Энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон гэх дуудлагыг тавдугаар сарын 22-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан байдаг. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т) иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, гурван жил мал маллаж байсан О (13 настай, эрэгтэй) алга болсон байна.
Энэ сарын 23-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн таван алба хаагч, сумын цагдаагийн хэсгийн нэг алба хаагч, нийт зургаан хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр тус багийн “Бумбат” ууланд, Хараа голоос Бороогийн гол хүртэл нийт 86 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Гэвч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:15 цагт ажиллагааг зогсоожээ.
Дахин энэ сарын 26-ны өдрийн 18:30 цагт тус сум дахь Цагдаагийн хэсгийн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн таван албан хаагч, ар гэрийн хоёр хүн, нийт долоон хүн, нэг автомашинтайгаар “Дожоо булангийн тохой” гэдэг газраас эхлэн хайв. “Найрамдал” гэдэг газар хүртэл нийт 18 км-т “Хараа” голын эргийн дагуу эрлийн ажиллагааг хийжээ. Мөн үр дүнд хүрээгүй тул 21:11 цаг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.