Categories
мэдээ нийгэм

Сувилагч Х.Болормаа: Нэг сувилагч 2-3 хүний ажлыг хийдэг ч цалин бага

Монголын эрүүл мэндийн салбарын ажилчид УДЭТ-ын өмнөх талбайд жагсаал хийлээ.Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яаманд мэдэгдэл хүргүүлж, цалингаа нэмүүлэхийг шаардсан. Гэвч эдорвитой хариу ирээгүй гэж үйлдвэрчний эвлэлийн холбоо үзэж байна.

Хөдөө орон нутаг 21 аймаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүрэг, нийслэлийг төлөөлсөн 5000 гаруй эмнэлгийн байгууллагын ажилчид цугласан гэж зохион байгуулагчид ярив. Нутаг нутгаараа, дүүрэг дүүргээрээ, ӨЭМТ-үүдээрээ эгнээ болон зогсож, зохион байгуулалт сайтай тайван жагсаал боллоо.

Жагсаалыг нээж Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар хэлэхдээ:

-Монголын эрүүл мэндийн салбарынхан ямар хүчтэй, яаж эвлэлдэн нэгдэж чаддаг вэ гэдгээ харуулах цаг ирлээ. Бидний өмнөх тавьсан шаардлагын хариуг одоо болтол өгсөнгүй. Арга заль хэрэглэж явсаар өдийг хүрлээ. Бид цөхөрч байна. Яагаад бид энэ талбайг сонгосон бэ гэвэл өмнө нь бид Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах хүсэлт гаргаж байсан. Тэр өдөр нь өөр жагсаалтай гээд бидэнд ялалтын талбайн хэсэгхэн газар олгосон. Гэвч тэр өдөр нь талбай дээр ямар ч арга хэмжээ болоогүй. Бид үгээ хэлээд, аргаа бараад төрийн ордонг тойрч алхаад тарж байсан. Өнөөдөр бид төрийн түшээдийн өөдөөс харж зогсоод жагсаалаа албан ёсоор эхлүүлж байна. Гэхдээ бид энд үгээ хэлэхгүй. Эрүүл мэндийн яамны үүдэнд очиж хэлнэ. Тэр хүртэл бүгд машины араас дөрвөн эгнээ болон алхаж явна. Бидэнтэй цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байгаа. Зам хааж биднийг гаргаж өгөхөд тус болно. Эрүүл мэндийн салбарынхан ямар хүчтэй, ямар эвтэй, эвлэлдэн нэгдэж чаддаг гэдгийг дахин сануулъя гэв.

Түүнийг үг хэлэх үеэр жагсагчид уухайлан түрж байлаа. Ингээд бүгд эгнээ барин, Эрүүл мэндийн яамны зүг алхсан юм. Энэ үеэр Нийслэлийн өргөө амаржих газрын сувилагч Х.Болормаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та аль байгууллагыг төлөөлж жагсаалд оролцож байгаа вэ?

-Би Нийслэлийн өргөө ажиржих газар 13 жил, эрүүл мэндийн салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд бэрхшээл их тулгарч байсан. Одоогийн нөхцөлд ажиллахад үнэхээр хүнд. Нэг сувилагч 2-3 хүний ажлыг зэрэг хийдэг. Ачаалал ихтэй, хүний нөөц хомс байна.

-Ажиллах орчин нөхцөл хэр вэ?

-Бид өнөөг хүртэл дуугүй явсаар үнэхээр цөхөрч байна. Одоо бол бид дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон. Бидний ихэнх нь банкны зээлтэй, байрны лизингтэй байгаа. Тэгээд авч байгаа цалин нь хаанаа ч хүрдэггүй. Ажлын ачаалал их, орон тооны хүрэлцээ багатай нөхцөлд ажилладаг.

-Цалин хэдийг авдаг вэ, хэдэн хувиар нэмэхийг шаардав?

-Одоо миний үндсэн цалин 490 мянган төгрөг. Үүнээс суутгагдаад гар дээр 340-360 мянган төгрөг авдаг. Энэ нь амьдралд хүрэлцээ багатай. Цалингаас цалингийн хооронд өр тавьж амьдарч байна. 50-иас дутуугүй хувиар нэмүүлэх шаардлага тавьсан. Ер нь бол эрүүл мэндийн салбарынхныг төр засгаас харж үзэх цаг болсон гэж бодож байна гэв.

Эмч, сувилагч, асрагч нар оролцсон уг жагсаал УДЭТ-ын өмнөх талбайг нар зөв тойрч Эрүүл мэндийн яамыг чиглэлээ. Энэ үеэр жагсаалыг зохион байгуулах хорооны гишүүн Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дэд дарга Ч.Нарантуяатай ярилцлаа:

-Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардан жагсаал хийхэд дагаад сувилагч нарын цалинг нэмсэн үү?

-Ер нь бол улс орны эдийн засгийн байдал хүнд гэдэг шалтгаанаар 2014 оноос хойш цалин нэмээгүй. Оны өмнө гал унтраах маягаар төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараасан. Тэр нь яг 300 мянгаараа ирээгүй. Суутгалууд хийж явсаар яг гар дээр хоёр зуу гаран мянган төгрөг л ирсэн. Энэ бол цалин нэмсэн хэрэг биш нэг удаагийн мөнгөн тэтгэмж маягаар өгсөн. Эрүүл мэндийн салбарын хүмүүс зүрх сэтгэлээрээ л ажиллаж байгаа даа.

-Өмнө нь өгсөн шаардлагын хариу ирсэн үү?

-Ирэх нь ирсэн. Гэхдээ цаг хугацаа хожих гэсэн, өдөр хоног зогоосон, арга саам хийсэн тодорхой бус хариу ирсэн. 2014 оноос хойш иймэрхүү хариу ирүүлсээр өдийг хүрлээ. Дөрвөн жил цалин нэмсэнгүй.

-Өмнө нь олон улсын сувилагч нарын өдрөөр дорвитой хариу өгөхгүй бол ажил хаяна гэж байсан. Гэтэл яагаад өнөөдөр жагсаал хийх болов?

-Тавдугаар сарын 12 олон улсын сувилагч нарын эрхийг хамгаалах өдөр байдаг. Ажил хаях мэдэгдэл авсан байгууллагууд яг энэ өдөр том том арга хэмжээ зохион байгуулдаг учир тухайн өдөр боломжгүй болсон. Тиймээс өнөөдрийг сонгон авч давхардуулахгүй гэдэг үүднээс жагсаж байгаа. Энэ жагсаалын хариуг ажлын гурван хоногт багтаан тавдугаар сарын 11-ний дотор авахыг шаардсан. Хэрэв 11-нд хариу ирэхгүй бол дараагийн шатны тэмцлийн арга хэмжээг авна гэдэг шийдвэрийг гүйцэтгэх зөвлөлийн хурлаар гаргалаа.

-Энд хичнээн эмнэлгийн байгууллагын ажилчид цугласан бэ?

-21 аймаг, аймгийн төвүүдээс алслагдсан сумдын эмнэлгүүд, есөн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилчид ирсэн. 70-80-аад эмнэлгийн төлөөлөл, нийт 5000 гаруй хүн цугласан байгаа.

-Жагсаалаа хэзээнээс хийхээр төлөвлөв, зөвшөөрлөө хаанаас авсан бэ?

-Бид дөрөвдүгээр сарын 30-нд салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн зургаадугаар их хуралдаанаа хийсэн. Энэ хуралдаанаас өмнөх тавьсан шаардлагын хариу биднийг үл хүндэтгэсэн, тавьсан шаардлагад нийцэхгүй хариу ирүүлжээ гэж үзсэн. Тиймээс энэ үл хүндэтгэсэн байдлыг таслан зогсооё, шийдвэртэй хариу авмаар байна гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс хойш бэлтгэлээ хангаж байгаад жагсаалаа хийлээ. Жагсаал хийхэд мэдээж зөвшөөрөл авна. Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргаас зөвшөөрлөө авсан.

-Энэ гурав хоногт шаардлагын хариу ирэхгүй бол ажил хэзээнээс хаях вэ? Тодорхой хугацаа заасан уу?

-Ажил хаялт хуулийн хугацаатай байдаг. Гэхдээ төр засаг шийдвэр гаргахгүй биднийг үл ойшоож байгаа учир хугацаа алдалгүй даруй эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. 11-нд ямар хариу ирэхээс шалтгаалж, нааштай хариу ирээгүй тохиолдолд ажил хаялтыг шууд эхлүүлнэ. Төр засаг хэлэлцээрийн ширээнд сууж, олон мянган хүний эрх ашиг хөндөгдсөн энэ асуудлыг нааштайгаар шийдээсэй гэж хүсэж байна.

-Сувилагч нар Солонгос руу гурван сарын визээр их гарах болсон гэж байсан. Тэр урсгал шаардлага тавьснаас хойш багассан уу?

-Бүр нэмэгдэж байна. Одоо бүр Солонгост байгаа хүмүүсээс ч энэ жагсаалыг дэмжсэн захидал бичиг ирж байгаа. Ээлжийн амралтаараа яваад ирье гэсэн хүн зургаан сард авдаг цалингаа нэг сарын дотор авч байна. Тиймээс цалин, цалингийн үнэлэмжийг нэмэхгүй бол энэ урсгал хэзээ ч багасахгүй.

-Гурван сарын визээр гадаадад гарсан эмч сувилагч нар “харлаж” үлдэх тохиолдол бий юу?

-Хүний амьдрал юм чинь амьдралаа өнгөтэй өөдтэй авч явахын тулд тэнд үлдэх нь их болсон. Хүүхдийн сургалтын төлбөр, байрны лизинг, банкны зээл гээд бүх л хүн асуудалтай байгаа гэлээ.

Жагсаал цааш үргэлжилж эрүүл мэндийн яамыг чиглэсэн. Эрүүл мэндийн салбарын ажилчид бүгд нэг дуугаар шаардлагаа уншиж, замын цагдаа нар зам хааж өгч байв.

С.ОТГОНБАЯР


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *