Categories
мэдээ спорт

Увсын улсын цолтнууд Монгол туургатны наадамд зодоглосонгүй

Түрүү бөх улсын гарьд Б.Гончигдамба

Монгол туургатны их наадмыг Монголын Үндэсний бөхийн холбоо, Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээ, “Хамаг монгол” студи, “Малчин” телевиз хамтарч Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Наадмын үеэр монгол бөх, буриад, өмнөд монгол бөхийн барилдаанууд болж тус бүрт нь 128 бөх зодоглосон юм. Монгол туургатны наадамд Өмнөд монгол, Буриад, Тувагаас бөхчүүд ирж хүч үзлээ. Энэ жилийн наадамд Халимаг улсаас хараахан бөх ирж амжсангүй.

Монгол туургатны их баяр наадмын барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар барилдах болов уу гэсэн хүлээлт бөх сонирхогчдын дунд байсан. Эдгээр хүчтэнүүдийн зураг барилдааны зарлалын хуудсан дээр байсан ч ирж зодоглосонгүй. Уг нь долоохон хоногийн өмнө Л.Чинбат тэргүүнтэй холбооноос зохион байгуулсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар барилдсан. Энэ удаа Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй холбоо зохион байгуулсан барилдаанд Увсын улсын цолтой бөхчүүдээс нэг нь ч барилдсангүй. Цэнгэлдэхэд ч харагдсангүй. Харин тус наадамд хоёр удаа түрүүлж байсан улсын аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нар үзэгчдийн суудлаас барилдааныг анхааралтай ажиглаж “Бөх билэгт”-ийн дэвжээний бөхчүүдээ дэмжиж сууна лээ.Халх бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Д.Баасандорж нараар ахлуулсан хүчит 128 бөх барилдав. Энэ барилдаанд Монгол Улсаас 96, зочин 32 бөх бүртгүүлжээ. Монгол туургатны барилдаанд барьц сонгох дүрмийг хэрэгжүүлсэнгүй. Барилдааны зүүний манлай улсын аварга Г.Эрхэмбаяр гурвын даваанд улсын начин Б.Шоовдорын хүү аймгийн хурц арслан Дарханбатыг амлаж барилдсан ч хашиж мордуулаад өвдөг шороодов. Мөн дагавар магнай улсын заан Д.Баасандорж аймгийн арслан Б.Суманчулууныг амлаж барилдаад тахим буулгав. Энэ барилдааны түрүү бөхөөр нэрлэгдэж байсан аралтай начин Б.Амарзаяа аймгийн арслан Т.Пүрэвсүрэнг амлаж барилдаад дийлсэнгүй. Гурвын даваанд улсын начин Л.Лха-Очир, Д.Анар тунаж барилдаад Завханы начин давхар шуудагны барьцнаас бусгаж тохойлдуулаад, өөрөө суучихав. Энэ барилдааныг хажуухнаас нь харсан хөлийн цэцүүд Д.Анарыг давуулахад үзэгчдийн суудлаас барилдааныг үзсэн аварга Ч.Санжаадамба “Ийм тодорхой барилдааныг ингэж буруу шийдээд байгаа юм аа” гэж халаглаж суув. Аварга барилдааны шүүлтэд камерийн тусламж зайлшгүй хэрэгтэй байгааг онцолно лээ.

Оноолтын давааны онцлох барилдаан нь улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Т.Пүрэвсүрэн нарын хооронд өрнөсөн. Барьц сонгох дүрэмгүй явагдсан барилдаанд хоёр бөх баруун, зүүн давхар золгоог 10 гаруй удаа халалцсаны эцэст харцага харшиж мордоод шөвгийн наймд шалгарсан юм.

Тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамба Ш.Дарханбатыг амлаж барилдаад орхисон бол Архангайн М.Бадарч харцага Өмнөдхангайн Х.Гантулгыг илүүрхэж их шөвөгт үлдсэн. Харин харцага Б.Бат-Өлзий өмнөх даваанд хүнд барилдаан хийсэн ч өсөх идэр начин Э.Энхбатыг аргалж бэлтгэл сайтай байгаагаа харуулсан юм. Энэ давааны дундуур зочин 32 бөхийн барилдааны түрүү байрын төлөө Тувагийн Очиржав Буриадын Магсар нар хүч үзэж Тува барилдааны аварга Очиржав давж халх барилдааны их шөвөгт орж барилдах эрхээ өмнөдтөлсөн юм. Барилдааныг зохион байгуулагчид зочин бөхчүүддээ боломж олгож хооронд барилдуулж аваргыг нь их Монголын бөхчүүдтэй барилдуулсан.

Зургаагийн даваанд Б.Гончигдамба гарьд Тувагийн аварга Очиржавд ямар ч боломж олгосонгүй. Бариа зөрүүн дээр тахимдаад тэнгэр харуулав. Тунасан хоёр барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий М.Бадарчийг зүүн золгооноос мушгиад даваа авав. Удахгүй болох улсын наадмын тавын даваанд тунаад барилдаж мэдэх л хоёр доо.

Түрүү байрын төлөөх барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба Б.Бат-Өлзийг зүүн талдаа шахаж татаад анх удаа Монгол туургатны барилдаанд түрүүлсэн юм.

Буриад бөхийн түрүү аймгийн арслан Т.Бэгзсүрэн

ӨМНӨД МОНГОЛЧУУД ТҮРҮҮГЭЭ АЛДСАНГҮЙ

Өмнөд монгол бөхийн барилдаанд 128 бөх зодоглож Өмнөд монголын Шулуунцагаан хошууны аварга Бүрэнсайн долоо даван түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн. Барилдааны их шөвөгт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Б.Баянмөнх нар шалгарсан юм. Үзэгчид Өмнөд монголын үнэн хүчит аварга Д.Баярбаатарын барилдахыг хүлээж байсан ч энэ наадамд зодоглосонгүй. Өмнөд монголын өөр нэг хүчит аварга Алтансүх дөрвийн даваанд улсын начин Б.Бат-эрдэнэд өвдөг шороодож барилдаанаа өндөрлүүлнэ лээ. Өмнөд монголын 512 бөхийн барилдааны түрүү бөхөөр хоёр удаа тодорч байсан тэрээр “Монгол туургатны наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Түрүүлэх зорилготой ирсэн ч бага яарч алдаа гаргаад уначихлаа. Дараагийн удаа монголчуудыгаа баярлуулж сайхан барилдана” гэж ярьсан юм. Алтансүх чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль зүүж байсан юм. Өмнөд монгол барилдаанд Монгол Улсаас аймгийн арслан А.Давааням, Х.Цогтгэрэл, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл нар сайн барилдаж дөрөв давсан. Хөлд хүрэхэд унасан тооцдог дүрэмтэй Өмнөд монгол бөхөөр монгол бөхчүүд барилдахад хүндрэлтэй байгаа нь харагдсан юм. Тэд хутгаа, хавираа, этээ зэрэг мэхүүдийг гаргууд сайн хийж гол өрсөлдөгчидөө давж байсан юм.

Буриад бөхийн үзүүр
сумын заан Б.Өлзийсайхан

“ИРЭЭДҮЙ АВАРГА” ШАГНАЛЫН ЭЗЭН БУРИАД БАРИЛДААНААР АВАРГА БОЛОВ

Төв цэнгэлдэхэд цугларсан олны сонирхлыг хамгийн ихээр татсан нь буриад барилдааны төрөл байсан. Дээгүүрээ нүцгэн, гар газарт хүрэхэд л ялагдах дүрэмтэй барилдаанд Буриад болон Тувагаас чөлөөт бөхийн тамирчид ирж зодоглосон нь өрсөлдөөнийг ширүүн болгож өгсөн. Бөх сонирхогчдын хүлээдэг уран дайчин, шуурхай барилдаанууд энд л гарсан даа.

Монголоос улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Б.Сугаржаргал, Д.Амарсайхан, Ч.Хөхчирэнгэр нарын зэрэг бөхчүүд барилдаж Завхан аймгийн Отгон сумын харьяат “Ирээдүйн аварга шагналын эзэн” аймгийн арслан түрүүлж Т.Бэгзсүрэн түрүүлж, Өмнөдхангай аймгийн харьяат сумын заан Б.Өлзийсайхан үзүүрлэсэн. Барилдааны нэгийн даваанд тамирын өмд, пүүзтэй төдийлөн олны танил биш намхан, туранхай бор залуу буриад барилдаанд зодоглохоор гарч ирэхэд үзэгчид амны хүүхэд гэж л харж байлаа. Гэсэн ч өнөөх залуу “бөх морь хоёр жижигддэггүй” жишээг харуулж арал бяртай өрсөлдөгчидөө арга, мэхээр ялж энэ өдрийн үзүүр бөхөөр шалгарсан юм. Тэрээр үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баярсайханы удирдлагад бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль зүүж байсан өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын нэг юм.

Буриад барилдааны их шөвөгт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн арслан Ц.Сандагдорж нар шалгарсан. Дээгүүр барилдах боломжтой чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер аймгийн хурц арслан Н.Золбоо хоёрын даваанд аймгийн арслан Э.Мөнхбаатарт өвдөг шороодож таавар будлиулсан. Энэ даваанд дээш барилдах боломжтой улсын начин Ч.Хөхчирэнгэр, Б.Сугаржаргал нар унаж барилдаанаа дуусгасан.

Энэ үеэр наадмын зохион байгуулагчид үзэгчдээс азтан тодруулж “Приус 30” маркийн төмөр хүлгээр байлсан. Азтан шалгаруулах сугалааг Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Өмнөд монголын аварга Д.Баярбаатар нар сугалж Баянхонгор аймгийн харьяат Т.Нямдэлгэр хэмээх залуу тодорсон юм. Тэрээр “Энэ барилдааныг үзэх үү, болих уу гэж эргэлзэж байгаад л найзтайгаа ирсэн. Автобусаар ирээд автомашин хожоод гэртээ харих боллоо баяртай байна” гэж хэлээд шинэхэн төмөр хүлэгтээ аваргуудыг суулгаад Төв цэнгэлдэх хүрээлэнг нар зөв тойрч наадамчидтай мэндчилсэн юм.

Монгол туургатны барилдааны түрүү бөхийг гурван сая төгрөгөөр байлсан бол үзүүр бөхийг нэг сая таван зуун мянга, их шөвөгт шалгарсан бөхийг 800 мянган төгрөгөөр шагнасан юм. Цэнгэлдэхэд цугларсан олон барилдааны дараа “Улсын арслан П.Бүрэнтөгсийн зоримог, Н.Батсуурийн сийрэгхэн, улсын харцага Т.Баасанхүүгийн уран, хурц барилдаан үгүйлэгдлээ ”гэж өөр хоорондоо ярилцана лээ.

О.НЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *