Энэ удаагийн “Багш” буландаа өнгөрөгч 2017 оны хавар шинээр ашиглалтад орж сурагчдаа хүлээж авсан Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн физикийн багш Ч.Баттуулыг урьж ярилцлаа.
-Таны хувьд багш мэргэжлээр хичнээн жил ажиллав. Яагаад багш гэх мэргэжлийг сонгох болсон бэ. Ажил мэргэжлийнхээ сайн сайхнаас хуваалцаач?
-Би физик гэх сонирхолтой хичээлийн багш болоод зургаа дахь хавраа үдэж байна. Анх Хэнтий аймгийн дунд сургуульд суралцаж байхдаа л багш болно гэж зорилго тавьж шалгалтандаа бэлдэж байлаа. Зорилгодоо ч хүрсэн. МУБИС-ийн Физик математик хосолсон ангийг сонгосноор миний багш болох үүд нээгдсэн. Харин ажлын гараагаа Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулиас эхэлж өдгөө 127 дугаар сургуульд багшилж байна. Манай сургууль өнгөрсөн 2017 оны хавар дөрөвдүгээр сард шинээр ашиглалтад орж будаг нь ханхалсан шинэ сургуульдаа хүүхдүүдээ хүлээн авч хичээлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Дээр хэлсэнчлэн багш болно гэдэг миний хүсэж мөрөөдөж ирсэн ажил. Гэхдээ хариуцлага үүрээд хүүхдэд хичээл ойлгуулна гэдэг чадвар шаардах ажил. Хичээлийн танхимд янз бүрийн ааш авиртай, өөр өөр орчинд өссөн 35-40 хүүхэд бий. Хэрэв чи багшийн ажилд орсон л бол тэдгээр хүүхдүүдийн цагийг хий дэмий юм уу, ямар нэгэн байдлаар ойлгомжгүй, эргэлзээ төрүүлж болохгүйгээр хичээлээ заах ёстой. ХХI зуунд цаг хугацаа бол алт. Цагийг маш зөв зохистой зарцуулж байж л тэр хүүхдийн сэтгэхүйд юм үлдээх болно. Ер нь бидний мэргэжил нийгмийн сэтгэлгээнд өндөр ёс зүйг үлдээж байдаг юм болов уу гэж хардаг. Би ч мөн адил сурагч байх үеийнхээ багш, сурган хүмүүжүүлэгчдийн зан авир, хэл яриа, үйл хөдлөл багшийн гаргаж байгаа үйлдэл бүрийг харж ажиглаж, бас даган дуурайж ирсэн. Тийм болохоор миний ажил хүүхдийн ирээдүйг чиглүүлж өгөх “гүүр” гэдэг утгаараа өндөр хариуцлага, тэр хэмжээний ёс суртахууныг надаас нэхнэ. Гэхдээ заасан хичээлийнхээ үр дүнг мэдэрч сурагчдынхаа их, бага гэлтгүй өсөн дээшилж байгаа амжилтыг харах багш хүний хамгийн сайхан мэдрэмж. Хичээлийн төгсгөлд сурагчийн нүднээс эргэлзээ тээнэгэлзэл тодрохгүй байвал тэр хичээлийн үр дүн сайн болжээ гэж ойлгох жишээний. Гэхдээ бүх хичээл төгс байна ч гэж юу байхав. Зарим үед эргэлзсэн нүднүүд өөдөөс ширтэж байх тохиолдол ч бий. Харин тэр өдрийн Таталцлын хүч ч гэдэг юм уу, эсвэл Цахилгаан соронзон орон ч гэдэг юм уу энэ бүлэг сэдвийг сурагчид ойлгосонгүй гэдгийг мэдэрвэл тухайн бүлгээ эхнээс нь нягтлан хичээлийн хөтөлбөрүүдээ засаад сэлбээд, сайжруулаад явах нь хамгийн чухал.
-Физикийн хичээлийг хэрхэн сонирхолтой заах вэ. Энэ төрлийн хичээлийг лаборатори болон ямар бааз дээр түшиглэн явуулдаг талаар уншигчдад сонирхуулаач?
-“Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй” гэж үг байдаг даа. Үүнтэй адил сурагч болгон онц сурна ч гэдэг юм уу, муу дүн авч болохгүй гэх ойлголт нь бас өрөөсгөл. Тийм болохоор суралцагчдын түвшинг бага, дунд, ахлах гэсэн түвшинээр нь ялган хичээл тус бүрийг төлөвлөх нь маш чухал. Ер нь физик гэдэг маань бидний хүрээлэн байгаа орчин, тэдний учир зүйн холбоо. Тэгэхээр хичээлээ амьдрал дээр байдаг физик үзэгдэл дээр тулгуурлан орвол илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Жишээ нь, та яг одоо таталцалын хүч үйлчилж байгаа учраас сонин уншаад сууж чадаж байна ч гэдэг юм уу, эсвэл машин явж байгаа нь бүгд үрэлтийн хүчнээс хамаарч байгаач гэдэг юм уу. Гэхдээ энэ бүхнийг лабораторийн аргаар сурагчдын хажууд нь тайлбарлаж өгвөл үр дүн нь бүр илүү нэмэгдэх нь ойлгомжтой. Харин манай орны хувьд гадны өндөр хөгжилтэй орнууд шиг олон төрлийн багаж хэрэгсэл олдох нь ховор. Ялангуяа манай сургууль шиг захын гэр хорооллын шинээр нээгдсэн сургуульд багаж тоног төхөөрөмж нь ирэх нь ховор. Ирсэн ч дор хаяж хоёр, гурван жилээс наашгүй.
-Таны хичээлээ заах гол арга чинь юу вэ. Мөн сурагчдыг хичээлдээ сонирхолтой болгох талаас нь яаж анхаардаг вэ?
-Хичээл заана гэдэг хэдэн томьёо теором эрээчиж, онолын өгүүлбэр хуулуулахыг хэлэхгүй байх аа. Миний бодлоор одооны эцэг эхчүүд амьдрахын эрхэнд өглөө гараад орой орж ирж байна. Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ яг тулж ярилцаад амьдралын хатуу үнэн, болох болохгүй зүйл, цаашлаад биеэ хэрхэн авч явах гэх мэт амьдралд хандах хандлага, хүмүүстэй харилцах харьцаанаас авахуулаад одоогийн хүүхдүүдэд тулгамдаад буй асуудлуудыг аль болохоор өөрийнхөө мэдэх, чадах хэмжээндээ хэлж өгч байна. Тодруулбал, хүүхдийг сурган хүмүүмүүлэх тал дээр нь эхлээд түлхүү анхаарч байж цаашлаад хүүхдүүдэд онол, парактик заах ёстой юм болов уу. “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэгчлэн сурагчдыг “Чи чадахгүй байна. Чи сурахгүй байна.” гэхээсээ илүү яавал чадаж болох вэ, ингэж хийвэл үүний учир амархан тайлагдана гэдэг хандлагаар хичээлээ заахыг эрмэлздэг. Энэ үүднээсээ би “Хавтас” аяныг тав дахь жилдээ хичээлдээ хэрэгжүүлж байна. “Хавтас” аяны зорилго бол хүүхдүүдийг хооронд нь өрсөлдөөн бий болгох зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчдын дунд өрсөлдөөн би болгосноор хичээл хийх идэвх нэмэгдэнэ. Идэвх нэмэгдэхээр дагаад чанар сайжирна. Давхардсан тоогоор 1876 сурагчид энэхүү “Хавтас” аянд хамрагдсан байна.
Хичээлийн идэвх оролцоо 15-25 хувиар нэмэгддэг болох нь дээрх таван жилийн хугацаанд мэдрэгдсэн. Энэхүү сайн туршлагыг 6-12 дугаар анги буюу дунд бүлгээс сургууль төгстөл нь хэрэгжүүлэх боломжтой. Хавтасны өнгийг та сурагчдын сонирхлоор сонгож болно. Багшийн анхааралд явцын онооны даалгаврыг ээлжит хичээл тус бүр дээр тодорхой бэлдэж өгөх шаардлагатай. Дээрээс нь дэвтрийг стандартын дагуу хавтаслаад сурчих нь.
-Таны бодлоор физикийн хичээл хүний амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Биднийг хүрээлэн буй бүх л зүйлс тэр чигтээ физик шинж чанарт байдаг. Энэхүү учир шалтгааныг сурагчид хичээл дээрээ мэдээд авчихвал багш бид нарыг ажлын амжилт гэж дүгнэж болно.
-Жил ирэх бүр нарийн мэргэжил үнэ цэнтэй болж байна. Физикийн хичээл бол нарийн мэргэжил сонгох суурийн нэг мөн үү. Та багшийн хувьд энэ төрлийн мэргэжлийн онцлог, давуу талыг хэлэхгүй юу?
-Физик орохгүй нарийн мэргэжил тун ховор. Ихэнх нарийн мэргэжилүүдэд физикийн хичээл давхар орно. Физикийн хичээлээр ЭЕШ өгч мэргэжил сонгосон бол тухайн мэргэжил танаас өндөр хариуцлага, ёс зүй шаарддаг. Физикийн хичээлээр ЭЕШ өгснөөр Батлан хамгаалах сургууль, Хууль сахиулах сургууль, Шинжлэх ухаан технологийн Их сургууль, Төмөр замын их сургууль гэх мэт сургуулиудад элсэн орох боломжтой. Тийм учир одоо хүртэл физикийн хичээлээр ЭЕШ өгөх сурагчдын тоо буурахгүй хэвээр байна.
-Энэ мэргэжлийг сонгон суралцах гэж байгаа хүүхдүүд болон түүний эцэг, эхэд өгөх зөвлөгөө…?
-Суурь боловсролын үед буюу дунд сургуульдаа ирээдүйд хэн болох, цаашлаад ямар ямар хичээлүүдийг дагнан судлах вэ гэдгээ эхлээд сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгж байж л таны хүүхэд, та ирээдүйд сайн боловсон хүчин болж эх орныхоо ирээдүйг бүтээлцэх хүчирхэг хувь хүн болон төлөвших болов уу. Улс орны хөгжлийг урагшаа татах хүмүүс бол инженер сэтгэлгээнд суурилсан бүтээн байгуулалт байдаг. Тийм болохоор нарийн мэргэжлийг сонгох, ингэхэд физикийн хичээл үүний нэгд орох нь дамжиггүй юм.