Categories
мэдээ нийгэм

“Би хариуцлагатай аав, ээж” зөвөлгөөн боллоо

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойн хүрээнд хүүхдийн төлөө байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн удирдлагууд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөнийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

Зөвлөгөөнөөр хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн эерэг харилцаа, хүмүүжлийн эерэг арга хэлбэрийг олон нийтэд танилцуулан хүүхдийн төлөө хүн бүр хариуцлагатай байхыг уриалах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хот хүүхдийн байгууллагын тэгш ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөн юм. Түүнчлэн нийслэлийн удирдлагын зүгээс хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч ажиллана. Миний бие Улаанбаатар хотын хүүхдийн төлөө зөвлөлийг удирдан ажилладаг. Энэ зөвлөл ээлжит хурлаа хийж тодорхой асуудлууд дээр шийдвэр гарган ажиллаж байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн телефоны комданиудын антенуудыг буулгаж, хэт долгионоос хүүхдүүдээ хамгаалах, шаардлага хангахгүй байгаа цахим тоглоомын газруудыг цэгцэлж, хяналтыг сайжруулах үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгсөн. Хүүхдээ сонсох өдөртэй болж, хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих хөтөлбөрийг НИТХ-аар батлуулан хэрэгжүүллээ. Түүнчлэн хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллаж байгааг та бүхэнд хэлэхэд таатай байна. Улаанбаатар хот хүүхдийн хүчирхийлэлгүй хот байхын төлөө бүхий л шатанд чармайн ажиллана” хэмээн онцолж байв.

Зөвлөгөөний үеэр Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг “Гэр бүлийн чанартай цаг”, ОУ-ын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо”, МУБИС-ийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхмийн ахлах багш М.Нямдорж “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал” сэдвээр илтгэл тавив. Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлж, уриалгаа гаргах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *