Categories
мэдээ нийгэм

Боловсролын хүрээлэнгийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болов

БСШУСЯ болон тус яамны харьяа байгууллагуудын хүрээнд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулдаг “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Боловсролын хүрээлэн 2018 оны зургадугаар сарын 8-нд зохион байгууллаа.
Боловсролын хүрээлэн нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, туршлага, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг байгууллага юм.
Тус хүрээлэнгийн захирал доктор /Ph.D/ М.Итгэл байгууллагынхаа талаар сонирхолтой илтгэлийг танилцуулав. Түүний илтгэлд “Бид хэн байв?”, “Бид хэн байгаа”, Бид хэн болох вэ?” гэсэн он цагийн хэлхээсээр Боловсролын хүрээлэнгийн өнгөрсөн, одоо, ирээдүйг томьёолон гаргасан байна.
Мөн тус хүрээлэнгийн дэд захирал доктор (Ph.D), дэд профессор Р.Нямцэрэн “Боловсролын хүрээлэнгийн стратеги төлөвлөгөө /2018-2022/, түүний хэрэгжилтийн байдал” сэдэвт илтгэл танилцуулав. Уг илтгэлд PDСI загвар ашиглан стратегийн төлөвлөгөөндөө тусгасан 6 зорилго, 23 зорилт, 88 үйл ажиллагааг үнэлэх аргачлал боловсруулан, төлөвлөлтийн шатны ажлаа үнэлж, үр дүнг танилцуулсан нь сонирхолтой байлаа.
Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор С.Санжаабадам “Боловсролын хүрээлэнгийн 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан”-г танилцуулсан. Уг тайлангаас өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад тус хүрээлэнгийн сургалт сурталчилгааны ажилд хамрагдсан хүний тоо нэлээд нэмэгдсэн; бүтээгдэхүүний тоо цөөрсөн хэдий ч чанарт нэлээд ахиц гарсан байгаа нь харагдаж байлаа.
Уг үйл ажиллагааны хүрээнд Боловсролын хүрээлэнгийн хамт олон бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. Уг үзэсгэлэнд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд, хэвлэмэл сурах бичиг, гарын авлагууд, ЕБС-ийн сурах бичигт багш нараас санал авч буй цахим программ, хилийн чанадад амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд зориулсан “Монгол хэл, соёлын цахим сурах бичиг” зэрэг бүтээлүүд тавигдсан байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *