд, эрдэнэ жонон бэйс Ширнэндамдинг Богд хааны зарлигаар томилсон байдаг. Өөрөөр хэлбэл Ширнэндамдин, Чагдаржав нар албан ёсоор Монголын Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхтэй байж, Хиагтын гэрээнд гарын үсэг зурсан. Харин Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Б.Цэрэндорж, Удай ноён, Жигжиджав, Манлай ван Дамдинсүрэн, Ж.Цэвээн, Цогт Бадамжав, Санжмятав гүн, Цэнд гүн нар багтсан байдаг.

Ерөнхийдөө, 1911-1919 он хүртэл Монгол бие даан оршиж байсан хэмээн үзэх нь зүйтэй гэсэн саналтай байдаг, тиймээс элдэв автономит хэмээх нэр зүүхийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Харин Өвөр Монголын тухайд бол Монголын хил хязгаараас тусдаа байх асуудал Хиагтын гэрээгээр нэгэнт тогтсон хэрэг байсан. Үүнийг зөвшөөрөхгүй хэмээн Шударга баатар Бавуужав “Өвөр монголчууд бид чинь үнсэнд хаясан шалз шиг болно” хэмээн босон харайж тэмцсээр дууссан түүхтэй.

-Түүхч, улстөрчид монголчуудын тусгаар тогтнолын төлөөх төдийгөөс өдий хүртэлх тэмцлийн цор ганц зорилго нь гуравдагч хөрштэй болох хүсэл байсан гэж хардаг.Энэ хүсэл хэзээ биелсэн гэж та хардаг вэ?

1912 оны Орос Монголын гэрээний дараа Монгол Улсын Засгийн газраас АНУ, Англи, Дани, Япон зэрэг дэлхийн есөн гүрэнд хандан нот бичиг илгээж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулсан Монгол Улсын Засгийн газартай харилцаа тогтоохыг хүссэн юм. Үүгээр одоо бидний яриад байгаа гурав дахь хөршийн бодлогын эх үүсвэр тавигдсан хэмээн үзэж болох байх. 1923 онд МАН-ын их хурлаас баталсан Эдийн засгийн үндсэн бодлого хэмээх баримт бичигт Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлохдоо дээр дурьдсан улсуудтай харилцахаар тогтоосон байдаг. Хожим 1994 онд Гадаад бодлогын үзэл баримтлалд гурав дахь хөршийн бодлогыг мөн иймэрхүү агуулгаар тодорхойлсон хэмээн бид ойлгодог. Энэ бол хоёр хөршийн дунд орших манай Монгол Улсын гадаад бодлогын үндсэн чиг баримтлал. Гэхдээ эхний ээлжид хоёр хөршийн харилцаа, түүний дараа гурав дахь хөршийн харилцаа орж буй байх.

-ХХ зууны Монголын түүхийн гол сургамж юу вэ?

Уг нь бид бол нэгдмэл улс шүү дээ, нэг түүхтэй, нэг бурханы шашин давамгайлсан соёл, уламжлалтай. Тийм болохоор улс үндэстнийхээ хөрс сууринд таарч нийцсэн бодлого явуулах нь чухал гэдгийг хэлмээр байна. Хөрснөөсөө тасарч явахаар таарахгүй, өөр хоорондоо заавал эсрэг тэсрэг болох нь жам шүү дээ. Өнөөгийн Монголыг сэндвич гэж барууныхан нэрлэдэг. Орос, Хятадын дундах жийргэвч гэсэн үг байх. Үнэндээ 1911 оны дараахь Монгол ийм геополитикийн байрлалд тогтсон хэрэг. Өөрөөр хэлбэл Орос, Хятадын ашиг сонирхлын уулзвар дээр Монголын тусгаар тогтнол тогтож ирсэн байх. Монголчууд бидний тусгаар тогтнох, улс үндсээ гэсэн сэтгэл, тэмүүлэл, тэмцэл нэн тэргүүнд байсан нь гарцаагүй л дээ. Гэвч бидний оршин тогтноход олон хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг байнга бодож, түүхээсээ сурч, мэдэж байх нь чухал юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *