Categories
мэдээ цаг-үе

Соёл эрдэм дээд сургуулийн захирал, доктор, профессор, гавьяат эдийн засагч Ши.Батбаяр: Дарга болгоно гээд дуудахад нь бушуухан л давхиад очно шүү дээ. Учир нь…

Та бүхэнтэйгээ нэгэн сонин зочныг уулзуулъя. Энэ хүн бол нэгэн үе УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Шийлэгийн Батбаяр юм.


-Тантай уулзалгүй уджээ, уулзсаных хоёулаа нэг социализм ханхлуулсан яриа өрнүүлэх үү гэж хэлэх гээд л… ?

-Заавал тэгдэг нь ямар учиртай юм. Намайг соц нийгмийн үлдэгдэл гэж хэлэх гээд байгаа юм уу?

-Та ухамсарт амьдралынхаа тэн хагасыг социалист нийгэмд өнгөрөөж, тэр нийгэмд сурч, хүмүүжиж, том дарга хийж явсан хүн шүү дээ?

-Тийм.Тэгээд юу гэж?

-Тийм болохоор л танаас социализм ханхлуулсан яриа гарна гэж бодоод…?

-Тэгж яривал би ардчилсан нийгэмд МҮЭ-ийн дарга, УИХ-ын гишүүн, сайд явсан хүн шүү дээ.

-Тэрийг хүмүүс мэднэ. Харин социалист нийгэмд таныг Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч гэхчлэн том алба хашиж явсныг чинь хүмүүс тэр бүр санахгүй л дээ?

-Намайг заавал өмнөх нийгмийн бүтээгдэхүүн гэдгийг та батлах гээд байгаа юм байна. Тийм, би соц нийгмийн хүн. Тэгж яривал миний туулсан амьдралыг гурван үгээр тодорхойл гэвэл “социалист-хөдөлмөрийн-бригад” гэсэн ч болно гэж оюутнуудаа хөгжөөж алиалдаг юм. Гайхаж байна уу?

-Гайхах юм алга.Та угаасаа л соц нийгмийн бүтээгдэхүүн болохоор?

-Яг үнэн.Бүтээгдэхүүн төдийгүй, бүтээгчдийн нэг. Би яс махнаасаа социалист үзэлтэн.Үүнийг нуудаггүйгээр барахгүй, сүүлийн үед Кейнсийн “Ерөнхий онол”-ыг орчуулснаасаа хойш бүр ч гайхуулах маягтай болсон.

-Сонин юм… та чинь экс коммунист биз дээ. Социалист үзэлтэн чинь арай өөр биш бил үү?

-Тэр бас тийм шүү. Би МАХН нэртэй, коммунист намын гишүүн асан хүн.Тэр үед соц үзэлтэн байсан гэвэл хүн үнэмшихгүй, харин одоогийн шалгуураар үзэхэд их л сайн даа неокоммунист байсан байх.

-Тэгээд Кэйнсийг орчуулаад социалист болчихсон хэрэг үү?

-Чи мөн ороож байна аа. Түүнээс бүр өмнө. Манай нам Онц их хурлаараа ардчилсан социализмыг гол үзэл суртлаа болгох үйл явдалд би вээр манлайлан оролцогчдын нэг байсан гэвэл энэ түүхэн баримт шүү.

-За мэдлээ, улс төрөөс түр хөндийрье, хоёулаа. Социалист-хөдөлмөрийн- бригадаа тайлбарла даа.

-За энэ асуулт чинь бас л улс төр шүү шүү дээ. Хөдөлмөр гэх тодотголын тухайд бол миний хувьд Хөдөлмөрийн институтэд захирлаар ажиллаж байхдаа хөдөлмөрийг зохистой зохион байгуулах тухай шинэ тутам ажлыг арга зүйн удирдлагаар хангаж байлаа. Дараа нь Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны нэгдүгээр орлогч даргаар ажиллахдаа улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний асуудлыг зохицуулах, удирдлагын бүтэц, орон тоог шийдэж байв. Улс орон ардчилалд шилжсэнээс хойш УИХ-ын гишүүн байхдаа Хөдөлмөрийн болон тэтгэврийн хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль зэрэг нийгмийн хүрээний томоохон хууль тогтоомжийг батлуулж, сүүлд энэ салбарын сайд болохдоо эдгээр хуулиудаа хэрэгжүүлэх ажлыг эрхэлсэн юм. Ингэхлээр яах аргагүй л хөдөлмөрийн хүн байгаа биз дээ. Бригадын тухайд бол бидний үеийнхэн Монгол оронд нийгэм журмын ёс ид цэцэглэж байх түүхэн үеийг бүтээгч, гэрчлэгчийн хувьд хар багаасаа л хамт олон, баг, бригад, нэгдэл хэмээх байгуулал, бүтцэд багтаж “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн уриа лоозонгийн уур амьсгал дунд өсч торницгоосон. Бригад, багийн зохион байгуулалтыг журамлан хэвшүүлэх, шинэ шатанд урамшуулан хөгжүүлэх ажлыг үлэмж идэвх, сонирхолтой хийж явсан маань 90- ээд оны хувьсгалт шуурганд цохиулсан билээ.Дурдсан бүхэн бол соёлын довтолгооны шууд үргэлжлэл байсан. Соёлын довтолгооны гүйцэтгэсэн үүрэг, холбогдлын талаар танай сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Цэнддоо баримт, баталгаа дурдан их л хошин хөгжүүн хэлбэрээр бичсэн байдаг. Монголын нийгмийн дэвшилд зөвхөн тавь жараад оны заагаар цөөн хэдэн жил болсон соёлын довтолгооны үр дүнгээс гадна түүнээс хойших гучаад жилд Социалист хөдөлмөрийн бригад, суурь, хэсэг, сэхээтний, оюутны, тэр байтугай сурагчийн социалист нөхөрлөл, бүлэг салаадын үүрэг роль асар их байсныг тэр үеийн амьд гэрч, идэвхтэй оролцогч над мэтийн хүмүүсийн оюун ухаан, ой тойнд сайтар хадгалаатай байна.

-Ёооё… таны наад үг хэллэг чинь. Социалист нөхөрлөл, суурь, хэсэг ч гэх шиг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө ч гэх шиг?

-Дуу алдах юм байхгүй. Баабар, Бат-Үүл, Элбэгдорж… гээд, өнөөдөр УИХ-д байгаа С.Эрдэнэ, Я.Санжмятав, Л.Болд, Д.Эрдэнэбат … бүгдээрээ л эвлэлийн үүрийн товчоо, пионерийн бүлэг салаадын дарга нар гээд өнгөрсөн нийгмийн “мэнгэ толботойгоо” яваа.

-Социалист хөдөлмөрийн бригад бол нийгэмд үүргээ чанартай гүйцэтгэсэн биз?

-Соёлын довтолгоо, социалист бригадын ачаар хөдөөнөөс хөдсөн дээлтэй ирсэн та нарын эмээ өвөө, ээж аавыг хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхуулдаг болгосон юм. Тэр үеийн хөдөлмөрийн бригадууд нь “Сурагчийн соёлч нөхөрлөл”-тэй шефийн холбоо тогтоон тэднээр бичиг үсэг заалган шат ахиж байлаа. Би гэхэд дунд сургуулийн есдүгээр ангид байхдаа “Сурагчийн соёлч нөхөрлөл” байгуулан Улсын баатар Л.Аюушийн салааны дарга байсан эх оронч Дүүдээ гуайн барилгын Социалист хөдөлмөрийн төлөө бригадад туслан, гишүүдэд нь багын программаар тоо, хэлбичиг заадаг байлаа. Гадна ертөнцөд харанхуй бүдүүлэг, бичиг үсэггүй гэгдэж байсан монголчуудаа бичиг үсэгтэй болгох ажилд сурагч байхдаа оролцож, нөхөрлөл, бригад байгуулан хар нялхаасаа зүтгэж ирсэн над шиг хүнийг чинь бригадын гэж нэрлэх нь зөв биз дээ. Чиний ярианы өнгө бригадаар ажилласан хүнийг хоцрогдсон этгээд маягтай асуугаад байна.

-Үгүй л дээ…

-Тэгвэл, бригад гэдэг чинь өнөөдрийн ойлголтоор багаар ажиллахыг хэлж байгаа юм. Бригад гэдгийг англиар team spirit гэдэг. Өнөө үеийнхнээс ажлын анкет авахдаа “Багаар ажиллах чадвар хэр вэ” гэж заавал асууж байгаа. Тэр бол бусадтай хэр нийцэмжтэй ажиллаж, үр бүтээл гаргаж чадах нөхөр вэ гэдгийг танин мэдэх гэсэн хэрэг. Баг, бригадаар ажиллана гэдэг аль ч үед хөдөлмөрөө хоршиж, хөрөнгө мөнгө зарахгүйгээр бүтээмжээ хэд дахин өсгөнө л гэсэн үг. Би одоо ч сургууль дээрээ уламжлалт бүтцийн хажуугаар сурлага- судалгаа, элсэлт-төгсөлт, гадаад-дотоод харилцаа, санхүүгийн дэмжлэг гэсэн түр хугацааны дөрвөн баг байгуулан ажиллаж байна.

-Танд ер нь социалист нийгэм юу өгсөн бэ, та дарга явсан тэр нийгмийнхээ юунд дуртай байв?

-Би өөрийгөө нэртэй эрдэмтэн, том улстөрч гэж ер бодож яваагүй. Харин ажил амьдралын явцад одоо цагийн хэллэгээр яггүй менежэр болсон хүн. Үнэнийг шулуухан хэлэхэд соц нийгмийн үед намайг дарга болгоё гээд дуудахад нь би хурдхан давхиад очдог байсан. Амьдралын шаардлага. Олигтой амьдаръя, үр хүүхдэдээ хэрэгтэй, эцэг эх, элгэн садандаа нөмөр нөөлөгтэй байя гэвэл миний үеийнхэнд Төв хорооны мэдлийн боломжийн албан тушаал дээр очих л арга зам байдаг байсан. Эрдэмтэн академич болж ахиу цалин нэмэгдэл авч болох ч “мэдлийн боловсон хүчин” болж байж л албаны унаа, аравдугаар дэлгүүр, хоёрдугаар эмнэлэг гуравт хүрнэ шүү дээ. Ийнхүү энэ гурвыг бодож авьяаслаг эрдэмтэн, зохиолч, доктор профессор болох хувь заяагаа золиосолсон олон хүн миний үеийнхэнд бий. Миний амьдралын тэн хагас ийм л онцлогтой. Над шиг лам эцэгтэй, хөдөөний хүүхэд их төлөв ажил албандаа үнэнч зүтгэдэг, эдийн ба хорвоогийн шунал бага байдаг. Энэ чанар ямар ч албыг ном дүрмээр нь хийж дадаад дур сонирхол суун мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байсан.

-За та өөрийнхөө замналыг мундаг тодорхойллоо. Нэг талаас социализм яриад байгаа юм шиг ч үнэндээ хүнийг хэрхэн зөв хүмүүжүүлж, зөв хүн болгон төлөвшүүлж байсан үнэ цэнэтэй цаг үе байсан байх. Соц нийгмийг ийнхүү магтан дуулсан яриа ойрын 25 жил Монголын хэвлэлийн хуудаснаа цөөхөн гарсан байх. Өнөөдрийн дэлхий ертөнц “Социализмын Хятад хэв загвар” гэж цоо шинэ нийгмийн байгуулал ярих боллоо. Та хэр анзаарч, уншиж судалж байна?

-Хятадын коммунизмыг тухайлан судалсан юм алга. Төрийн социализмыг хувийн капитал, зах зээлтэй оновчтой хослуулж байгаа нь л мэдрэгддэг.Харин Хятадын сайн кинонуудыг бол үздэг шүү.

-Кино том үзэл суртал гэдэг. Сүүлд ямар кино үзэв?

-Хятадын сүүлийн кинонууд үзэл суртал гэхээсээ илүү, нийгмийнхээ оюун санааг соёлтойгоор сэнхрүүлэх, ухааруулах, болгоомжлуулах, хар мууг дахин давтахгүй, алдаа гаргахгүй байх үзэл санаагаар киногоо хийдэг болчихож.

-Болгоомжлуулах гэнэ ээ… Ингэхэд өнөөдрийн Монголын нийгмийн шуугиан хоёр Ерөнхий сайдаа барьж хорьсоноос эхлээд мөн ч нүргээнтэй, заримдаа юу болоод байгаа нь ч мэдэгдэхгүй байна?

-Манайд одоо болоод байгаа “их баривчилгааг” хараад хэдэн жилийн өмнө Хятад улсын киночид Холливудтэй хамтран хийсэн нэгэн киног үзсэн минь санаанд орж байгаа. Уг кинонд эртний Хятадын Тан улсын хааны мэргэн түшмэл Цаоцоогийн зүгээс хаан ширээнд халтай гэж хардсан Сангийн сайдаа ард түмний “санал хүслээр” устгах арга олсноо хаандаа айлтган зөвшөөрүүлээд улмаар гүйцэтгэж буй тухай юм. Үүнд тариачдаас хураах тарианы татварыг зориудаар үлэмж нэмэгдүүлсэнд тариачид эсэргүүцэн бослого тэмцэл гаргаж эхэлсэнд мэргэн түшмэл Цаоцоо тэдэнд хандаж “Цэрэг дайчдын хоол тэжээлд зориулан улсын санд нөөцөлсөн тариаг Сангийн сайд хувьдаа завшин шамшигдуулжээ. Одоо түүнийг нөхөхийн тулд та нараас тариа нэмж татварлахаас өөр арга алга. Түүний төлөө Сангийн сайдын толгойг авбал та бүхэн тайтгарах болов уу” гэсэнд тариачдын зүгээс “Татвар нэмсэн нь аргагүй авлигач сайдаас болсон хэрэг байжээ” хэмээн ойлгодог. Тэгээд “Түүний толгойг авбал бидний санаа амарна” гэснээр хаан, түшмэл хоёр сөрөг этгээдээ ч устгаж, өөрийн мэдэлд үлэмж их тариатай болсон тухай гардаг юм. Үүнийг орчин үед “Цаоцоогийн арга” ч гэдэг юм билээ.

-Таны ярьснаас уншигчид нэгийг ойлгоно биз ээ?

-Харин л дээ.

-Та бид хоёр тэр жил сонгуулийн өмнөхөн ярилцаж байхад Та “Энэ сонгуулиар манай нам ялагдана. Яагаад гэвэл нам хоёр салж МАН, МАХН болсон нь гарцаагүй сөргөөр нөлөөлнө” гэж байсан. Таны хэлснээр л болсон доо?

-Тэр жилийн Их хурлын сонгуулийг таамаглаж ядаад байх юу байсан юм. Угаасаа манай нам цөөнх болох нь хэнд ч тодорхой байсан шүү дээ.

-Тэгвэл энэ удаад үнэмлэхүй олонх болжээ, танай нам. Ирэх сонгуулиар яах бол…?

-Ирэх сонгуулийг прогнозлоход арай эрт байна. Харин энэ жилийн хавар эртдээ өгөөмөр сайхан эхэлж байгаа шиг эдийн засагт өөдрөг үзэгдэл, өсөлт яах аргагүй мэдрэгдэж байна. Би нэг жижигхэн жишээ баримт дурдъя. Гурван жилийн өмнө НЭПКО-гийн захиалгаар “Кэйнс ба Хайек” номыг орчуулсан юм. Дөнгөж сая хэвлэгджээ. Баабар надад орчуулсан хэмээн дээж болгож хэдэн ном өгөхдөө “Эдийн засаг овоо сэргээд хүмүүс идэж уухаасаа илүүчилж ном авахтайгаа болжээ, тэгээд чиний номыг хэвлэлээ, жаахан удаачихлаа, уучлаарай” гэж хэлсэн. Статисткийн мэдээгээр ч сүүлийн хэдэн сард өрхийн хэрэглээний зардал, иргэдийн хадгаламж, миний санаанд оромгүй хэмжээгээр нэмэгдсэн байна лээ. Энэ бол эдийн засгийн хэлээр ард иргэдийн төлбөрийн чадвартай эрэлт нэмэгдэж, түүнийг дагаад өрхийн зарлага өсч, түүний хариуд үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэх болсны шинж, дохио шүү.

-Энэ үзэгдэл хэр удаан үргэлжлэх бол?

Английн төр засаг Их хямралын үед Кэйнсийг радиогоор өглөө бүр яриулж гэрийн эзэгтэй нарыг “ даруй гэрээсээ гараад дэлгүүр хэс, ахиухан эд бараа, хүнсний зүйлс ав” хэмээн уриалуулдаг байсан гэдэг. Айл гэрийн эрх мэдэл, ялангуяа өрхийн төсвийн зарцуулалт эзэгтэй нарын гарт байдаг манайх шиг улсад уг үзэгдэл түр зуурынх биш байх аа.

-Таны үеийн МАН-ын нэртэй төртэй зүтгэлтнүүд хүүхдүүдээ улс төрд оруулсан байх юм. Танай хүүхдүүдээс улс төрд хүч үзэж яваа нөхдүүд байна уу?

-Байхгүй.

-Яагаад…?

-Миний үеийнхний ихэнх нь үлгэр жишээч улстөрч байсан болоод хүүхдүүд нь дууриаж байгаа биз дээ.

-Та бол Арвайхээрийн хэнэггүй харчуудын үргэлжлэл. Нэг удаа та “Манай Арвайхээрийн эрчүүд угаасаа тавьтаргүй. Овоо аятайхан эр хүн шиг байж байснаа юу нь хатгасан юм мэдэхгүй өвчигнөөд, болох болохгүй юм яриад эхэлдэг. Манай Жанцанноровыг хар. Илүү юм мөн их ярих болж дээ” гэж хэлж байсан?

-Гэхдээ тавьтаргүйгээ бүгдээрээ мэдээд байх шиг байдаг юм. Жанцанноров руу залгахаар шууд л өмнөөс “За та намайг юу гэж загнах гэж байна” гээд бие, сэтгэлийн “бэлтгэлээ” базаагаад эхэлнэ шүү дээ. Алсуураа манай Арвайнхан хүнийхээ хувьд дөмөг тал нь дийлээд байдаг юм аа. Монголын хамаг юмных нь голд, төв цэг дээр байсан, байгаа, цаашид ч байх хүмүүс шүү дээ.

-Ингээд ярихаар баруун талынхан нэг юм ярина, зүүн аймгийнхан бас ярина. Нутаг ус, жалга дов ярилаа гэнэ. Уг нь бол монголчууд хэзээнээсээ уул усаа дагадаг, хүний яс чанарын тухай ярьж ирсэн юм л даа. Одоо л болохгүй болчихсноос биш. Тэгэхээр зогсоё доо. Ингэхэд Шийлэгийн Батбаяр сайд одоо юу хийж, ямар ажил амжуулж явна вэ?

-Хэдэн жилийн өмнө өөрийн чинь энэ асуултад “Сарлаг өтлөхөөрөө галавсаа, сайд буухаараа зөвлөгч болдог“ гэж байсан даа. Түүнээс хойш /ном харуулан/ Кейнс Хайекийг орчуулж хэн гуай шиг дуун хөрвүүлэгч болох шахав. “Тойм” сэтгүүлд булан хөтөлж, нөгөө хэн шиг сэтгүүлч болох дөхөв. Дээд сургуульд багшилж хэн гуайгаас дутахгүй “улаан” порпийсор болоход хүрлээ (инээв). Яг одоо бол Соёл эрдэм дээд сургуулийн захирлаар томилогдоод удаагүй байна. Сургууль маань “Соёл эрдэм”” гэсэн сонсголонтой сайхан нэртэй. Бүтэн 25 жилийн намтар түүхтэй чанарлаг сургууль. Гэхдээ сургуульдаа тэнхимийн эрхлэгч, профессорын албан тушаалыг дөрвөн жил хашсан болохоор шинэ хүн биш юм.

-Японы хөрөнгө оруулалттай “Соёл эрдэм дээд сургууль” гэж хүмүүс мэднэ л дээ. Япон эзэнтэй бил үү?

-Тийм. Япон улсын иргэн Макихари Соичи гэж монгол нэр нь Соёлт гэдэг. Тэр хүн санаачлан япон иргэд, олон нийтийн байгууллагын хандив тусламжийг авч байгуулсан сургууль. Анхандаа япон хэлний курс байсан. Одоо бол жил тутам 100 орчим оюутан элсүүлж, япон хэлний орчуулагч, орон судлал, эдийн засагч, аялал жуучлалын менежэр, сэтгүүлч, программ хангамж гэсэн мэргэжлээр сургаж байгаа. Японы их дээд сургуульд шилжин суралцаад хоёр сургуулийн диплом гарддаг оюутнуудыг тооцвол 90 орчим хүнийг чанарын өндөр түвшинд сурган төгсгөж байна. Тооноос илүү чанар чухал гэсэн зарчим барьдаг. Үндсэн хорь гаруй эрдэмтэн багш, профессоруудтай, нийтдээ дөч гаруй ажиллагсадтай, монголын нийгэмд танигдсан сургууль болж өргөжсөн дөө. Ер нь бол байгуулагдсан цагаасаа хойш 3000 орчим хүн төгсгөсний мянга гаруйг нь Японд дадлагажуулж, түр хугацаагаар цалинтай ажиллуулж, мөн шилжүүлэн сургаж байгаагаараа бусад сургуулиас онцлог юм даа. Онцсайн суралцаж, зохих шалгуур давсан оюутныг бол нэг, хоёрдугаар курсээс нь Япон улсын гэрээт сургуулиудад шилжүүлээд сургачихдаг юм. Бас Япон улсын Элчин сайдын яамны шалгаруулалтаар жил бүр хоёроос доошгүй оюутан тус улсын тэтгэлгээр явж суралцаж байгаа. Монголын боловсролын салбарт тодорхой орон зайгаа эзэлж, хувь нэмрээ таслахгүй яваа Соёл эрдэм сургуулийнхаа гал тогоонд л Ши ах нь буцалж явна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *