БСШУС-ын сайдын Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хүнсний бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.
-Зөв зохистой хооллолт, хоолны шим тэжээлийн талаарх мэдээллийг хүргэхгүй юу?
-Хүн амын хоол тэжээлийн байдлыг тухайн улс орны хувьд аюулгүй байдлыг шийдвэрлэх амин чухал асуудлын нэг гэж үздэг. Дэлхийн бүх улс оронд хоол, түүний шим тэжээллэг чанарыг өндөр түвшинд авч анхааран үздэг. Манай улсын хувьд хүн амынхаа хоол шим тэжээлийн асуудалд амин чухлаар анхаарал хандуулахгүй байгаа юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл иргэд нь өдөр тутмын хооллолтоо хэрхэн шийдвэрлэх вэ, юу идвэл зохистой вэ гэдгийг бүрэн мэдэхгүй эргэлзээн дунд явж байна. Өнгөцөөр өнөөдөр юу идэх вэ гэдгийг л маш их анзаарах болсон. Юу идэх вэ гэдгээ анхаарч эхэлсний гол шалтгаан нь монголчууд өнөөдөр маш их өвдөөд эхэлчихтэй холбоотой. Ээжээс эрүүл төрсөн бие өвдөнө гэдэг өөрөө шалтгаантай. Гэхдээ энэ зөвхөн бидэнд байгаа асуудал биш. Олон улс орон бидэнтэй адилхан хүндрэлтэй тулчихсан байна. Хүн амын өвчлөл, халдварын бусаар өвдөж байгаа шалтгааныг хайгаад үзэхээр шууд хоол тэжээлтэй холбоотой болж таардаг. Халдварын бус өвчлөл нийт өвчлөлийн дотор давамгай буюу түүний 80 хувь орчим нь өдөр тутмын хооллолт, шим тэжээлийн байдалтай холбоотой болох нь нэгэнт тодорхой болсон. Иймд хооллолтыг шинжлэх ухаанчаар удирдах шаардлага зүй ёсоор үүсч байгаа. Энэ үйлдлийн чухал нэг хэсэг нь хүн амд хоол шим тэжээлийн зөв мэдлэг олгох, бага наснаас нь зөв хандлага, дадал зуршилтай иргэн бий болгоход чиглэгдэх ёстой бөгөөд одоогоор манай хүмүүс чухам аль нь зөв юм, хэнд итгэх ёстой вэ гэдгээ мэдэхгүйд хүрчихсэн. Үнэндээ хоол тэжээлийн асуудал тухайн улсын хувьд ирээдүйд орших уу, эс орших уу гэдгийг шийдвэрлэх амин чухал асуудлын нэг юм. Эрүүл бус иргэдтэй улс орон хөгжил, цэцэглэлтийн тухай мөрөөдөхөөс цаашгүй, өвчин зовлон, ядуурал, ажиллах хүчний хомсдолтойгоо л зууралдана. Ийм учраас дэлхийн улсууд үүнд гойд анхаарал хандуулдаг. Үүний илрэл нь цэцэрлэг, сургуулиас эхтэй байдаг. Өдөр тутам шинэ эд, эс, үүсч, өсөн торниж байгаа хүүхдүүдийн хувьд өдөр тутмын хоол, түүгээр дамжуулан авах шим тэжээл нь тэдний насанд хүрсний дараахь эрүүл мэндийг шууд тодорхойлно гэж хэлж болно. Ийм учраас нялх, балчир үрс маань ямар хоол хүнс хэрэглэж байгаа вэ гэдэг нь төрийн, эцэг, эхийн гол анхаарал татах ёстой асуудал юм. Цэцэрлэг, сургуулиас нь эхлэн хүүхдээ зөв зохистой хооллох ажлыг системчлэн зөв зохион байгуулах, шим тэжээлийн боловсрол олгохыг дэлхийн улс орнууд өндөр ач холбогдол өгч, төрийн бодлогодоо нарийвчлан тусгасан байдаг. Үүнийгээ тэд ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт, нийгмийн халамжийн бодлогын илрэл, ядуурлыг бууруулах зөв хэлбэр гэж үздэг болсон.
-Манай улсын хувьд цэцэрлэг, сургуульд өгч буй хоол тэжээлийн байдлыг гаргасан судалгаа бий юу. Ямар түвшинд байна гэж үздэг вэ?
-Судалгаа олон байгаа. Болохгүй байгааг нь бүгд л хэлдэг, мэдэж байгаа ч гэж бодож байна. Тухайлбал, сургуульд үдийн цай өгөх зохицуулалттай ч аль хэдийн амьдрал дээр шөл, бантан өгч эхэлсэн. 86 хувь нь халуун өгч байгаа ч халуун хоол өгч буй гал тогоо, үйлчилгээний хэлбэр нь шаардлага хангахгүй тул эсрэгээрээ эрүүл ахуйн хувьд маш аюултай нөхцөл үүссэн. Аяга тавагны ариутгал асуудалтай. Хүүхдүүд аягаа цүнхэндээ хийчихсэн гүйж яваа. Ямар халдвар тархаж байгааг таашгүй. Манайхан хоолны хордлого гарчихгүй бол тоохгүй байгаа нь бодит үнэн болчихоод байна. Төр 600 төгрөгөнд хүүхдэдээ хүнсний түүхий эд худалдан авч өгөх санаатай мөнгө өгч аль эрт ашгийн хэлбэрт шилжсэн. 600 төгрөгний сургуулийн үдийн цайг түрээсэлнэ гэдэг тэнд хүн ашиг олж ажиллаж болж байна гэсэн үг. Манай улсаас өөр оронд ингэж хүүхдээрээ бизнес хийнэ гэж байхгүй байх. Түүнийг нь энэ олон жил хараад суудаг Засаг ч гэж байхгүй байх аа.
Бас хүүхдэдээ импортын хүнс өгдөг орон бараг байхгүй шүү. Энэ чинь улс орны аюулгүй байдлын асуудал юм. Учир нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг алдчихвал ирээдүйгээ алдлаа л гэсэн үг. Гэтэл манай улсад нүүдлийн мал аж ахуй, түүний сүү, эрүүл ногоо, жимс, гурил бүгд байна. Энд зохицуулалт л хэрэгтэй. Нөгөө талаар төрийн худалдан авалтыг үр дүнтэй ашиглаж дотоодын мал аж ахуй, газар тариаланг сэргээдэг тогтолцоо байдаг. Нэг килограм давсыг ч гэсэн гадаадаас биш, дотоодоос авах нь өөрийн улсдаа тустай үйл юм. Гэхдээ нэг буруу ойлголт байна. Орон нутгийн, дотоодын хүнс нийлүүлнэ гэхээр шууд л мах, сүүгээ малчнаас авна гэх ойлголт их байна. Нэг өрхийн хувьд хөдөөнөөс мах, сүүгээ авч болох ч төвлөрсөн газарт олныг хамарсан эрсдэл үүсэх аюултай(малын өвчин зэргээс шалтгаалан) тул үйлдвэрийн боловсруулалт, хяналт хийгдсэн хүнс нийлүүлэгдэх ёстой. Энэ утгаараа хүнс, хөдөө аж ахуйн салбар хөгждөг, иргэд нь найдвартай, аюулгүй хүнсээр хангагддаг. Ганцхан жишээ гэхэд манайд малаасаа зөвхөн тураг махаа ашиглаад, бусад үнэт түүхий эдээ хаяж байгаа учраас мах үнэтэй, малчин мөнгө муутай байна. Гэтэл зөв хэрэглэж чадвал дайвар эрхтэн тэр чигээрээ шим тэжээл (Nutrient) юм. Дэлүү гэхэд ямар ч төмрийн бэлдмэлээс чанартай, шимэгдэлт сайтай, аюулгүй төмрийн агууламж маш өндөр байдаг (70 хувь хол гарна). Дэлүүг ашиглаж эхэлбэл жирэмсэн ээжүүд төмрийн бэлдмэл ууж ходоодоо өвтгөх шаардлагагүй л гэсэн үг.
Өнөөдөр сургуульд бантан, гурилтай, ногоотой 200 гр шөл өгснөө халуун хоол өгч байна гэж яриад, цэцэрлэгт олгодог нэг өдрийн хүүхдийн мөнгө болох 1350 төгрөг, ерөнхий боловсролын сургуульд “Үдийн цай” хөтөлбөрт олгодог 600 төгрөгийг нэмэгдүүлчихвэл хүүхдүүд нь болчих юм шиг манайхан их ярьж байна. Үнэндээ мөнгө нэмэгдсэнээр хоолны аюулгүй байдал, шим тэжээлийн агууламж сайжирна гэдэг бараг байхгүй. Судалгаа хийж үзэхэд хоолны мөнгөний зөв зарцуулалт нэлээд асуудалтай. Бүгд нүд хуурсан бичиг цаасны бүрдүүлэлт их байдаг. Тогтолцоог зөв болгоогүй цагт нэмсэн мөнгө хүүхдийн ходоод руу орохгүй, харин хэн нэгэн хүний халаас руу орно. Өнөөдрийн байгаа хоолны мөнгө бага гэдэг нь үнэн боловч бас ч тийм бага биш. Хүмүүс ашиг шингэсэн, арилжааны хоолны үнэтэй андуурч ойлгох нь элбэг байдаг. “Үдийн цай” хөтөлбөрийг ашгийн болгож хувиргасан тогтолцоо нь өөрөө маш буруу гэж өмнө тайлбарласан. Хүүхдийн хоолыг ашгийн бус хэлбэрээр хэрэгжүүлэх ёстой. Учир нь бид хүүхдээ бодитоор хооллож, ирээдүйн эрүүл иргэнийг бий болгох гэж байгаа учраас тэр юм. Гол зорилго маань энэ, түүнээс хэлбэрдсэн нүд хуурсан байж болохгүй. Ирээдүйн эрүүл иргэн эндээс л эхтэй. Хоол нь зөвхөн ходоодны асуудал биш, зөв хүмүүжил, хүндэтгэл, талархал, сайхан сэтгэлийг төлөвшүүлдэг гэж Хоол зүйн мэргэжилтнүүд үздэг. Сургуулийн гал тогоог түрээслэх асуудал 2014 оноос нийслэл хотоос эхэлсэн юм билээ. Нийслэлээс хөдөө рүү жишиг болсон. Өдгөө “Үдийн цай” хөтөлбөрийг хувийн компанид хариуцуулаад, асуудлыг шийдээд, чих амар яваад байгаа мэт боловч үнэн чанартаа хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг гаргуунд нь тавьж байгаа гэдгээ ойлгох ёстой. Насанд хүрэгсэдийн асуудлыг энэ мэтээр шийдэж болох ч өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдээ ингэж орхиж болохгүй юм. Өнөөдрийн буруу явж ирсэн тогтолцооны уршгийг бид 10, 20, 30 жилийн дараа өөрсдийнхөө үр хүүхдийн эрүүл мэндийг золиослон байж мэдрэнэ гэж бодохоор дэндүү харамсалтай. Тэр цагт өнгөрсөн борооны хойноос цув гэдэг болчихсон байна шүү дээ. Яагаад гэвэл эрүүл мэнд гэдэг эргэж олдохгүй эд, олдох дээр тулбал асар их мөнгө шаардах болно. Түүнээс зүгээр эргэж ирэхгүй.
-Сургуулийн хоол, үдийн цайг олон улсын хэмжээнд хэрхэн өөрчлөн шинэчлэх ёстой юм бэ?
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 169 орон хүүхдүүдээ сургууль дээр нь хооллодог, улс орон бүр өөр өөрийн зохицуулалт бүхий системтэй байна. Ихэнх нь төрийн зохицуулалттай, ашгийн бус байдаг. Ер нь эцэг эхээс өөр хэн ч хүүхдийн хоолыг хянаж чадахгүй. Гэтэл манай улсад эцэг эхчүүдийн дийлэнх нь өөрсдөө хоол шим тэжээлийн боловсролгүй тул хэрхэн хянах болж байна вэ. Өнөөдрийн манай аав ээжүүдийн хувьд өөрсдөө ч энэ талын мэдлэг сул байгаа нь боломжгүй нөхцөлийг үүсгэдэг. Тийм болохоор цэцэрлэг, сургуульд “найдахаас” өөр арга алга байна. Тиймээс цэцэрлэг, сургуулийн сургалтын хөтөлбөрт “Хоол шим тэжээлийн боловсрол” олгох хэрэгтэй болж байна. Хүүхэд өсөн томорч ирээдүйн эцэг, эх болно. Шим тэжээлт зөв хоолны талаарх мэдлэгийг хүүхэд өөрөө хар багаасаа авч ойлгох нь эргээд элдэв сурталчилгаанд автсан хүн болж хүмүүжихгүй. Одоо манай улсад эрүүл бус хүнсний зар сурталчилгаанд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хэдийгээр эцэг, эх хориглох гэж хичээсэн ч хүүхэд сурталчилгаанаас элдэв мэдээлэл авч байгаа болохоор хяналтыг үл тоож сайн, сайхан гэж сурталчилсан болгон руу шуурч авахыг эрмэлздэг. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэдэг нь цогц үйл ажиллагаа бөгөөд зөвхөн хоолны мөнгөнөөс хамаардаггүй. Тогтолцоогүй, мэргэжлийн удирдлагагүй бол их мөнгө ч үр дүнгээ өгөхгүй. Тогтолцоо гэдэг нь үндсэн дөрвөн асуудлын тухай яригдана. Нэгдүгээрт, хүнсний хангамжийн үр ашигтай, зөв тогтолцоо байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн хүнсний худалдан авалт буюу төрийн худалдан авалтыг эхлээд орон нутгийн, дараа нь дотоодын хүнсээр хангах асуудлыг оновчтой шийдэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, зориулалтын гал тогтоотой байх, хүчин чадлын дагуу шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэгслээр хангагдсан байх. Тэдгээрийн чанарын асуудал чухал юм. Гуравдугаарт, тогоочийн ур чадварын асуудал. Хүүхэд хоолоо идэхгүй байх нь ихэвчлэн 2 шалтгаантай. Тогооч, хүүхэд идэмгүй хоол хийх, энэ нь тогоочийн ур чадварын асуудал юм. Нөгөө нь тухайн хүүхдийн хоолны дадал, зуршилтай холбоотой. Энэ нь ихэвчлэн гэр бүл, ээжтэй нь холбоотой байдаг. Дөрөвдүгээрт, хооллолтын тухай мэдлэг, түүнд суурилсан хандлага бөгөөд урьд нь идэж үзээгүй хоол идэх, тухайлбал, хөц будаа, байцааны салат зэрэг урьд нь огт идэж үзээгүй хоолыг шууд идэж чадахгүйд хүрдэг. Тэгэхээр хоолны тухай боловсролыг багаасаа эхлэн боловсролын байгууллагаас авч байх нь зүйтэй. Цэцэрлэгт өгч буй хоногийн хоолны шим тэжээлийн агууламжийг үзвэл насны ангиллын дагуу хоол олгодоггүй, хүнсний хэрэглээний дагуу тооцоход илчлэг илүү, чихэр, тос, давсны хэрэглээ өндөр байгаа нь судалгаанаас тодорхой харагддаг. Сургууль, цэцэрлэгт шим тэжээлт хоол өгөх тухай асуудал нь цаанаа бүхэл бүтэн систем тогтолцоо зөв ажилласнаар хэрэгжих бөгөөд хүүхэд чанартай, шим тэжээлтэй хоолоор хангагдаж чадна. Манай улсын энэ салбарт тогтолцооны гажуудал их байгаа. Тиймээс энэхүү системийг бүрдүүлэхийн тулд манай улс анх удаагаа ийм төрлийн хуультай болохоор ажлын хэсэг ажиллаж байна. Бидний үгийг Төр сонсож байгаад бид баяртай байгаа. Гадны улс орнуудыг харахад ихэвчлэн сургуулийн өдрийн хоолны хуультай байдаг. Хуульгүй орон нь стандартын бичиг баримттай байдаг. Ямартаа ч эрх зүй бүрдсэн байдаг. Гэтэл манайд хүүхдийн хоолны мөнгийг нэмэх эсэх асуудал л хөндөгдөхөөс биш, төрөөс зарцуулж буй төсөв мөнгийг үр дүнтэй зөв зарцуулж, хүүхдүүдийн ходоодыг аюулгүй, шим тэжээллэг хоолоор хангаж, яаж эрүүл өсгөх вэ гэдгийг төдийлөн анхаарахгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Гэтэл хоол үйлдвэрлэж, үйлчилнэ гэдэг чинь олон үйл ажиллагаанаас хамаардаг шүү дээ. Гэрт хоол хийхэд ч хүнсний чанараас эхлээд хутга заазуур, ямар хоол хийх, түүний технологи, тохирсон сав суулга гээд бүгд л хэрэгтэй байдаг даа.
-Шим тэжээлтэй хоолонд юу багтах вэ. Эцэг, эхчүүд мэдвэл зохих зөвлөгөөг өгнө үү?
-Манай улсад хоол, шим тэжээлийн зохицуулалттай холбоотой зөвлөмж зэрэг эрх зүйн бичиг баримт хангалттай байдаг. Харин түүнийг бодитоор мэдэж хэрэгжүүлэх нь дутагдалтай. Хүнсэнд суурилсан зөвлөмжийн хэрэгжилт тааруу, мөн чанарын талаарх ойлголт аль ч түвшинд дутмаг байна. Хүүхэд аль болох бага наснаасаа хоол, хүнсний тухай зөв ойлголтыг олж авах нь бие бялдрын болон оюун сэтгэхүйн хувьд эрүүл хүн болон өсөн бойжиход чухал болохыг Дэлхийн олон орны үйл ажиллагаа бэлхнээ илтгэнэ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмж хэмжээгээр насанд хүрсэн хүн хоногт 5 гр буюу 2000 мг натри хэрэглэх нь тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувь бууруулж, энэ нь Ази Номхон далайн бүсийн хэмжээнд 600 мянга, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг дээрх өвчнөөс үүдэлтэй нас баралтаас сэргийлэх боломжтой юм. Харин манай улсын хэмжээнд нийт хүн амын 83.2 хувь нь хоногт 11.1 гр давс хэрэглэж байгаа нь дээрх зөвлөмж хэмжээнээс хоёр дахин өндөр байна. Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь давсны агууламж өндөртэй байгаа билээ. Судалгаанд хамрагдсан цэцэрлэгийн хоолонд хийсэн хэмжилтээс үзвэл 100 гр/мл агуулагдах давсны хэмжээ нь цай, уух зүйлд их байна. Хүүхдэд өгч буй хоолноос харахад нэгдүгээр хоол буюу төрөл бүрийн шөлөнд давсны хэмжээ харьцангуй өндөр байна. Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх «бүх хүүхдэд хамаатай» үндсэн хүчин зүйл нь өдөр тутмын хооллолт, түүнд агуулагдах шим тэжээл (nutrition) болох нь маргашгүй юм. Манай улс хөдөө аж ахуйн орон, малын тоо болон газар тариалангийн асар их нөөцтэй. Өдөр тутмын өргөн хэрэглээний хүнснээс төрөл бүрийн будаанаас бусдыг 70-100 хувь хангадаг болсон гэх статистикийг мэргэжилтнүүд харуулах болсон. Гэтэл бид хүүхдүүдээ импортын хүнсээр давамгайлан, шим тэжээл багатай, хоосон илчлэгтэй, чихэр, тос, давс ихтэй хүнсээр хооллож байгаа нь мэдээлэл буруутай л холбоотой. Энэ мэтээр болох болохгүйг харуулсан судалгаа элбэг байгаа ч болохгүй байгаагаа засч, хурдан интервенц хийхгүй л бол цаг хугацаа өнгөрсөөр, бид ирээдүйн үнэт зүйлээ алдсаар байна.
Хамгийн энгийн зохистой хооллолтын зарчим дэлхийн улс оронд бараг адилхан. Тэр нь хүн өдөр тутмын хооллолтдоо: 1. Үр тарианы төрөл, аль болох үйлдвэрийн боловсруулалт багатай, хальстай үр тариа хэрэглэх, 2. Мах, өндөг зэрэг уургаар баялаг хүнсийг тохирох хэмжээгээр хэрэглэх, 3. Хүнсний ногоог 400 гр хүртэл янз бүрийн боловсруулснаар хэрэглэх, 4. Сүү, цагаан идээг хангалттай хэрэглэх, өдөрт 2-4 аяга сүү, түүнтэй тэнцэх хэмжээний цагаан идээ хэрэглэх, 5. Жимс, жимсгэнийг хэрэглэх, үүнд нөөшилсөн болон чихрийн агууламж ихтэй боловсруулсныг бага идэх шаардлагатай бөгөөд давс, чихэр, өөх тосыг хязгаарлахын дээр Е кодинг цөөн агуулсан хүнсийг хэрэглэвэл эрүүл мэндэд тустай болно. Эдгээрийг танихын тулд бүтээгдэхүүний шошго анзаарах ёстой. Эцэст нь хэлэхэд хоол хүнсний даяаршил явагдсан өнөө цагт хооллолт нь хамгийн энгийн хэдий ч мэдлэг шаардсан хийгээд анзааргагүй явсны эцэст амьдралын чанарт асар их сөрөг нөлөөлдөг, бүхий л утгаараа хэмжээ, хязгаараар илэрхийлэгддэг эрүүл амьдралын үндэс болох хүний нэгэн хэрэглээ юм.