Categories
мэдээ нийгэм

Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 111 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Онцгой байдлын албаны Иргэний хамгаалалтын байгууллагын суурийг тавилцсан, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 111 жилийн ой тохиож байна.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийг 2006 онд Засгийн газрын тогтоолоор хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосон билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Аврах тусгай ангиас хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, АТА-ийн захирагч, хурандаа А.Намсрай, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний 345 дугаар тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм болон үр хүүхдүүд нь оролцлоо. Энэ үеэр хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг АТА-ийн техникийн тусгай бүлгийн жолооч, ахлах ахлагч Л.Нямдаваад гардуулан өгөв.

Хурандаа генерал С.Равдан нь БНМАУ-ын Ардын Их Хуряын Тэргүүлэгчдийн 1970 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зарлигаар Улсын иргэний хамгаалалтын газрыг байгуулахад даргаар томилогдон 1972 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байжээ. Тэрээр 1932 онд баруун аймгуудад дэгдсэн зэвсэгт бослогыг дарах тулалдаан, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чѳлѳѳлөх дайнд оролцсон ахмад дайчин, ахмад улс тѳрийн ажилтан юм.

С.Равдан нь Монгол Улсын анхны 11 генералын нэг бөгөөд БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар бригадын комиссар цол, 1943 оны 12 дугаар сарын 31-нд бригад командпан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хошууч генерал, 1967 оны 7 дугаар сарын 14-ний ѳдрийн 206 дугаар тогтоолоор дэслэгч генерал, 1971 оны 3 дугаар сарын 9-ний ѳдрийн 68 дугаар тогтоолоор хурандаа генерал цол хүртээжээ.

Түүний эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Хѳдѳлмѳрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Байлдааны гавьяаны одонгоор хоёр удаа, Алтан гадас одон болон бусад ойн медалиудаар болон ЗХУ-ын Лениний одон, Улаан тугийн одон, медалиуд, БНАСАУ-ын Улсын тугийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж байжээ.

Өнгөрсөн онд ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн хамт олон С.Равдангийн үйл хэргийг мөнхжүүлэн үлдээсэн түүний нэрэмжит танхимтай болсон байна.

obeg

obeg

obeg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *