“Урагшаа Торара урагшаа” хүүхэлдэйн кинон дээр туулай, үхэр зусаг, зараа, алтан загас хамт аж төрж, ярилцаж байгааг харж болно. Харин амьдрал дээр амьтад ярилцдаг болов уу, ярилцдаг бол юу ярьж болох талаар сонирхсон юм. “Пеппа торой” хүүхэлдэйн кинон дээр бол аав ээж гахай, Пеппа, Жорж хэмээх торойнуудтайгаа ярихгүй юм алга. Харин бодит байдал дээр амьтдын хооронд баялаг агуулгатай яриа өрнөдөг гэж үү?
АНУ-ын Калифорнийн их сургуулийн Жудит Берг гэгч Сан-Диегогийн амьтны хүрээлэнд заануудын дуу дуугаа авалцахыг хэдэн жилийн турш судалжээ. Дууны утгыг ойролцоогоор мэдэж авахын тулд найман эм заан, нэг эр зааны дууг байнга соронзон хальсанд бичиж, судалсан байна. Үр дүнд нь заанууд нийтдээ арван янзаар дуу авиа гаргаж байгааг тогтоожээ. Тэдгээр нь анхаарал татах, түгшүүр зарлах, идэшлэхийг дуудах, уурлах гэх мэт утга агуулж байв. Заанууд амгалан амьтад учраас “хов базах”-гүй, дов тойрсон хэрүүл хийдэггүй байх л даа. 1989 онд хэвлэгдсэн “Ертөнцийн гайхамшигт сонин” хэмээх номд энэ судалгааны тухай өгүүлсэн байна лээ.
Мич буюу шимпанзег “амьд”-аар нь харах боломж Оросын цирк Монголд ирэх үеэр тохиосон юм. Лола хэмээх шимпанзег сургагчтай уулзахаар циркийн нэг өрөөнд орчуулагч дагуулан очлоо. Амьтан сургагчаас сонирхсон асуултандаа хариулт авахаар хэсэг саатах зуур Лола надад таагүй хандаж байгааг анзаарав. “Лола надад дургүй байна уу даа” гэж лавлахад маань амьтан сургагч “Өрөөнд байгаа эрчүүд чамд анхаарал хандуулахаар дургүйцэж байгаа юм” хэмээн тайлбарласан. Мэдээж амьтан сургагчаас юм асууна, орчуулагч яриаг нь орчуулж таарна. Ингээд л хөөрхий Лолад өөр нэг эм хүйстэнээс эрчүүдээ харамлах мэдрэмж төрсөн хэрэг. Эмэгчин шимпанзе харин эрэгтэй орчуулагчид тун ч таатай хандаж байсан агаад биднийг өрөөнд ормогц үсэрч очоод хоёр ч удаа зуураад авсаныг яана. Хүн, мич хоёр хэл нэвтрэлцэхгүй ч ойлголцож болдог л юм байна лээ.
И.Акимушкин гэж хүний “Байгалийн сонин хачин” хэмээх номыг олон хүн сонирхож уншсан нь лав. Энэ номд сармагчинг сургаж, гайхалтай асрагч болгосон тухай өгүүлжээ. Саажилттай Уильям Пауэллийг хачирхалтай асрагч болох сармагчин Кристл асардаг ажээ. Сэтгэл зүйч Мэри Уиллард энэ сармагчинг зэрлэг амьтны хувьд амаргүй ажилд сургажээ. Онцгой аргаар хийсэн бэлтгэл сургууль бүтэн жил үргэлжилсэн байна. Дараа нь сармагчинг өвчтөнийд суулгажээ. Кристл асруулагчийнхаа дохиогоор ном, сонин авчирч өгч, гэрлийг нь асааж унтраан, хаалга онгойлгох зэргээр олон тусламж үзүүлдэг байв. Тэр ч байтугай пянз тоглуулагчийг залгаж, пянзуудыг сольж тоглуулахын зэрэгцээ өвчтөнийг халбагаар хооллож байжээ.
Өөр нэг сайн сурагч бол Өмнөд Америкийн нэгэн ферм дээр сургасан Ала нэртэй нохой толгойт сармагчин байлаа. Тэрбээр маш сайн малчин болжээ. Сармагчин эхлээд ямааны хашаанд амьдарч, сүрэгтэйгээ ижилдэн дассан байна. Ямаан сүрэг бэлчээрт гарахад хамт явна. Тэр сүргийг бусад ямаатай нийлэхээс хамгаалж, тарвал бөөгнүүлж, орой хотлуулдаг байв. Сайн малч нохойноос ч лут амьтан байж. Тэрбээр ямаа, ишигнүүдийг андахгүй. Нэг удаа мань сармагчин бэлчээр дээрээс орилсоор иржээ. Гэтэл хоёр ишиг бэлчээрт гаргалгүй хашаанд нь үлдээчихсэн байв. Сүрэгт нь 80 ямаа байсан ч хоёр ишиг байхгүйг Ала анзаарчээ. Нялх ишиг эцэж ядарвал үүрч яваад, майлж буй эхийнх нь дэлэн доогуур шургуулж өгнө. Ала эндүүрч ишгийг өөр эхэд хүргэж өгнө гэж үгүй. Ишиг сүүгээ бүгдийг шавхаж чадалгүй цадчихвал ямааны дэлэнг зангируулахгүйн тулд чинэрсэн эсэхийг нь барилж үзээд өөрөө хөхчихнө.
Үүрэг даалгаврыг биелүүлэх өндөр хариуцлага өөр бусад сармагчинд ч байдаг нь анзаарагджээ. Зарим шимпанзе өмнө нь тавьсан зорилгыг биелүүлж хүчрэхгүй бол сэтгэл санаагаар унаж, мэдрэлийн хямралд орж байжээ. Хүнтэй огт төсгүй ч ухаант амьтдын дунд рейтинг өндөртэй өөр нэг амьтны тухай “Телеграф” өгүүлснийг одоо хүргэе.
Далайн гахай яг л хүн шиг хоорондоо ярилцдаг байж болох тухай эрдэмтэд баталж байна. Эрдэмтэд усан доорх амьтдын дуу хоолойг ялган бичиж авдаг микрофон бүтээн, түүнийхээ тусламжтайгаар далайн гахайны харилцан яриаг бичиж авчээ. Сүүн тэжээлтэн амьтад шогшрох, исгэрэх зэрэг өвөрмөц авиагаар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг болохыг эрдэмтэд нээгээд удаж байна. Далайн гахайнууд гаргаж байгаа авианыхаа өндөр нам болон давтамжийг өөрчилж, бие даасан үгсийг өгүүлбэр болгодог болохыг эрдэмтэд нээсэн нь энэ юм. Украины Феодосиа хотын Карадаг хэмээх байгалийн нөөц газрын эрдэмтэд Яаша, Яана нэртэй хоёр далайн гахайн усан сан дахь “яриаг” бичиж авчээ. Тэд нэгнийхээ хэмнэлттэй өгүүлбэрийг таслалгүй сонссоны дараагаар хариулж байсан гэнэ. Энэхүү судалгааг тэргүүлж буй Доктор Вячеслав Рябов хэлэхдээ “Тэдний энэхүү харилцан яриа нь хүнийхтэй тун төстэй. Далайн гахайны гаргаж буй авианы хэмнэл бүр нь өөр бөгөөд нэг хэмнэл нь тэдний хэлэн дэх нэг авиа, эсвэл нэг үг болов уу гэж бид таамаглаж байна. Бидний туршилтын үеэр бичиж авсан хэд хэдэн хэмнэлийг харахад далайн гахайнууд ээлжлэн өгүүлбэр хэлж, нэгнийгээ “ярьж” байхад саад болохгүй, сонсож байсан. Үүнээс үндэслээд далайн гахай нь нэгнийхээ яриаг сонсож дуусаад “ярьдаг” гэж хэлж болно. Хүний харилцан ярианы гол онцлогууд далайн гахайн хэлэнд илэрч байгаа нь тэднийг өндөр оюуны чадамжтай амьтад болохыг харуулж буй. Иймээс далайн гахайн хэл нь хүнийхтэй адил өндөр хөгжсөн байж болох юм” хэмээн тайлбарлажээ.
Эрдэмтдийн судалснаар Яаша, Яана хоёр дээд тал нь тав хүртэлх үг бүхий өгүүлбэр зохиож байжээ. Энэхүү судалгаагаар далайн гахай нь өөрсдийн гэсэн хэлээр ярьдаг болох нь гарцаагүй болсон бөгөөд одоо хэрхэн тэдэнтэй шууд харилцах талаар бодож эхлэх нь зүйтэй хэмээн Доктор Рябов үзэж байна.
“Хүмүүс бид эх дэлхийнхээ анхны оюун ухаант амьтантай харилцаа тогтоох эхний алхмаа хийх хэрэгтэй. Үүний тулд бид хүн болон далайн гахайн хоорондын харилцаанд саад болж буй хэлний асуудлыг шийдэх төхөөрөмж бүтээх шаардлагатай болж байна” хэмээн тэрээр нэмж хэлсэн юм. 2007 онд Австралийн эрдэмтэд “Би энд байна. Бусад маань хаана байна?”, “Хурдлаарай”, “Тэнд идэх юм байна” гэх зэргээр орчуулагдаж болох хэд хэдэн исгэрээг тодорхойлсон байдаг. Мөн далайн гахайнууд сэлүүрээ ашиглаж нэг төрлийн дохионы хэлээр хоорондоо харилцдаг байна. Өөрөөр хэлбэл хүмүүс яриандаа биеийн хөдөлгөөнөө ашигладаг шиг л тэд ч мөн сэлүүр, их биеэ ашиглаж буйг ажиглажээ.
Энэ жилийн эхээр Флорида дахь хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар далайн гахайнууд хүнд даалгавар гүйцэтгэх үедээ асуудлыг шийдэх хамгийн боломжит хувилбарыг хайж байгаа мэт хоорондоо харилцах нь ихэсдэг болохыг харуулжээ.
Б.Эгшиглэн
One reply on “Амьтад ярилцдаг болов уу?”
Баярлалаа