Categories
мэдээ цаг-үе

Л.Мягмар: Хөв цөөрмийг ихэвчлэн малын ус хангамжийг сайжруулахад ашиглаж байгаа

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, Монголын усжуулагчдын холбооны тэргүүн, Усны барилга байгууламжийн зөвлөх инженер Л.Мягмартай усны асуудал болон хөв цөөрмийн тухай ярилцлаа.


-Манай улсад хөв цөөрөм олноор байгуулах боломж хэр байна вэ?

-Хөв цөөрмийн тухай ярихын өмнө усны тухай, усны нөөцийн тухай товчхон мэдээлэл өгье. Манай гариг дахь усны нийт хэмжээ агуу их буюу 1.4 млрд шоо км боловч дэлхийн олон оронд усны нөөц хүрэлцээ муутай, хязгаарлагдмал байдаг. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн цэвэр усны хомсдолтой, үүнээс хоёр дахин олон хүн эрүүл ахуйн наад захын хэрэгцээг хангахгүй орчинд амьдарч байна. Манай улс усны нөөц багатай орны нэг бөгөөд дэлхийн 145 оронтой жишиж үзэхэд усны нөөц багатай 23 орны өмнө, багавтар нөөцтэй 60 оронтой ижил хэмжээнд байна. Гадаргын усны нөөцийн 90 хувийг нуур эзэлдэг. Харьцангуй хялбар нөхөн сэргээгддэг, ашиглалтын зардал бага шаарддаг гадаргын ус манай орны нутаг дэвсгэрийн 30 орчим хувьд алаг цоог тархдаг.

Өвлийн улиралд ёроолдоо хүртэл юмуу хоёр метр, түүнээс ч илүү гүн хөлддөг учир гадаргын усыг жилийн турш ашиглах боломж хязгаарлагдмал. Харин газрын доорх ус харьцангуй өргөн тархалттай боловч нөхөн сэргээгдэх чадвар сул дорой, хомсдол бохирдолд хялбар өртөгдөх онцлогтой. Манай орны хот суурины хүн ам унд, ахуйн усны хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх уснаас авдаг. Манай орны гадаргын усны нөөц бүрдүүлэх эх үүсвэр нь хур тунадас. Хур тунадасны ихэнх хувь нь урсац үүсгэн гол горхи руу нийлдэг, үлдсэн хувь нь хөрсөнд шингэн газрын доорх усыг тэжээх болон говийн нууруудад цутгадаг. Гол мөрний жилийн дундаж урсацын 60 орчим хувь нь гадагш хил даван урсдаг. Гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хур бороо болон үерийн усыг тогтоож нуур, цөөрөм, усан сан барих шаардлага зүй ёсоор тавигдсаар байгаа.

-Ямар, ямар аргаар хөв цөөрөм байгуулах нь зөв бэ?

-Гол мөрнийг боож усан сан, нуур, цөөрөм үүсгэн усалгаатай тариалан, бэлчээр усжуулалт, ус хангамжид ашиглахаас гадна усны эрчим хүчийг гарган авах боломжтой. Гол мөрний урсац тохируулахдаа энэ арга нь хаврын шар усны болон хур борооны үерийн усыг тогтоож усны хуримтлал бий болгоно гэсэн үг. Манай орны гадагш урсгалтай олон голууд дээр энэ ажлыг хийх шаардлагатай байгаа. Сэлэнгэ, Орхон, Туул, Хэрлэн зэрэг олон голууд дээр хайгуул, судалгаа хийгдэж, ТЭЗҮ боловсруулсан боловч хөрөнгө мөнгөний боломжгүйгээс олон жил ярьсан хэвээр байна. Жижиг горхи, хуурай сайр, жалгыг боож хаврын шар усны болон хур борооны усыг хуримтлуулан хөв цөөрөм барих бас нэг арга бий. Хөв цөөрмийн усыг малын ус хангамжид голчлон ашиглаж, багахан талбайтай ногооны талбайг усалж болно. Одоогоор энэ ажил эхлэлийн төдий байгаа. Цөөн тооны хөв цөөрөм барьсан байна. Хөв цөөрөм байгуулах талаар мөрийн хөтөлбөрүүдэд орсон байдаг. 2010 онд батлагдсан “Ус” үндэсний хөтөлбөрт орон нутгийн эрэлт хэрэгцээ, захиалга дээр үндэслэн 130-аас доошгүй хөв цөөрөм байгуулж ашиглана гэж тусгасан байдаг боловч хэрэгжээгүй л байна. Олон булаг, шанд ширгэж байгаа учраас булаг, шандын эхийг тохижуулж хамгаалах ажлыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.

Манай улсын аль ч нутагт хөв цөөрөм байгуулах боломж бий. Хөв цөөрөм нь ихэвчлэн үерийн усыг хуримтлуулан ашиглах зориулалттай байгуулагддаг. Сайр, жалгыг боож ус хуримтлуулахаас гадна сайр, жалгаар орж ирэх усыг түүний ойролцоох байгалийн хонхор руу суваг татаж хуримтлуулах боломж бас байдаг.

-Хөв цөөрмийн ач холбогдол юу вэ. Цөөрөм байгаа газарт байгалийн тэнцвэрт байдал сайжрах уу. Жишээлбэл цөөрмийн усыг юунд хэрхэн зөв ашиглах вэ?

-Хөв цөөрөм барих газрын байршлыг зөв сонгохоос эхлээд хайгуул судалгаа, зураг төсөл, барилгын ажлыг чанартай, зохих стандарт нормын дагуу хийх хэрэгтэйгээс гадна хөв цөөрмийг ашиглах, эзэнтэй байлгах нь чухал. Хөв цөөрмийг ихэвчлэн малын ус хангамжийг сайжруулахад ашиглаж байгаа. Жижиг гол горхийг түшиглэж барьсан цөөрмийг бага талбайтай услалтын системийг усалгаанд ашиглаж байгаа. 1990 он хүртэл барьсан 156 инженерийн хийцтэй услалтын системийн 27 нь боомт, усан сантай байсан. Энэ нь хэдхэн цагийн дотор урсаад өнгөрөх үерийн усыг хуримтлуулан олон хоног малын болон ногоо тарианы усалгаанд ашигладгаараа маш их ач холбогдолтой. Шинээр байгуулах хөв цөөрмийг олон жил үр дүнтэй ашиглахын тулд байршлыг зөв сонгох, хайгуул судалгаа, зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, барилгын ажлыг усны барилга барих тухай зөвшөөрөл бүхий байгууллагаар бариулах хэрэгтэй. Барьсны дараа хариуцах эзэнтэй байх шаардлагатай. Нуур, цөөрөм байгуулсан газар байгалийн тэнцвэрт байдал хэрхэн сайжирсан талаар Тайширын усан цахилгаан станцын тухай л ярья. Тэнд 20 орчим км урт, 10 орчим км өргөн нуур бий болсон. Одоо Гэгээн нуур нэртэй болсон. 1970-аад оны дунд үед Тайшир сумаас доош 20 орчим км зайд Цахирын талын услалтын систем гэж байлаа. Услалтын системийн ус татажмийн барилга орчимд хавар усалгаа эхлэх үед Завхан голын ус байнга тасардаг болсон тул системийг ашиглахаа больсон юм. Усан цахилгаан станц барьснаас хойш Завхан гол тасрахгүй болсноор услалтын системийг сэргээн ашиглах тухай санал хүсэлт ирж байна. Гэгээн нуурын орчмын байгалийн тэнцвэрт байдалд эрс өөрчлөгдсөнийг нутгийн иргэдтэй уулзаж явахдаа сонсож байлаа.

-Хөв цөөрөм байгуулахад хөрөнгө мөнгө, хугацаа хэр шаардагдах вэ?

-Усны барилга байгууламж бол ус, хөрсний байнгын үйлчлэлд ашиглагддаг учраас бусад барилга байгууламжаас илүү өртөгтэй байдаг. Хөв цөөрөм барихын тулд топо зураглал, ус зүй, инженер геологи, гидротехникийн судалгаа хийх ёстой. Зураг төслийн үед усан сангийн эзэлхүүнийг тооцохоос гадна үерийн усыг өнгөрүүлэх илүүдэл ус хаюурын тооцоо сайн хийх шаардлагатай байдаг. Энэ ажилд хөрөнгө нэлээд шаарддаг. Хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалан ихэвчлэн шороон боомт барьж байна. Шороон боомтын шороог нягтруулах ажлыг норм стандартын дагуу шаардлагатай машин механизмыг ашиглан гүйцэтгэх ёстой. Барих хугацааны хувьд бол боомтынхоо хүчин чадлаас хамаарч янз бүр байна.

-Зарим улс орнууд бороо хурын усыг хуримтлуулж цөөрөм байгуулаад газар тариаланд хүртэл тогтмол ашигладаг гэсэн. Хөв цөөрөм байгуулаад ач холбогдлыг нь сайн хүртэж байгаа ямар улс орнуудын жишээ байна вэ?

-Дэлхийн бусад олон улс орон хөв цөөрөм гэхээсээ илүү голуудыг боож томоохон усан сан үүсгэн хот суурины ус хангамж, усалгаатай тариалан болон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж байна. Манай хоёр хөрш, Турк, Япон, Өмнөд Солонгос зэрэг олон оронд олон мянган хиймэл нуур, усан сан байгуулсан байдаг. Усны мэргэжилтний ур ухаан, зүтгэлээр бий болсон “Гурван голын усан цогцолбор”-ын барилга байгууламж нь XXI зууны Хятад улсын төдийгүй дэлхий дахины бахархал болон сүндэрлэж байна.

-Сүүлийн үед гол нуурууд нэлээд ширгэж, татарч байна. Энэ хэрээр хуурайшилт үүсээд байгаа. Усыг ингэж татруулахгүй байх гол арга юу байна?

-Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээгээр 1940-2015 оны хооронд манай орны агаарын температур 2.24°С дулаарсан байна. Сүүлийн 76 жилийн хамгийн дулаан 10 жилийн долоо нь 2000 оноос хойш тохиосон байна. Манай оронд жилийн хур тунадасны 85 орчим хувь нь дулааны улиралд оногдох ба өвлийн улиралд гурав хүрэхгүй хувь ордог бөгөөд жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ сүүлийн 70 жилд онц өөрчлөлт ороогүй, долоо орчим хувь буурсан байна. Монгол орны ургамал ургалтын хугацаанд хур тунадасны горимд орж буй нэг өөрчлөлт бол хур борооны дотор аадар бороо нэмэгдэж буй байдал. Бидний багад одоогоос 60 орчим жилийн өмнө шиврээ бороо их ордог, долоо хоногоор үргэлжилдэг байлаа. Шиврээ бороо нь хөрсөнд шингэж хөрсний чийгийг нэмэгдүүлснээр ургамал ургах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Аадар бороо, мөндөр нь богино хугацаанд зурвас газраар ихээхэн эрчимтэй орсноор хөрсөнд шингэх боломжгүй болж гадаргын урсацыг үүсгэн гуу, жалга, автомашины зам даган урсаж, угааж эвдэх нь ихэссэн байна. 2015 онд 6122 гол горхи тоологдсоноос 328 нь, 11667 булаг шанд тоологдсоноос 1102 нь ширгэсэн байна. 2016 онд 5585 гол горхи тооллогод хамрагдсанаас 263 нь ширгэсэн, 11420 булаг шанд тооллогод хамрагдсанаас 774 нь ширгэж 106 нь сэргэсэн, 2214 нуур цөөрөм тооллогод хамрагдсанаас 316 нь ширгэж, 31 нь сэргэсэн байна. Манай орны гадаргын усны нөөц жил бүр багассан байгааг дээрх тоон үзүүлэлтээс харж болно. Усны өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахын тулд томоохон голуудыг боож үерийн усыг ашиглан томоохон усан сангуудыг бий болгож ус ховор бүс нутаг руу дамжуулах, хуурай сайр жалгуудыг боон хөв цөөрөм олноор байгуулж, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэхэд нэгдсэн бодлоготой, тодорхой төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй байна.

-Цаашид Монголын усны салбарт ямар шинэ ажил хийх хэрэгцээ шаардлага байгаа харагддаг вэ?

-Энэ онд манай улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Энэ 80 жилийн хугацаанд манай салбар яамтай байж үзлээ, агентлагтай ч байлаа. Хэд хэдэн удаа татан буулгаж, дахин байгуулж ирсэн байдаг. Хамгийн сүүлд 2012 онд Усны хэрэг эрхлэх газрыг татан буулгаснаар усны асуудал олон яаманд харьяалагдаж нэгдсэн бодлогогүй явж байна. УИХ, Засгийн газраас усны нөөцийг хэмнэх, зөв зохистой ашиглах талаар олон хууль, хөтөлбөр, тогтоолууд гардаг боловч түүний хэрэгжилт хангалтгүй байна. Иймд усны бодлогыг нэг газарт төвлөрүүлэн, мэргэжлийн удирдлагаар хангах, маш бага нөөц бүхий цэнгэг усны хэрэгцээг багасгаж, зөвхөн хүн амын унд ахуйн хэрэглээнд ашиглах, хур тунадасны усыг хуримтлуулан үйлдвэр, уурхай, усалгаатай тариалан, бэлчээр усжуулалтад ашиглахаас гадна хаягдал бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах замаар цэнгэг усныхаа нөөцийг нэмэгдүүлэх ажлыг дэс дараатай яаралтай авч хэрэгжүүлмээр байна.

-Усыг ганц ашиглаад хаягдал болгох биш, дахин дахин ашиглахад нэлээд технологи шаардлагатай юу. Яаж усаа зөв зохистой хэрэглэж, хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна вэ?

-Манай улсын уул уурхайн томоохон үйлдвэр уурхайнууд нь гадаргын усны нөөцгүй говийн бүс нутагт төвлөрч газрын доорх усыг ашиглаж байна. Уурхайн хаягдлыг усгүйжүүлэх, хаягдал усны санг нэвчүүлдэггүй, ууршуулдаггүй дэвсгэр хучаастай хийх зэрэг дэвшилтэт арга технологийг нэвтрүүлж байна. Үүний зэрэгцээгээр сайр жалгыг боож үерийн усыг ашиглаж байна. Эдгээр аргууд зөвхөн өөрсдийн уурхайдаа хэрэглэж буй аргууд. Бохир хаягдал усыг дахин цэвэрлэж уул уурхайн технологийн усанд ашиглах усан сангаар дамжуулан дахин дахин ашиглах боломж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усыг дахин цэвэршүүлэх III, IV цахилгаан станцын технологийн усанд ашиглах АНУ-ын МСС зураг төслийг боловсруулж байна. Цахилгаан станцуудын технологийн ус нь маш цэвэр ус ашигладаг. Одоогоор Туул голын хөндийн газрын доорх усыг ашиглаж ирсэн. “Морьт импекс” ХХК шинээр барих төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг дахин гүн цэвэршүүлэн говийн бүс нутаг руу татах ажлын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Энэ цэвэрлэсэн ус нь гадаргын усны бохирдлын индексээр маш цэвэр, цэвэр гэсэн ангилалд хамаарагдах юм. Говь руу дамжуулах энэ цэвэршүүлсэн усаар уул уурхайн технологийн ус, усалгаатай тариалан, ойн хэрэмний усалгаа, малын ус хангамжид ашиглах боломжтой. Ус дамжуулах уг хоолойтой хамт хүн амын унд ахуйн цэвэр ус дамжуулах хоолой явуулахаар төлөвлөж байна.

Хаягдал ус дамжуулна гэхээр шууд бохир усыг урагш нь татахаар буруу ойлголт гарч болзошгүй юм. Тийм биш шүү гэдгийг мэргэжил нэгт нөхдөдөө, ард иргэдэд хэлэх нь зүйтэй юм. “Сонгино-Говь” төсөл нь үйлдвэр, уурхайн технологийн устай зэрэгцүүлэн хос хоолойгоор хүн амын унд ахуйн цэвэр усыг төвийн районоос дамжуулах юм. Энэ төсөл хэрэгжсэнээр манай орны хамгийн их бохирдолтой Туул голын усны бохирдол эрс багасна. Говийн районы газрын доорх цэнгэг усны нөөцийг хэмнэх, хойч үедээ үлдээнэ. Говийн районы мал сүргийг усаар хангах, усалгаатай тариалан, өрхийн тариалан эрхлэх зэрэг боломжийг бүрдүүлнэ.

Мөн уул уурхайн компани усыг дахин ашиглах, ус бага хэрэглэдэг дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх шаардлага байна. 1990-1998 онд худаг, уст цэг, услалтын системийн ашиглалт эрс суларч эзэнгүйдсэнээс 1996 оны эцэст инженерийн хийцтэй уст цэгийн тоо 1989 оныхоос 2 дахин цөөрч нийт уст цэгийн 60 гаруй хувь нь хуучны гар худаг болсон байлаа. Услалтын системийн тоо, талбай эрс буурлаа. Усалгаатай тариалан эрхлэх нь нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэхээс гадна эх орныхоо хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээр хүн ардаа хангахад чухал ач холбогдолтой гэж боддог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *