“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт” гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хэлснээр, “Өнөөдөр дэлхий даяар ядуурал, өлсгөлөнг бууруулах нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлага болж хөгжиж буй улс орнуудад тохиолдож буй хүн ам, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор ирэх 30 жилд мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ 70 орчим хувиар нэмэгдэх хандлагатай байгаа”. Иймээс дэлхий нийтээрээ мал аж ахуйн салбарын тогтвортой үйлдвэрлэл, өсөлтийг бий болгон түүний байгалийн нөөцийн үр бүтээмжтэй ашиглалтыг дэмжих замаар тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж байна.
Монгол Улсын хувьд нийт газар нутгийн 73.5 хувь буюу 114.9 сая га талбайг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53.9 хувь нь ажиллаж байна. Энэ салбар жилдээ ДНБ-ий 31.2 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 7.4 их наяд төгрөг эргэлдэж байна. Тэр дундаа 2017 оны байдлаар мал аж ахуйн салбарт 343.7 мянган тонн мах, 891.5 мянган тонн сүү, 29.1 мянган тонн ноос, 9.4 мянган тонн ноолуур, 14 сая ширхэг арьс шир үйлдвэрлэжээ.
Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий гэж олон улс болон дотоодын шинжээчид дүгнэжээ. Монгол Улс жилдээ 26 сая тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулж байна. Үүнийг хувиар илэрхийлж, салбараар авч үзвэл, 64 хувийг эрчим хүч, тээврийн салбар, 29 хувийг ХАА, 6,2 хувийг аж үйлдвэрийн салбар ялгаруулж байна гэдгийг Монголын эрдэмтэд тогтоосон. Уг статистикаас харахад, хөдөө аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөд тэргүүлэх үр дагавар үзүүлж байна. Тиймээс малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулж зохистой түвшинд барих нь шаардлагатай гэхчлэн салбар хуралдаанаар хэлэлцэж байна.
Хөгжингүй орнуудын зүгээс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицоход нь зориулж, хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулна гэдгээ тус хурлын үеэр илэрхийлсэн байдаг. Энэ утгаараа уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж, улмаар тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэхдээ манай улс дэмжлэг, санхүүжилт авч болох юм байна.
Монголд анх удаа зохион байгуулж буй энэхүү олон улсын уулзалт “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн энэ сарын 15-нд өндөрлөнө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, ХХААХҮЯ болон түүний харьяа мал аж ахуйн асуудал хариуцсан холбогдох албаны хүмүүс, мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.