Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас XVI зууны Беларусийн их соён гэгээрүүлэгч, энэрэнгүй үзэлтэн, анагаах ухааны доктор, зохиолч, орчуулагч, зураач, дорно дахины хамгийн анхны хэвлэлийг үндэслэгч Франциск Лукич Скорины бүтээлийн цоморлиг 21 боть номыг Монголын Үндэсний номын санд хүлээлгэн өглөө.
Эдгээр боть нь Беларусь, Орос, Украин, Герман болон бусад орны номын сан, мэдээллийн төвүүдэд Беларусь улсыг давтагдашгүй соёл, баялаг түүхтэй орон гэдгийг танилцуулж байдгийг Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной хэллээ. Тэрбээр хэлэхдээ, “2017 онд Буларусь улсад ном хэвлэлийн 500 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Франциск Скорины номын өвийг сэргээх төслийг хэрэгжүүлэгчид энэхүү 21 ботийг хэвлэн гаргасан. Эдгээр боть нь ном хэвлэлийн түүхийн илэрхийлэл төдийгүй, беларусийн ард түмний соёлын өвийн үнэ цэнэ, түүх, соёл судлалын суурь эх үүсвэр болж байна. Өнгөрсөн жил Беларусь улсын Боловсролын яамыг төлөөлж Монгол Улсын БСШУСЯ-тай соёлын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байсан. Энэ хүрээнд хоёр улсын Үндэсний номын сангийн хамтын ажиллагаа багтсан. Тиймээс цаашид хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихөд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэхүү үйл ажиллагааг тохиолдуулан Монголын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд Беларусийн холбогдолтой түүх, уран зохиолын дээжсээр үзэсгэлэн гаргасан байв. Энэ үеэр Беларусийн ЭСЯ-ны зочид төлөөлөгчид уг үзэсгэлэнг сонирхохын зэрэгцээ Үнэт ховор номын дээжистэй танилцсан юм.