Categories
мэдээ нийгэм

Аавууд орцондоо хүүхэлдэйн киноны баатруудыг “амилуулжээ”

БЗД-ийн II хорооны “Эрдэм хотхон”-ы байрны аавууд орцондоо хүүхэлдэйн киноны баатруудыг зуржээ. Энэ талаар аавуудын төлөөлөл Ш.Доржсүрэнгээс тодрууллаа.


-Орцоо гоёх санаа яаж төрсөн бэ?

-Манай байр ШУТИС-ийн багш ажилчдын 180 айлын орон сууц. СӨХ-оос орцнууд дунд “Орцоо хэрхэн тохижуулах вэ” гэсэн уралдаан зарласан. Орцныхоо аавуудтай ярьж байгаад зураг зурах санаа гаргасан.

-Яагаад хүүхэлдэйн киноны зураг зурах болов?

-Хүүхдэд зориулж юм хийх ёстой юм байна гэсэн үүднээс ханан дээр зураг зурах санааг аавууд нийлж гаргасан. Бидний дунд зураач хүн байхгүй. Эхлээд дүрсийг нь ханан дээр гаргаад тэгээд зурж эхэлсэн.

-Нийт хэдэн орцтой вэ?

-Нийт найман орцтой. Бид хамгийн түрүүнд дуусгасан. Эхний дөрвөн байр шалгаруулна. Хүүхдийн зурагтай орцон дотор хүмүүс хог хаяхгүй, тамхи татахгүй байх жишээтэй. Хүүхдүүд бол маш их дуртай байгаа. Бусад орцны хүүхдүүд ирж сонирхоод байгаа.

-Хэдүүлээ зурав?

-Долоон аав зурсан.

– Зурах ажлаа яаж санхүүжүүлэв?

-Бид өөрсдөө санхүүгээ шийдсэн. Нэг орцонд 25 айл байдаг. Нэг айлаас 15000 төгрөг цуглуулаад будаг хэрэгсэл бүх юмаа авсан. Долоон хүн мөнгөө цуглуулаад нэг давхраас эхлээд зурж эхэлсэн. Хүмүүс хараад оролцохгүй ч гэсэн мөнгөө нэмэрлээд эхэлсэн. Шат болгоны хажууд зураг зурсан байгаа.

-Хэр хугацаанд зурсан бэ?

-Ес хоногийн хугацаанд зурж дууссан. Өдөр нь бид ажилтай учраас орой 19:00 цагаас хойш зурдаг байсан. Будахад ээжүүд, хүүхдүүд оролцсон.

-Монгол Улсын газрын зургийг нэг давхарт зурсан байсан?

-Танин мэдэхүйн зорилгоор зурсан. Хүүхдүүдийг ном харуулаад цээжлүүлэх гэхээр амаргүй. Нүдэнд нь дасал болгох зорилгоор зурсан. Бид газрын зургаа зураад аймгуудыг хуваагаад орхисон. Хүүхдүүд өнгө ялгаад будсан. Гэрийн ханан дээр янз бүрийн зүйл эрээчдэг тэд маань орцны ханан дээр зурахдаа дуртай байсан.

-Цаашдаа орцондоо юу хийх төлөвлөгөөтэй байна?

Шатны гишгүүрийн зайд хүүхдүүдэд зориулсан мэдээлэл өгөх зүйл хийх гэж байгаа. Жишээ нь таван давхар шатаар гарлаа гэхэд хэдэн клори шатаасан байна гэх зэрэг. Бид дундаа нэг үйлчлэгчтэй. Хоёроос гурав хоноод цэвэрлэдэг байсан. Одоо бол “Танай орцыг цэвэрлэх дуртай” гэсэн. Хүмүүс сайхан үгс хэлж байгаа.

Харин СӨХ-ны дарга Х.Баттулга ярихдаа:

Манай байр ШУТИС-ийн багш ажилчдын байр. Би энэ байрны СӨХ-г хариуцаад таван сар болж байна. Сууц өмчлөгчдийг холбооноос “Орцоо хэрхэн тохижуулах вэ” гэсэн уралдаан зарласан. Найман орцтой учраас дөрвөн байр шалгаруулъя гэсэн санал гаргасан. Эхний байранд 100 хувь, хоёр 80 хувь, гурав 50 хувь, дөрөв 30 хувь гаргасан төлбөрийг буцаан олгоно. Эхний орцны ажил дууссан. Бид багш, ажилчдынхаа ажлын цаг завыг харж байгаад зургадугаар сарын 10-нд шалгаруулалтаа хийнэ. Энэ орцонд залуу гэр бүлүүд ихэнх нь. Доод тал нь нэгээс хоёр хүүхэдтэй хүмүүс амьдардаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ саналыг сонсоод хүүхэлдэйн киноны баатрууд зурахаар шийдсэн. Мөн хаалганы өнгөтэй ижилхэн бор өнгөөр шатны бариул будсан. Цонхны тавцан бүрт хоёр цэцэг тавьж байгаа. Орц тохижуулах төслийг хувийн хөрөнгөөрөө гаргаад, дээд тал нь 200 мянган төгрөгт багтаах үүрэг өгсөн. Яагаад өөрсдөөс нь гаргасан бэ гэхээр дундын эзэмшлийг өөрийн юм шиг хайрлах хэрэгтэй гэдэг үүднээс. Хүмүүс ихэвчлэн шат, коридорыг СӨХ-ны өмч юм шиг ханддаг. Тохижуулчихаар хүмүүс өөрөөр хараад эхэлж байна. Өөрийн хийсэн зүйлээ хүн муухай болгохыг хүсэхгүй. Нийтийн эзэмшилдээ өөриймсөг сэтгэлээр хандах хэрэгтэй. Тохижилт үйлчилгээнд оролцдоггүй хүмүүс хүний сэтгэлээр хандаад байгаа юм л даа гэв.

Б.НОМИН-ЭРДЭНЭ



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *