Categories
мэдээ цаг-үе

Н.Энхболд: Батлан хамгаалахын салбарын хөрөнгө оруулалтыг ДНБ-ий хоёр хувьд хүргэх шаардлагатай

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболдтой ярилцлаа.


-Та Батлан хамгаалах яамыг тэргүүлэх болсноор хагас жилийн хугацааг үдлээ. Энэ хугацаанд салбартаа ямар ажлуудыг амжуулав. Салбарыг бодлогоор хангах ажиллах, улсын эдийн засаг амаргүй байгаа үед ажил хийхэд хүндрэл учирч байна уу. Бусад орнууд батлан хамгаалах салбартаа хамгийн их хөрөнгө оруулдаг. Манай орны хувьд ядаж ДНБ-ийнхээ хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх боломж байна уу?

-Батлан хамгаалах зэвсэгт хүчний салбарын ерөнхий бодлого, хөгжлийн чиг хандлага гарчихсан. Миний үүрэг үүнийг биелүүлж ажил хэрэг болгох. Түүнээс биш би сайд болж очоод шинээр бодлого гаргаад явлаа гэхэд өмнө нь хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудаас эхлээд төрийн бодлогын залгамж халаа, урт хугацааны нэгдсэн бодлогод сөргөөр нөлөөлнө. Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хуулиас эхлээд бодлогын баримт бичгүүд түрүүчээсээ батлагдаад байж байна. Энэ хүрээнд ажлаа явуулж байна. Өмнөх удирдлагууд маань ингэж ажиллаж ирсэн. Хууль эрх зүйн орчны хүрээнд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайчилгааны тухай хуулиа Засгийн газраар хэлэлцүүлээд Их хуралд өргөн барих гэж байгаа. Уг хоёр хууль батлагдвал манай батлан хамгаалах тогтолцооны үндэс, хөгжлийн чиг хандлагын ерөнхий гурван суурь бий болно. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Цэргийн номлолыг шинэчлэн батална. Тиймээс Цэргийн номлол болон бусад хуулиуддаа тулгуурлан Зэвсэгт хүчин 2020, 2020-2030 он хүртэл хөгжүүлэх зургууд гарч ирнэ. Ерөнхийдөө бэлэн болчихсон. Салбарын тулгамдаж буй асуудлууд ч тодорхой байгаа.

Та төсөв, санхүүгийн талаар онож асуулаа. Манай салбарт төсөв мөнгө үнэхээр хүндрэлтэй байна. Орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулан бусад орон батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх, орчин үеийн зэвсэг техникээр хангах тал дээр маш их анхаарал хандуулж, хүчин чармайлт гаргах болсон. Европын холбооны улсууд гэхэд ачааллаа тэнцүү хувааж, зэвсэгт хүчинд зарцуулах мөнгөө нэмэгдүүлэх тал дээр анхаарч, төсөв мөнгө нь тууштай нэмэгдээд явж байгаа. Манай хоёр хөрш ялангуяа зэвсэг техниктээ онцгой анхаарч байгааг бид харж байна.

Манай орон цөөн хүн амтай, жижиг армитай. Бодлого тодорхойлдог дэлхийн томоохон гүрнүүдтэй зэвсэг техникээр өрсөлдөх боломж хэцүү. Гэхдээ бид ямар нэгэн асуудал гарлаа гэхэд өөрсдийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх хуультай. Монгол Улсын зэвсэгт хүчин тооны хувьд хэдий бага ч гэсэн тун чадварлаг хэмжээнд үүргээ гүйцэтгэдэг байх ёстой. Тэр утгаараа хөрөнгө мөнгө хүндрэлтэй байгаа ч боломжийнхоо хэрээр үүргээ сайн биелүүлж байгаа гэж боддог.

Хүний нөөцийн бодлогодоо анхаарч байна. Тулхтай, туршлагатай түрүү үеийнхний нөөц, бололцоог бүрэн дүүрэн ашиглахын зэрэгцээ бэлтгэгдсэн, орчин үеийн, цэргийн хэргийн онол, практикийг эзэмшсэн дараа үеийн албан хаагчдаа зохих түвшинд нь бодлогоор дэмжин сурсан, мэдсэнээ хэрэгжүүлэх боломж олгохыг хичээж байна.

-Хөрөнгө санхүүгээс шалтгаалсан хамгийн наад захын ямар хүндрэлүүд байна вэ?

-Хөрөнгө мөнгө дутагдал-тай байгаагийн хамгийн тод жишээ гэвэл Тайван цагийн орон тооны хангалтын байдал. Цэргийн мэргэжлийн хүмүүс тооцож үзээд ийм нутаг ийм хүн амтай манай улс зэвсэгт хүчнээ энгийн цагт ямар хэмжээнд бэлэн байдлыг нь хангах вэ. Дайн болон дайн бүхий байдалд үүнийгээ дэлгэж дайчилгаа зарлаад шилжихэд хэдий хэмжээний орон тоо байх вэ гэдэг тооцоо л доо. Гэтэл өнөөдөр хангалтгүй, 60-70 гаруй хувьтай байна.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчний хөрөнгө оруулалт буурч ирсэн. Одоогийн төсөв нь хаанаа ч хүрдэггүй. Зэвсэг техникээ өөрсдийн нөөц боломжоор шинэчлэх боломж үндсэндээ алга. Олзуурхууштай зүйл нь батлан хамгаалах салбарын гадаад харилцаа сайн хөгжсөн. Улс төр, дипломатын аргаар улс орныхоо аюулгүй байдлын баталгааг хангах ажлын нэг чухал хэсэг нь чадварлаг, мэргэжлийн зэвсэгт хүчин бусад орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээндээ дэлхийн хэмжээнд энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох явдал. Зүгээр ч нэг оролцоогүй, маш нэр хүндтэй байгаа, манай цэргүүд. Энэ нь өөрөө зэвсэгт хүчний хөгжилд маш том тус хүргэж байгаа шүү. Ийм ажиллагаанд оролцсоноороо тодорхой хэмжээний нөхөн төлбөр авдаг. Тэдний дийлэнх нь цэргийн цалин, хангамжид явж байгаа. Эндээс явахдаа манай цэргүүд ямар ч бэлтгэлгүй, нүцгэн гүйгээд оччихдоггүй. Зэвсэг, техник, тоног төхөөрөмжөө түрээсэлсэн орлогоор бэлтгэл хийнэ. Үүний төлбөр болгож орж ирж байгаа мөнгийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж, сангийнхаа энэ мөнгөөр зэвсэг техникээ чадан ядан шинэчлэх гээд явж байна. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар техник, хэрэгсэл ирдэг. Бид Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн багахан мөнгөөрөө гадаад орнуудаас өөрсдийн боломж нөөцөд нийлүүлэн, зэвсэг, тоног төхөөрөмж худалдаж авах ажлаа эрчимжүүлэх бодолтой байгаа.

-Тулгамдсан асуудлуудаа Их хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж үзэв үү?

-Төсвөөс батлан хамгаалах салбарт хуваарилж байгаа нийт хөрөнгө мөнгө, тэр дундаа хөрөнгө оруулалтыг нь аваад үзэхэд бусад яамдаас хамгийн бага нь батлан хамгаалах салбар. УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд үнэн бодит мэдээллийг нь гаргаж өгөөд зэвсэгт хүчин өнөөгийн байгаа энэ хэмжээндээ байгаад байвал маш олон асуудал цаашид хуримтлагдана. Тиймээс алхам алхмаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зэвсэг техникээ шинэчлэхэд Монгол төрийн зүгээс анхаарал тавьж ажиллахгүй бол зөвхөн гадаад харилцаандаа дулдуйдаад зэвсэгт хүчнээ хөгжүүлнэ гэж байхгүй гэдгийг ойлгуулах нь чухал ажил болоод байна. Бусад орнуудын жишгийг аваад үзэхэд ДНБ-ийнхээ дор хаяж хоёр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг. Түрүүн та манай улс ДНБ-ийнхээ хоёр хувьд хүргэж болохгүй юм уу гэж асуусан. Ядаж хоёр хувьд хүргэх хэрэгтэй байгаа юм, манай улс. Орчин үеийн байлдааны жижиг нисэх онгоц авлаа гэхэд хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэж байна. Ганц харвадаг пуужин авлаа гэхэд хэдэн зуун мянган ам.доллар гэдэг. Ийм л үнэтэй зэвсэг техник хэрэглэдэг орчин нөхцөлд бид үүргээ гүйцэтгэж байна даа.

-Бусад орнууд тив, улс гүрэн дамнаж харвадаг пуужингаас эхлээд тоног төхөөрөмж үнэхээр сайжирсан. Нэг объектыг онилсон бол аль ч улсаас онох хэмжээнд зэвсэг техник нь сайжирлаа. Манай улсад ийм пуужин байна уу, авах нөөц боломж байхгүй юу?

-Үнэнийг хэлэхэд ийм хэмжээний зэвсэг техник авах боломж хомс, манай улсад. Эхний ээлжид заавал шийдэх асуудлуудынхаа жагсаалтыг бид гаргасан байгаа. УИХ, Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулж, тодорхой арга хэмжээ авахгүй бол болохгүй байгаа юм байна гэдгийг шийдвэр гаргагчид маань ойлгоно гэдэгт итгэж байна. Ойлгосныхоо хэрээр батлан хамгаалах салбарыг дэмжих, тэр дундаа зэвсэг техникийн шинэчлэл, бэлэн байдлыг хангах тал дээр илүү анхаарал тавина гэж найдаж байгаа шүү.

-Бусад орнууд батлан хамгаалах салбартаа технологийн дэвшлийг ихээр ашиглаж байна. Дроноор гүйцэтгэж болох бүхий л зүйлсийг хийж байх жишээтэй. Манай улс дроны ангитай болох уу?

-Орчин үеийн дайн байлдаан явуулдаг зэр зэвсэг хол явсан. Саяхан би Катарт очиж Батлан хамгаалахын сайдтай нь уулзаж хэлэлцээр хийхийн хажуугаар цэргийн үзэсгэлэнд оролцсон. Үзэс-гэлэнгээс харж байхад дэлхийд хэрэглэж байгаа зэвсэг техник биднээс хол илүү тасарчихсан байна. Өнөөдөр манай улсын батлан хамгаалах салбарт хэрэглэж байгаа зэвсэг техникийг дэлхийн орнууд хэрэглэж байгаа л даа. Үймээн самуун, дайн болж байгаа орнуудад манай орны хэрэглэж байгаа зэвсэг техникийг ашиглаж байна. Энэ хэрээр бид боломжийнхоо хэрээр бэлтгэлээ хангаж байна. Гэтэл тэргүүний зэвсэг техникийн, хөгжилтэй орнууд хамгийн орчин үеийн онгоц, хүний оролцоогүй ашигладаг зэвсэг, тэр дундаа таны асуусан дроныг хэрэглэж байна. Үүнийгээ дагаад зэвсэг техникийн хүчин чадал урам нарийсч, үнэ нь ч өндөр болсон. Манай улсад дрон ашиглах шаардлага бий. Бид энэ чиглэлд ажиллаж байна. Хамтын ажиллагаатай орнууддаа санал тавьсан, нааштай хандлага ч гарч байгаа. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн үнэтэй дроноо өгөх нь хаашаа юм, хэлж мэдэхгүй байна. Тодорхой хэмжээнд агаарын зайдаа хяналт тавьдаг, үүрэг гүйцэтгэх чадвартай дронтой болох нь бидний нэг зорилго. Бид хоёр зүйлд л найдаж байна. Батлан хамгаалах салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд өгвөл ялангуяа энэ чиглэлд анхаарна. Манайх шиг газар нутаг том улс агаарын зайдаа хяналт тавих нь чухал. Тиймээс дроныг өргөн хэрэглэх шаардлагатай. Ямар ч байсан энэ бүхний эхлэлийг нь тавьчих юмсан гэж хичээж байна. Манайхан өөрсдөө сургалтын зорилгоор ашиглах жижиг нисдэг төхөөрөмж хийчихсэн л байдаг юм. Гэхдээ хэрэгцээг бүрэн хангахгүй. Дрон зөвхөн нисдэг, ажигладаг байхаа больсон. Хүнгүйгээр шууд байлдаанд оролцдог болчихлоо. Байлдааны маши-нууд гэхэд цэрэггүй шууд байлдаанд ордог болсон ийм цаг үе ирчихлээ. Харамсалтай нь бид дэлхийн зэвсэг техникийн хойноос нь л яваад байна. Санаснаар болдог бол ухасхийгээд зэрэгцэж очоод явчихмаар байх юм. Манай улс бусад орнууд шиг хэдэн зуун мянган хүнээр тоологдох цэрэг армитай биш болохоор цомхон армиа хүчирхэгжүүлэхэд орчин үеийн зэвсэг техник зайлшгүй шаардлагатай байна.

-Та түрүүн яриандаа Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн талаар хөндлөө. Манай орон шиг өргөн уудам газар нутагт аймаг, сум болон хэсэг хэсгээрээ амьдардаг цөөн хүн амтай улсад Орон нутгийн хамгаалалт хамгийн чухал гэх юм билээ. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулиар ямар зохицуулалтыг суулгаж өгч байна вэ?

-Батлан хамгаалах тогтолцооны тулгын гурван чулууны нэг нь зэвсэгт хүчин, хоёрдугаарт, орон нутгийн хамгаалалтын тогтолцоо, гуравдугаарт, дайчилгаа байдаг.

Зэвсэгт хүчин тайван цагт бэлэн байдлаа хангаж, асуудал болоход түүндээ суурилсан бэлтгэл үүрэгтнүүдээ татаад, эгнээгээ өргөжүүлдэг суурь нь байх ёстой. Орон нутгийн хамгаалалтын тогтолцоо нь иргэн, төрийн байгууллага бүх хүний оролцоо. Шаардлага гарахад ямар зохион байгуулалтад орохоо тайван цагт бэлдсэн байх ёстой. Орон нутгийн тогтолцоо дайчилгаа хоёр нэг зоосны хоёр тал. Асуудал үүсэхэд зэр зэвсгээ хаана байрлуулсан байх вэ, тэнд нь ямар нөөц бэлтгэл үүрэгтэн байх вэ гээд бэлдэх зүйл бий. Хүмүүс анзаардаггүй юм. Цэргийн албанаас халагдагсад орон нутагтаа очиж бүртгүүлээд явдаг. Тухайн орон нутагт байгаа цэргийн үүрэгтнүүдийн сургуулилтууд бололцооны хэрээр байнга явагддаг. Энэ бүхний үндсэн дээр шаардлага гарсан үед бэлэн байдаг. Тухайн орон нутгийнхаа хэмжээнд гэхдээ дээрээсээ нэгдсэн удирдлага, стратеги, тактикийн доор орон даяар эх орноо хамгаалах үндсэн тогтолцоо л доо.

Бид Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг гаргахын тулд манай улстай хүн ам, эдийн засаг нь ижил төстэй 10 гаруй орны хуулийг судалж үзсэн. Үүний үндсэн дээр Орон нутгийн хамгаалалтын тухай хууль анх удаа гарах гэж байна. Энэ чиглэлд мэргэшсэн салбарынхан, судлаачид оролцсон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Тэндээс гарсан саналуудыг ч тусгасан. Яамнаас ажлын хэсэг гарч зөвхөн Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайчилгааны тухай хуулийн төсөл дээр ажиллаад бүх саналуудыг оруулж байгаа. Цэргийн мэргэжлийн, тэр тусмаа орчин үеийн мэдлэг боловсролтой хамрагдах ёстой хүмүүсийг өргөн хүрээнд оролцуулан хуулийн төслүүдийг боловсруулсан. Хоёр хууль батлагдаад гарвал төрийн зүгээс төсөв мөнгөөр дэмжих тал дээр өөрчлөлт гарах болов уу гэж бодож байгаа.

-Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн дарга асан Б.Бямбасайхан, Гаалийн ерөнхий газрын дарга асан Д.Ариунсан нарыг хорьж байна. Энэ процессийг та хэрхэн харж байна вэ?

-Оюу толгойн гэрээг байгуулсны төлөө барьж, хорьсон гэж бодохгүй байна. Хэрэв тийм бол хамгийн утгагүй зүйл энэ болно. Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд кабинеттайгаа хамтраад асуудал боловсруулж Их хуралд оруулсан, улс төрийн шийдвэр гаргуулсны төлөө эрүүгийн хэрэг хийсэн мэт үзэж, хандаж болохгүй. Энэ гэрээг байгуулах явцдаа авлига авч уу, үгүй юу гэдгийг тодруулахын тулд шалгаж байна гэж харж байгаа. Ямар тохиолдолд гадуур шалгаж болдог, ямар тохиолдолд болдоггүй вэ гэдгийг хуульд тодорхой заасан. Энэ хүмүүс хаашаа ч зугтах талаар бодоогүй. Тэр бүү хэл нэг нь өвчтэй дүүгээ гадаадад сахиж байгаад “Надад хийсэн буруу зүйл байхгүй. Би очиж мэдүүлгээ өгье” гээд хүрээд ирсэн. Энэ хүмүүс зугтлаа гээд хаашаа явах вэ дээ. Аль ч талаараа тийм бодол огт байхгүй гэдэгт би итгэлтэй байгаа. Ингэж хорьж байгааг нь туйлын буруу гэж бодож байна. Хуулийг харсан ч тэр, тэр хүмүүсийн зан чанар, боловсрол, асуудалд хандах хандлагыг аль ч талаас нь бодсон шоронд суулгах шаардлага байхгүй. Шалгах зүйлээ шалгаад, очиж байцаагдаад явах боломжтой. Сэжиглэгдэж байгаа зүйлс нь үнэн зөв үү гэдгийг тогтоох боломж байна. Би өнөөдөр сайдын алба хашиж байгаа. Тодорхой шийдвэр гаргах эрх нь надад бий. Тэр шийдвэр зөв, буруу байна уу гэдэг дээр улс төрийн хариуцлага хүлээхээс биш өөрөө идэж ууж, авлигад автчихаагүй бол эрүүгийн хариуцлага хүлээх тухай асуудал байдаггүй юм.

Нэр нь холбогдоод байгаа гадны компаниудыг хүртэл боломж бий бол шалгах, мэдээлэл авах хэрэгтэй шүү дээ, тийм биз дээ. Эс бөгөөс үүний цаана өс хонзон авах гэсэн, улс төрийн өрсөлдөгчөө намнах гэсэн зүйл байгаа юм биш үү гэж өөрийн эрхгүй хардахад хүргэж байна.

-Засгийн газрын хуралдаанаар 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн Их хуралд өргөн барьсан. Ирэх оны төсвийг хэрхэн ангилж, харсан бол?

-Төсвийн хүрээний мэдэгдэл ирэх жилийнхээ төсвийн гол параметр үзүүлэлтийг тодорхойлж, тэр хүрээндээ төсвөө боловсруулна. Тиймээс аль салбарт хэдэн төгрөг байх вэ гэж нарийн яригддаггүй. Наймдугаар сард Засгийн газар 2019 оны төсвөө боловсруулаад Их хуралд өргөн барина. Тэр үедээ салбар салбарын чиглэлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт байх вэ, нөхцөл байдалтайгаа хэрхэн уялдуулах талаар ярина. Түүнээс өмнө УИХ, Засгийн газар, ҮАБЗ-д зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл хийгээд 2019 оны төсөвт салбарынхаа төсвийг нэмэгдүүлмээр байна гэдэг санаагаа танилцуулна гэж бодож байгаа. Бид хууль тогтоомжтойгоо уялдуулсан зохицуулалт хийж чадвал гаднаас авах буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх боломж бий. Энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулаад явж байна. Засгийн газрын хуралдаанаар удахгүй хэлэлцэж, ҮАБЗ-д танилцуулна. Бид зөвхөн төсвөөс мөнгө хүлээгээд суух биш гадаад харицлаандаа тулгуурлан орлого, боломжоо нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт байж болно гэж харж байгаа. Үүнийгээ тусгайлан ярина.

-Ардчилсан намын бүлгээс Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж сайд нарыг огцруулах саналаа оруулж ир. Оруулж ирэхгүй бол Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барина гээд байгаа. Таны байр суурь ямар байгаа бол?

-Сайд нар, Засгийн газрыг огцруулах асуудал байнга яригддаг зүйлсийн нэг. Хоёр сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн гэж сонссон. Хэвлэлээс огцруулах шаардлагын үндэслэлүүдийг нь харсан. Засгийн газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хууль зөрчсөнийг нь тогтоосон зүйл алга, цаашид ч гарахгүй. Та надаас асууж байхаар Ардчилсан намынхнаас асуу. Даанч улс төржиж байгаагаа хэлэхгүй л дээ.

-Та Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг ахлан нэлээд ажилласан. Сүүлийн үед харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нам гүм болчихлоо. Өнөөдөр ямар шатанд яваа бол. Хаврын чуулганд хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэж бүлэг шийдсэн. Манай намын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж орсон. Нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа болохоос Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш. Чиглэж байгаа зүйл нь яавал шийдвэр гаргаж байгаа механизмаа илүү ойлгомжтой болгох вэ, хэн ямар шийдвэр гаргасныхаа төлөө ямар хариуцлага хүлээдэг болох вэ гэдэгт байгаа юм. Сахилга, хариуцлагыг илүү ойлгомжтой болгох. Миний итгэл үнэмшилтэйгээр барьж ирсэн шугам бол төрийн тогтолцоог сонгодог парламент тал руу нь илүү ойртуулсан зарим нэг нэмэлт, өөрчлөлт хийж болно, хийх шаардлагатай гэж үздэг. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа ч гэсэн энэ чиглэлд анхаарч, ажиллаж ирсэн. Бүлгээр хэлэлцээд Үндсэн хуульд орох нэмэлт, өөрчлөлтийг үг үсгээр нь томьёолох, УИХ-д оруулахад эцэслэн бэлтгэх ажлын хэсгийг бүлгээсээ байгуулан ажилдаа орсон. Үүний дагуу томьёолоод УИХ-д оруулна. Мэдээж явцад нь ярилцах, зөвшилцөх, санал авах зүйлс бий. Дашрамд дурдахад Зөвлөлдөх санал асуулга гэж явуулсан. Хүмүүс янз бүрээр шүүмжилж байгаа. Бид хаана ч байдаггүй бузар булай зүйл сэдээд хийх гээд байгаа юм биш. Олон улсад хэрэглэж ирсэн практикийн дагуу санал асуулга явуулсан. Үүний дараа өнгөрөгч зун Төрийн байгуулалтын байнгын хороо улс орон даяар хэлэлцүүлэг явуулж амралтгүй ажилласан. Тэндээс гарсан санал дүгнэлтүүдээ нэгтгээд зургаан сэдвээр асуултууд бэлдсэн. Их хурлаар оруулаад ийм хүрээнд санал асуулга явуулъя гэдэг шийдвэр гарна. Дараа нь орон даяар сонгууль явуулж байгаа юм шиг тэр асуудлуудаар за, үгүй гэсэн хариулт авах ард нийтийн санал асуулга явна. Эцэст нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдана.

УИХ, ажлын хэсгээс бэлдэж ард түмэнд хүргэсэн саналууд дэмжигдвэл автоматаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод явна. Дэмжигдэхгүй бол тэр чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохгүй гэсэн үг. Нэг зүйлийг зориуд тодруулж хэлэхэд, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэж байна, ард түмнээс асуулгүй МАН-ын 65 гишүүн дангаараа шийдэх гэж байна гэдэг ташаа мэдээллийг санаатайгаар явуулж байгаа. Тийм зүйл байхгүй гэдгийг хатуу хэлье. Ард түмнээс санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж хуулиараа байхгүй.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орлоо гэхэд маргаашнаас нь хэрэгжээд явах юм биш. Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал байлаа гэхэд 2021 оноос хойш хэрэглэгдэнэ. Хэлэлцүүлэг, санал асуулга явж байхад маш идэвхтэй сөрөг сурталчилж, эсэргүүцэж байсан. Одоо дахин ийм яриа гарч магадгүй. Хүмүүст буруу ташаа мэдээлэл өгч иргэдийн эгдүүцлийг төрүүлээд юу ч гэж худлаа ярьсан итгэх хэмжээнд хүргэж ард түмнийг хуурч болохгүй.

-Хаврын чуулганы хугацаанд амжих юм уу?

-Бид амжуулна гэж ажиллаж байгаа. Би тэнцүүхэн бүрэлдэхүүнтэй Их хурал, нэг нам нь хэт давамгайлсан мөн олон намаас бүрдсэн Их хуралд ч сууж байлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах яриа гарах бүрт ямар нэг шалтаг гаргаж зогсоодог. Нэг тал нь хэт олон байвал хүчээр түрж батлах гэлээ гэдэг. Тэнцүүхэн байвал цөөнхөн нам Их хуралд байна. Олон намын төлөөллийг багтаасан байх ёстой гэдэг. Олон намтай үед бас нэг шалтаг гаргаж ирдэг. Тухайн цаг үе бүрт дандаа үгүйсгэдэг шалтгаан тоочсоор байгаад өдийг хүрсэн.

Цаг хугацааны хувьд Үндсэн хууль батлагдаад 26 жил болчихлоо. Үндсэн хууль батлагдаж байсан үеийн нийгмийн сэтгэлгээ, энэ нийгмийн тухай тэр үеийн хууль тогтоогч нарын мэдлэг, ойлголт, туршлага их өөр байсан. 26 жилийн турш бид энэ Үндсэн хуулийнхаа хүрээнд амьдраад ирлээ. Энэ хугацаанд алдсан нь ч олон, оносон нь ч олон байлаа. Бид өөрсдийн бие дээрээ туршсан туршлагатай болсон. Үүн дээрээ үндэслээд зөвхөн өнөөгийн Их хурал ч биш, өмнөх хоёр парламентын үед яригдсан зүйлс шүүн тунгаагдан гарч ирсээр байгаад өнөөдрийн зургаан сэдэв үлдэж байгаа юм. Үндсэн хуулийг бүтнээр нь өөрчилнө гэвэл Монгол Улсад төрийн тогтолцоогоо өөрчлөөд тэс өөр зүйл рүү явна гэсэн үг. Өнөөдрийн хуулийн хүрээнд тийм зүйл хийх боломж байхгүй. Учир нь одоогийн Үндсэн хуульд Монгол Улс ийм замаар явна гээд хүний эрх, эрх чөлөө, чөлөөт ардчилсан хүмүүнлэг нийгэм, нээлттэй эдийн засаг, парламентын засаглал гэсэн гол зүйлсийг хөндөхгүй гээд тунхаглачихсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ бүгдээ давхар хийчихсэн болохоор үүнийг үгүйсгэсэн Үндсэн хууль гаргана гэвэл өнөөдрийн төрийн тогтолцооны эсрэг үйл ажиллагаа явагдаж байна гэж харахаас өөр замгүй.

-Засгийн газар хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно гээд байгаа ч Ерөнхийлөгч 100 хувь олгох хэрэгтэй гээд байгаа. Ямартаа ч хамтарсан ажлын хэсэг гарч ажиллахаар болсон. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байгаа юу?

-Бид хүүхдийн мөнгө, хөрөнгө оруулалтаас эхлээд аливаа асуудалд бодит байдлаас нь хандах учиртай. Хөнжлөөсөө хөлөө гаргалгүй хөнжилдөө багтаад хөлөө баруун, зүүн тийш жийх үү гэдэг нь бидний дотоодын асуудал. Хөнжлөөсөө хөлөө гаргавал хөл даарна даа. Үүнтэй л адилхан нөхцөл байдалд бид байна. ОУВС гэдэг байгууллагатай хөтөлбөр байгуулж байгаагийн гол ач холбогдол нь тэр байгууллага Монгол Улсын эдийн засаг ямар байна вэ гэдгийг халууны шил шиг үзэж, цаашид дэмжиж туслаад явбал үр дүн гарах нь уу, үгүй юу гэдгийг харуулж байдаг барометр байгууллага. Тэд Монгол Улс ийм зүйл дээрээ алдаж байсан юм байна. Үүнийг зогсоочихвол боломж байна гээд шийдвэр гаргавал үүнийг нь дагаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон манай улстай хамтран ажилладаг компани, байгууллагууд дохио авч яахаа тодорхойлдгоороо чухал. Түүнээс дан ганц ОУВС-ын ч асуудал биш юм. ОУВС-тай Монгол Улс хамтрахаар боллоо гэсэн мэдээ гарангуут бусад улс орнууд Монголд хөрөнгө оруулж, хөнгөлөлттэй зээл өгч болох юм байна гэж үздэг. Хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа мөнгөний багахан хувийг ОУВС-гийн мөнгө эзэлдэг юм шүү дээ. Япон, БНСУ, Энэтхэг, ОХУ, БНХАУ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилт зээл, тусламж, хөрөнгө оруулалт, үүнтэй уялддаг. Ингэснээр эдийн засгийн суурь гайгүй сайжирсан. Аюул өнгөрөөгүй байгаа ч унаж явсан эдийн засаг тогтворжиж, өсөх хандлагатай болсон. Бид нэг зүйлийг мартаж болохгүй. Төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг. Гаднаас зээл тусламж аваад ч төсвийн алдагдлаа нөхөж чадахгүй амьдарч байна.

Мөн өмнөх жилүүдэд хуримтлагдаж ирсэн ихээхэн хэмжээний өр, зээлээ төлөөд явж байгаа. Бид хүссэн бүхнээ санхүүжүүлээд явах боломж алга байна. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэсэн улс төрийн шийдвэр гаргалаа гэхэд бусад салбарын төсвөөс хасах болно. Түрүүн хэлсэн зэвсэг техникийн мөнгө, цагдаа, эмч, багш нарын цалин, тэтгэвэр тэтгэмж, хөрөнгө оруулалтаасаа хасаад хүүхдийн мөнгийг 100 хувь олгож болно. Гэтэл нөгөө салбарууд нь яах вэ. Манай намын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэсэн заалт бий. Эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулан 2020 он гэхэд бид энэ зорилтоо хэрэгжүүлж чадах болов уу гэсэн зорилт тавин ажиллаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *