Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлууд дахь лед дэлгэц таны уулзах цаг, харих зүгийг заана

Германд тухайн улсад анх удаа зорчиж байгаа хүн ч төөрөхөөргүй. Автобус бол Герман дахь хамгийн түгээмэл нийтийн тээврийн хэрэгсэл. Зогсоолуудад суурилуулсан тусгай төхөөрөмж нь автобус ирэх хугацааг замын ачаалал,тухайн автобусны хурдыг тооцон автоматаар харуулдаг. Хэрэв таны гар утас интернетэд холбогдсон байвал бүх мэдээлэл тэнд бий. Интернетгүй байсан ч гудамж даган алхахад хэдэн зуугаар тоологдох буудлуудын аль нэгэн дээр ирж электрон самбар дээрээс хүрэх газрынхаа маршрут, хугацааг тодорхойлох боломжтой.

Германы нийтийн тээврийн хэрэгслүүд минутаар нарийвчилсан хувиараар явдаг учраас автобус, трамвай, метроны буудлын электрон самбарын мэдээлэлд үндэслэж болзсон хүнтэйгээ хэдий хугацааны дараа уулзахыг тодорхойлох нь ч бий. Мөн гар утсанд суулгасан программаар суух болон буух буудлын хоорондох маршрут хугацааг замын түгжрэлийг тооцож автоматаар гаргаж өгдөг.

Монголд ч ялгаагүй. “Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас “Хүннү молл” худалдааны төвийн автобусны буудалд карт цэнэглэх үйлчилгээний цэгийг байгуулаад туршилтын ажлаа эхлүүлээд сарын нүүр үзэх гэж байна. Энэ цэгээс иргэд U money карт худалдан авч, цэнэглүүлэхээс гадна, лед дэлгэцээр нь тухайн буудалд ирдэг автобусны мэдээлэл, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, автобус хаана яваа, ирэх цаг минутыг нарийвчлан үзүүлэх төхөөрөмжийгсуурилуулсан. Үүнийг харсан иргэд хотын удирдлагуудад талархаж, бүх буудал хэзээ ийм болохыг хуруу даран хүлээж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Өдгөө автобусыг ухаалагжуулж бэлэн мөнгийг халж, цахим хэрэглээг бий болгосон. Улмаар тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг зэргийг мэдээллэдэг “UB Smart Bus” аппликэйшныгнийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоогоор зөвхөн аппликэйшныг татсан иргэд л зорчих автобус хаана явж байна хэзээ ирэхийг мэддэг болсон. Мэдээж энэ бол дэвшил.

Харин аппликэйшныг татаагүй иргэд автобус хэзээ ирэхийг хүлээсээр. Тэр дундаа өглөө, оройн ачааллын үеэр автобусны буудал дээр унаа ирэх зүг рүү “гөлрөн” зогсох иргэд олон. Хагас цаг боллоо, ганц ч автобус явсангүй, өгсөх, уруудах хоёр урсгалдаа. Энэ хооронд нэг, хоёроор нэмэгдсээр “болзоонд зогсох” хүний тоо нэмэгддэг нь хэвшил болсон өнөөх дүр төрх. Иймэрхүү байдлаар цаг гаруй хугацаанд хүлээж байж, хөл дүүжлэх унааны бараа харах нь олонтаа.

Жолооч нар зорчигчид автобус хүлээгээд хагас цаг болохыг юман чинээ тоодоггүй. Жолооч нар ажил, сургууль цэцэрлэгээсээ хоцорсон зорчигчдод автобус хоорондын хугацаа30 минут гэж ам тагладаг нь ч хэвшил болжээ. Үнэндээ хот доторх үндсэн чиглэлийн автобуснуудын интервалыг дунджаар 8-10 минут байхаар зохицуулсан журам бий. Эл журмаа мөрддөг бол хүмүүс хугацааг тооцоолон гэрээсээ гарч, нийтийн унааг нүдээ ширгэтэл харж, хүлээж зогсохгүй байх боломжтой. Харамсалтай нь, замын түгжрэл, жолооч нарын хэнэггүй, дураараа байдал зэргээс шалтгаалан бид хагас цаг автобус хүлээсэн ч инээгээд л өнгөрдөг болсон юм.

Харин “Хүннү молл” худалдааны төвийн автобусны буудал дээр байрлуулсан шиг лед дэлгэцийг буудал бүрт байрлуулчихвал иргэд автобус хэзээ ирэх, явахаа төвөггүйхэн харчихна. Тэр ч бүү хэл, болзох цагаа ч товлочих юм. Улмаар автобуснууд яг цаг маршрутаа мөрдөж, буудал дээр удаан зогсож иргэдийг хүлээлгэхгүй зэрэг сайн тал мундахгүй.

Туршилтын хугацаанд лед самбар иргэдийн талархлыг хүлээгээд зогсохгүй нийгэмд хүлээлт үүсгээд байна. Зөвхөн гар утасны программаас гадна гудамж даган алхахад буудлуудын аль нэгэн дээр ирж электрон самбар дээрээс хүрэх газрынхаа маршрут, хугацааг тодорхойлох боломжтой болно. Автобусны буудлууд дээр электрон мэдээллийн самбаруудыг байрлуулах ажил хэзээнээс эхлэхийг хүлээх л үлдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *