Categories
мэдээ нийгэм

“Өгөөмөр өдөр” өдөрлөгт нэгдээрэй

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Энэ сарын есний өдөр “Өгөөмөр өдөр”-ийг төлөвлөн хийхээр болжээ. Өдөрлөгт оролцох хүмүүс өөрсдийн хэрэглэхээ больсон эд зүйлсээ хямд борлуулж, бусдад бэлэглэж болох аж. Цэвэрхэн хэрэглэсэн хувцас, тоглоом, тавилга, ахуйн хэрэгсэл юу ч байсан болох юм. Хэрэгтэй нэгэн нь эдгээр зүйлсийг хямд худалдан аваад, хэрэглэх нь экологийн хувьд ээлтэй, эд зүйлсийн хэрэглэх хугацааг уртасгах нь хог хаягдлыг ч бууруулах зорилготойг зохион байгуулагчид цохон хэлэв. Уг өдөрлөгийг Нийслэлийн захирагчийн алба, Хоггүй Монгол төрийн бус байгууллага, Одонтой ээжүүд груп хамтран хийж байгаа юм. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе!” уриатай хуучин эд зүйлсээ худалдах солилцох, үнэгүй өгөх “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөг 2018 оны зургадугаар сарын 9-ний бямба гарагт 11-17 цагийн хооронд Улаанбаатар хотын есөн дүүргийн иргэд олноор цугладаг газар зохиохоор болжээ. Үүнд харъяа нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд олон нийтийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс хүсэж байгаа юм. Дүүрэг, хороодын засаг дарга нар болон холбогдох хүмүүсийг хамтран зохион байгуулж оролцохыг тэдний зүгээс хүсэв. Байгууллагууд ажилчдынхаа эд зүйлсийг цуглуулан ажлын байр байрлах дүүргийн Өгөөмөр өдөр болох талбайд аваачин өгөх боломжтой. Мөн хувь хүн өөрөө очиж амжихгүй ч хуучин эд зүйлээ өгөхийг хүсвэл харъяа хорооны ажилчдад хандах хэрэгтэй. Өдөрлөг болох байршлууд нь:

Баянзүрх дүүрэг: 55 дугаар сургуулийн гадаа талбай

Баянгол дүүрэг: Байгаль эх цогцолбор

Сонгинохайрхан дүүрэг: Дүүргийн Засаг даргын тамгын газрын өмнөх талбай

Сүхбаатар дүүрэг: Ерөнхий боловсролын III сургуулийн гадаа талбай

Хан-Уул дүүрэг: Ажилчны алдар талбайд

Чингэлтэй дүүрэг: Барилгачдын талбай

Багануур дүүрэг: Д.Нацагдоржийн талбай

Налайх дүүрэг: Соёлын ордны хоёрдугаар давхар

Багахангай дүүрэг: Дүүргийн гадна талбай гэсэн байршлуудыг тогтоожээ.

Одонтой ээжүүд групын төлөөлөл А.Мягмардолжин хэлэхдээ “Манай груп 2016 оноос “Солилцох өдөр”-ийг зохиож ирсэн. Жилд нэг удаа групын хэмжээнд томоор зохион байгуулдаг. Сард нэг удаа хэсэг бүлгээр, хороо дүүргээрээ нийлэн хийдэг. Үүний ач холбогдол нь айл бүрт хэрэглэдэггүй хэрнээ хаяж болдоггүй эд зүйлс байдаг. Энэ зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь хямд үнээр өгч солилцох нь өөрт болон бусдад их ач холбогдолтой. Ээжүүдийгээ энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцохыг уриалж байна. Ээжүүд гэрт хаана юу байгааг бүгдийг мэддэг. Юу нь хэрэглэгддэг, юу нь хэрэглэгддэггүйг зөвхөн ээжүүд л мэднэ. Мөн хүүхдүүдтэйгээ хамтраад хүүхдийнхээ тоглохоо больсон тоглоом, өмсөхөө больсон хувцсыг ялгуулаад цэвэрлүүд оролцоорой. Хүүхдүүдэд энэ ажиллагаа ямар ашигтай вэ гэхээр өөрийнхөө эд зүйлсийг гамтай хэрэглэснээр эргүүлээд үнэ хүрдэг, зарж болдог гэдгийг ойлгоно. Нэг оролцоод мэдэрсэн хүүхэд дараагийн удаа өөрийн юмандаа гамтай ханддаг, хайрладаг, цэвэрхэн хэрэглэдэг болдог. Илүү гамтай хэрэглэснээр өндөр үнэд хүрч болохыг ч мэдэрдэг тул юмандаа гамтай хайртай нэгэн болж төлөвшдөг юм шүү” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *