Categories
мэдээ цаг-үе

Монголбанк арилжааны банкуудад хариуцлага тооцож эхэллээ

Өчигдөр Монголбанкнаас нэгэн сонирхолтой мэдээлэл хийлээ. Монголбанкныхны үзэж буйгаар сүүлийн үед УИХ дээр шуурхай горимоор хэлэлцэгдэж байгаа Банкны дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн талаар санаатай, санаандгүй худал мэдээ мэдээллийн хэрэгслээр түгж байгаа гэнэ. Тус хууль зургаан бүлэг, 16 зүйлтэй. Гэхдээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Хуулийн агуулга арилжааны банкуудын чанар буурсан зээл болох 510 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийг банкууд өөрсдөө ирэх оноос өмнө бүрдүүлнэ. Хэрэв бүрдүүлэхгүй бол төр оролцож банкны хөрөнгө оруулагчдын хувийг эзэмших замаар тус хөрөнгийг босгож банкинд менежмэнт хийнэ. Мэдээж ямар банкны хөрөнгө оруулагч энэ бүхнийг хүсэхгүй тийм учраас энэ хэмжээний хөрөнгийг банкууд ирэх он гэхэд босгож амжина. Энэ нь тус хууль хэрэгжихгүй гэсэн таамаг мэргэжилтнүүдэд төрүүлж байгаа аж. Харин хуулийг УИХ-ын гишүүд банкны эрсдэлийн хамгаалагч гэж үзэж байгаа гэнэ. Тэдний үзэж буйгаар гал хамгаалагч шатахгүй байж болно. Гэхдээ шатсан тохиолдолд өмнө банк, Хадгаламж зээлийн хоршоо дампуурсан үе шиг үймж бужигнахгүй асуудлыг шийдэх гарц гэнэ. Энэ нь төв банкнаас арилжааны банкуудтай хариуцлага тооцох анхны хууль зүйн орчин аж. Энэ хуулиар иргэдийн банкинд хадгалуулсан мөнгө эрсдэлээс баталгаатай аврагдахаас гадна, олон нийт болон олон улсын санхүүгийн байгууллагуудын Монголын банкуудад итгэх итгэлийг сэргээнэ.

Дээрх хуулийн талаар Монголбанкны Хууль эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.


-Монголбанкнаас сүүлийн үед ямар бодлого хэрэгжүүлж байна?

-Монголбанкнаас “Банкны эрх зүйн шинэчлэл” нэртэй хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь банкуудын эрх зүйн орчинг өнөөгийн нөхцөлд нийцүүлэх, олон улсын стандартад хүргэх зорилго агуулж байна.

-Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Монголын банкны системд хуулиар зохицуулах олон шинэ харилцаа үүссэн. Гэтэл тэдгээрийг зохицуулах эрх зүйн орчин алга. Тиймээс Монголбанкнаас дээрх харилцааг зохицуулах зорилгоор арав гаруй хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөсөн.

-Яг ямар хуулиудад өөрчлөлт орж байгаа вэ?

-Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиудад оруулсан. Одоо Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хууль УИХ дээр яригдаж байна.

-Банкны дахин хөрөнгөжүүлэлт гэдэг нь юу вэ?

-Банк үйл ажиллагаа хэвийн явуулахын тулд банкууд өөрсдөө санхүүгийн найдвартай эх үүсвэртэй байж олны итгэлийг хүлээнэ.

-Энэ санхүүгийн чадавхыг юугаар хэмжих вэ?

-Банкууд өөрсдөө эрсдэлээ хариуцах хэмжээний хөрөнгөтэй байх ёстой. Банк олон нийтээс хөрөнгө татаж зээл олгож байдаг. Энэ зээл чанаргүйтвэл банк тэр эрсдэлийг өөрийн хөрөнгөөр нөхөх чадвартай байх ёстой. Олон нийтээс татсан хөрөнгөө хэр сайн менежмэнт хийх чадвараар банкны чадавхыг хэмждэг.

-Энэ чадвар алдагдвал ямар аюул дагуулах вэ?

-Үйлчлүүлэгчдийн итгэлийг алдана. Мөн санхүүгийн томоохон асуудал үүснэ. Гадны нөлөөнөөс эсвэл банкны удирдлагын алдаатай бодлогоос шалтгаалж эрсдэл үүсч болно. Энэ тохиолдолд банкинд нэг удаагийн тусламж үзүүлээд эргээд авч болдог. Олон улсын туршлага байдаг. Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн хууль ийм зорилго агуулж байгаа юм.

-Анх удаа банкуудад олон улсын стандартын дагуу активын чанарын үнэлгээ хийсэн үү?

-Тэгсэн. Өнгөрсөн онд анх удаа арилжааны банкуудын активт олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлээ. Гэхдээ энэ үнэлгээг Монголбанк, ОУВС хийгээгүй, дэлхийд алдартай олон улсын дөрвөн мэргэжлийн байгууллагын нэгээр нь хийлгэсэн.

-Монголбанк өөрөө хийх боломжгүй юу?

-Боломжтой. Гэхдээ ОУВС олон нийтэд илүү итгэлтэй байх зорилгоор олон улсын нэр хүндтэй, мэргэжлийн байгууллагаар хийлгэхийг зөвлөсөн.

-Монголбанк арилжааны банкуудын байдлыг мэдэж байсан уу?

-Арилжааны банкуудын активын үнэлгээний дүн Монголбанкны төсөөлөлтэй адил гарсан.

-Үнэлгээний дүн яаж гарсан бэ?

-Нийт банкны системд 510 гаруй тэрбум төгрөгийн дутагдаж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ энэ хэмжээний хөрөнгө нийт банкны системд нөлөөлөхөөр дүн биш л дээ.

-Яагаад?

-Цаашид бүтцийн өөрчлөлт хийгээд, маш сайн банкуудтай байхын тулд арилжааны банкууд энэ хэмжээний хөрөнгийг босгох хэрэгтэй байгаа юм. Гэхдээ одоо бол ямар нэгэн эрсдэл үүсээгүй байгаа.

-Үүсвэл яах вэ?

-Арилжааны банкуудад зургаан сарын хугацаа олгосон. 2019 он гарахад банкууд дутагдаж болзошгүй хөрөнгөө босгосон байх ёстой.

-Эс чадвал?

-Төр тухайн хөрөнгийг нөхөж менежмэнтийг хариуцна.

-510 гаруй тэрбум төгрөгийн хэмжээг хаанаас тогтоосон бэ?

-Банкууд иргэдээс 15 орчим тэрбум, бусад эх үүсвэрээс 20 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Энэ мөнгийг эрсдэлийн удирдлага хийж бусдад зээлдүүлж байгаа. Харин зээлд эрсдэл учирвал банк өөрийн хөрөнгөөр хаах ёстой.

-Банкны өөрийн хөрөнгө гэдэг нь…

-Хөрөнгө оруулалт хийж банк байгуулсан хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө. Тухайн банк өөрийн эрсдэлийн сантай. Активын чанарын үнэлгээгээр нийт банкуудын олгосон зээлийн чанар буурсан байна. Гэхдээ чанаргүй зээл гэсэн үг биш шүү. Энэ чанар буурсан зээлийн хэмжээ нь 510 гаруй гаруй тэрбум төгрөг байгаа юм.

-Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн хууль батлагдсан ч ирэх он гартал хэрэгжихгүй гэж ойлгож болох уу?

-Тийм. Арилжааны банкууд ирэх он гарахаас өмнө дутагдаж болзошгүй хөрөнгөө босгочихвол энэ хууль үйлчлэх шаардлага байхгүй. Бидний тооцоогоор банкууд энэ хэмжээний мөнгийг босгочих байх.

-Хууль ямар хугацаанд хүчинтэй байх бол?

-Таван жил болох болов уу?

-Нийт банкны системийн олгосон зээл хэд вэ?

-28 гаруй их наяд төгрөг байгаа.

-Олгосон зээлийнхээ хүүгээр дутагдсан хөрөнгөө нөхчих боломжтой байхад заавал хууль гаргах хэрэг байна уу?

-Энэ хууль маань банкууд товлосон хугацаанд, тогтоосон хэмжээний хөрөнгийг бүрдүүлээгүй тохиолдолд л үйлчилнэ. Өөрөөр хэлбэл дутагдаж болзошгүй хөрөнгийг босгохгүй бол хариуцлага тооцох хуулийн эрх зүйг бүрдүүлж байгаа юм. Манай Үндсэн хуулиар хувийн өмчид зөвхөн хуулиар төр халдах тухай заалт бий.

-Тэгээд хууль гаргаж хувийн банкинд халдана гэсэн үг үү?

-Үгүй ээ. Банкууд хүний мөнгийг эрсдэлд оруулсан тохиолдолд өөрийн хөрөнгөнөөс гаргуулах тухай асуудал. Банкууд иргэдээс болон бусад эх үүсвэрээс мөнгө татахдаа “өсгөж өгнө” гэсэн амлалтаар авдаг биз дээ. Дараа нь “таны мөнгө” шатчихлаа” гэж болохгүй. Тийм учраас банкны хөрөнгө оруулагчийн өмчид халдаж байгаа харагдавч, нөгөө талдаа итгэж мөнгөө хадгалуулсан олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэг төрд бий.

-УИХ хэр дэмжих бол?

-Ойлгож байгаа. Энэ хуулийг тэд гал хамгаалагч юм байна гэж ярьж байгаа. Гал хамгаалагч шатахгүй бол сайн. Шатвал тухайн үед үймж сандрах хэрэггүй. Бэлэн зохицуулалттай. Буух эзэнтэй. Буцах хаягтай байх нь зөв гэж ярьж байсан.

-Олон улсын ийм туршлага байна уу?

-1997 оны Азийн хямралаар олон Засгийн газрууд ийм арга хэрэгжүүлсэн байдаг. Япон, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг орнууд ямар ч хуульгүйгээр хэдхэн хоногийн дотор шийдвэр гаргаад банкууддаа хөрөнгө оруулалт хийгээд менежмэнтийг авчихсан.

-Үр дүн?

-Шууд хувийн компанийн хувьцааг худалдаж аваад менежмэнт хийгээд банкуудыг босгочихсон. Зарим Засгийн оруулсан хөрөнгөө өсгөж авсан байдаг. Банкууд ч боссон банкинд мөнгөө хадгалуулагчид хохироогүй. Бид энэ бүхний нарийн судалсны үндсэн дээр энэ хуулийн төслийг боловсруулсан.

-Зарим мэдээллийн хэрэгслээр төрөөс банкуудад мөнгө өгсөн, жил бүр мөнгө өгөх тухай мэдээлэл гарсан.

-Одоогоор нэг ч мөнгө банкуудад өгөөгүй. Энэ хууль хэрэгжвэл ирэх оноос хэрэгжинэ. Бидний төсөөллөөр бараг хэрэгжихгүй байх. Гал хамгаалагч шатна гэж таамаглах хэрэггүй. Шатахгүй байх.

-Банкууд хувьцаа гаргаж болох уу?

-Болно.

-Гадны этгээд банкинд хөрөнгө оруулж болох уу?

-Хуулийн хүрээнд олсон хөрөнгөөр банкинд хэн ч хөрөнгө оруулж болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *