Categories
мэдээ нийгэм

Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр эхэлж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг 2016 онд нэгтгэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан оюуны өмчийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх, олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Улсын бүртгэлийн хяналтын алба нь улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих буюу дотогшоо чиглэсэн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Харин оюуны өмчийн улсын хяналт нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болон хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх замаар гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ хоёр чиг үүргийн хяналтыг нэгтгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг өөрчилж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгох агуулга бүхий тогтоолын төслийг батлахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжлээ. Ийнхүү шийдвэрлэснээр оюуны өмчийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах, инновацийг хөгжүүлэх, технологи инновацийн төв байгуулах, иргэдийн оюуны өмчийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа хийх, оюуны өмчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх тогтолцоо бэхжиж байгаа юм байна.

Олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

Дараа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг баталжээ. Гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган, халуун, өвчин, хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс тэжээлийн шинэ таримал, түүнийг сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн энэхүү гэрээний дэргэдэх сангийн хөрөнгөөс шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг авч ашиглах бололцоо бий болох аж. Байнгын хороо тавдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа уг төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Сүүлийн 30 гаруй жилийн судалгааны дүнд бүрдүүлсэн 70 орчим таримлын 20500 дээжийг урт болон богино хугацаанд хадгалах, таримал ургамлын генийн сан Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнд байдаг. Харин Мал аж ахуйн хүрээлэнд бэлчээр, тэжээлийн ургамлын 1800 дээж, сортын ургамлын генийн сан байдаг гэлээ. Санал хураалт явуулахад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.

Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг батлав

Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Түүнчлэн 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногдуулсан гаалийн албан татварыг аж ахуйн нэгжид буцаан олгох заалтыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусган зохицуулахаар холбогдох төслийг боловсруулжээ. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу төслийн 1 дүгээр зүйлд “гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай мод” гэж нэмж тусгах, олонхийн дэмжлэг авсан бусад саналыг нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Төслийн 1 дүгээр зүйлд “гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай мод” гэж нэмж тусгах, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан болохыг О.Батнасан гишүүн танилцууллаа. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжив. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон 50 гишүүний 62 хувь нь дэмжиж баталлаа. Хуулиудыг баталснаар импортоор оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай модыг гаалийн албан татвараас, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай модыг НӨАТ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус чөлөөлөх юм.

Анхны хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийг батлав

Хуралдаанаар үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсөлд 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногдуулсан гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг аж ахуйн нэгжид буцаан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан гэлээ. Мөн Төсвийн байнгын хороогоор төслүүдийг хэлэлцэх үеэр анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гишүүдийн олонхи дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр ньбатлуулах горимын саналыг дэмжсэн тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь нь дэмжснээр уг хууль батлагдсан бол Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн 66 хувь дэмжин баталлаа. Үүний үр дүнд ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн үйл ажиллгаа явуулдаг ахуйн нэгжүүдэд 2018 оны хугацаанд төлсөн гааль, НӨАТ-аа буцаан авах нөхцөл бүрдэж байна.

Өнөөдрийн чуулганы хуралдааны төгсгөлд Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй хэмээн олонх нь дэмжсэн байна. Ингэснээр Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүд 68 хувийн саналаар дэмжин баталснаар Пүрэв гарагийн чуулганы хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *