Categories
мэдээ нийгэм

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэ

Монголын дурангийн мэс заслын чуулга уулзалтыг Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ мэдлэг мэргэжлийг сайжруулах, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх, олон улсад нэвтэрч байгаа технологийн танилцуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн гуравдугаар чуулга уулзалтад аймаг, нийслэлийн 500 гаруй мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна. Уг арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ чуулганыг мэдээллийн дэвшилтэд технологийг ашиглан хавдрын тохиолдолд нээлттэй аргаар ходоод, гэдэсний залгаасын мэс засал, хүндрэлтэй тохиолдолд дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслуудыг Хавдар судлалын үндэсний төвөөс сургалтын танхимд шууд дамжуулан оролцогчдод хүргэн өвөрмөц байдлаар зохион байгуулж байгааг онцоллоо. Мөн мэс заслын, дурангийн, дүрс оношлогооны эмч, сувилагч нар бид Монголд хамгийн их хийгддэг цөсний хүүдийн хагалгааг аюулгүй хийх удирдамжыг хэлэлцэн чуулж байна гэлээ.

Мөн чуулга уулзалтаар дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нотолгоонд суурилсан, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой аргыг заах заавар зөвлөмжөөр хангахад чиглэн олон улсын зөвлөхүүд хамтран боловсруулсан SAGES, IRCAD, Италийн мэс заслын нийгэмлэгийнурдирдамжуудыг үндэслэн “Дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын үеийн аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах хүндрэлийн үеийн эмчилгээний заавар”-ыг Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэг, Монголын мэс засалчдын холбоо, Монголын дүрс оношилгооны нийгэмлэг, Монголын дурангийн мэс заслын нийгэмлэг, Монголын интервеншионал эндоскопийн нийгэмлэг, Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэгийн төлөөлөл багтсан Эрүүл мэндийн сайдын А/131 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг боловсруулж, мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдэдээ танилцууллаа.

Ингэснээр цөсний хүүдийг дурангийн аргаар авах мэс заслын технологийг дэлхийн түвшинд хүргэх, эмчилгээний үр дүнг сайжруулахад чиглэсэн томоохон эрхзүйн баримт бичигтэй болж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *