Categories
мэдээ соёл-урлаг

​Ц.Энхманлай: Бие биенээ 30 жил хүндлэж, хайрлах challenge-ийг хийж чадсан болохоор өдийг хүртэл хамт байгаа

“Алдрын од” одонт Харанга хамтлагийн 30 жилийн ой ирэх жил тохионо. Тэд 30 жилийн ойгоо хоёр өдөр тоглолт хийгээд өнгөрөөхийг хүссэнгүй. Ирэх сарын 8-9-нд “Хайрла” нэртэй тоглолт ойг угтсан эхний арга хэмжээ юм. Тэд цуврал зургаан тоглолт тавих төлөвлөгөөтэй аж. Удахгүй болох тоглолтын талаар хамтлагийн ахлагч Ц.Энхманлайтай ярилцлаа.

-Юуны өмнө 30 жилийн ойг угтсан эхний тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Тоглолтын нэрийг яагаад “Хайрла” гэж нэрлэсэн бэ?

-Одоогийн нийгэмд сөрөг комментууд их болж. Сошиал ертөнцөөр хэн нэгэн Олимп, тив дэлхийгээс эх орноо төлөөлөөд медаль аваад ирсэн пост орвол бүгд тэр хүнийг мэддэг юм шиг бөөн сөрөг коммент. Өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэл дуулдах болж. Харангын дуунуудын ихэнх нь хайрын дуу. Сөрөг нийгмийг бага боловч гэрэлтүүлэхийн тулд бид “Хайрлая challenge”-ийг эхлүүлж байгаа. Гэр бүл, үр хүүхэд, байгаль дэлхий өөрт байгаа бүхнээ хайрла гэдэг үүднээс “Хайрла” гэж нэрлэсэн. Та бүхэн бидний challenge-ийг дэмжиж хамтран ажиллаарай.

-30 жил гэдэг урт хугацаа. Энэ хооронд бие биетэйгээ зөрчилдөх тал байв уу?

-Бид бие биенээ 30 жил хүндлэж, хайрлах challenge-ийг хийж чадсан болохоор өдийг хүртэл хамт байгаа байх. Нэг нэгнийхээ алдааг засч, байхгүйгээ нөхөж, байгаагаа дэмжиж ирсэн. Мэдээж бие биенээ хайрлаж хүндэлсэн тэр их хайраар 30 жил болсон.Тиймдээ ч одоо хүмүүсийг “Хайрлая” хэмээн уриалж байгаа юм.

-Тоглолтонд хэдэн дуу дуулах вэ. Өөр хамтлаг дуучид дуулах уу?

-Бидэнд фэн клубээс хүсэлт их ирж байгаа. Харангын дууг зөвхөн Харанга л дуулаарай. Өөр хүмүүсээр битгий дуулуулаарай гэсэн хүсэлтүүд ирсэн. Тиймээс өөр хамтлаг дуучид ирэхгүй. Бид дангаараа дуулна. Яг хэдэн дуу дуулахыг шийдээгүй байна.

-Дуунуудаа шинэчилж дуулж байгаа гэсэн. Хичнээн дуу шинэчлэгдсэн хувилбараар нь дуулах вэ?

-Хүмүүсийн зарим нь шинэчилж дуулсныг шинэ дуу гэж андуурдаг. Бид 1993-2000-аад оны хуучны дуунуудаа шинэчлэсэн. Хүмүүсийн мэддэг хэрнээ мартагдсан дуунууд байгаа. Жишээ нь “Москвагийн бороо”, “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” гэх мэт.

-Рекламан дээр явж байгаа дуу шинэчлэн дуулсан хувилбар уу?

-1997 онд анх дуулж байсан “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” дууг шинэчлэн дуулсан. Тоглолтын гол дуу.

-20 жилийн ойн тоглолтоос хойш томоохон тоглолт хийлгүй арваад жил болж. Сандрал байна уу?

-Тодорхой хэмжээгээр сандарч байна. 30 жил гэдэг богино хугацаа биш. Энэ хугацаанд алдаж оносон, өгсөж уруудсан. Гэхдээ Харанга байсаар байгаа. Байсаар ч байх болно. Бид нэг нэгнээ хэзээ ч орхиогүй, орхих ч үгүй. Энэ чинь л хамтлаг шүү дээ.

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Бэлтгэл, сургуулилтаа өдөр бүр хийж байна. Бэлтгэл ажлын явц одоогоор 65 хувьтай байна.

-Х.Булган агсны цөөнгүй дууг Харанга дуулдаг. Түүний дуунуудыг дуулах байх, төгөлдөр хуурыг өөр хүнээр орлуулах уу?

-Өөр хүнээр орлуулахгүй. Хүн гэдэг нэг юманд амархан дасчихдаг юм байна лээ. Дассан зүйлээсээ амархан сална гэж хэцүү. Х.Булган Монголын рок попын ертөнцөд шинэ өнгө нэмсэн. Харангын маш олон сайхан дуунуудыг зохиосон. “Зүүд”, “Зэрэглээ”, “Хүлээгдсэн дурлал” гэх мэт дуунууд бий. Түүнээс нь мэдээж бид дуулах болно.

-Залуу уран бүтээлчдээс та бүхний хуучин дуунуудыг сэргээн дуулах хүсэлт ирдэг үү?

-Бид нараас санал асуулгүй дуулчихдаг юм байна лээ. Cаяхан “Voice” гээд нэвтрүүлгээр манай хамтлагийн дууг дуулсан байсан. Гэхдээ яах вэ. Муу болгочихгүй бол дуулж л байг. (инээв) Зарим нь ч хүсэлт тавьдаг л юм. Сайжруулж чадаж байвал хэн дуулах нь хамаагүй ээ.(инээв)

Ярилцсанд баярлалаа. Танай хамтлагийн тоглолтод амжилт хүсье!

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *