Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Орчин цагийн түүхэнд улс төрийн шийдвэр гаргасны төлөө Ерөнхий сайд аснуудаа хорьж байсан түүх байхгүй

Саяхан Монгол Улсын 2017 оны ТОП 100 ААН-ийг тодрууллаа. Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 5.3 хувиар өсөв. 2016 онтой харьцуулахад 2017 онд ТОП 100 ААН-ийн улсад төлсөн татварын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 2.6 их наяд төгрөгт хүрчээ. Тэдний төлсөн татвар улсын төсвийн 40 хувийг бүрдүүлсэн байна. Энэ талаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-ТОП 100 ААН-ийн шалгаруулалтыг та Баялгийн баяр гэж нэрлэсэн байна.

-ТОП 100 ААН-ийг шалгаруулах ажиллагаа сүүлийн гурван жил цэвэр статистик үзүүлэлтээр шалгарч байгаа. Сүүлийн жилүүдэд Төрийн ордонд хийдэг болсон нь төрөөс бизнесмэнүүддээ үзүүлж байгаа хүндэтгэл гэж ойлгож болно. Манай баялаг бүтээгчид өнгөрсөн жил үнэхээр амжилттай ажилласан. Энэ утгаараа ТОП 100 шалгаруулах ажиллагаа бол “Баялгийн баяр” мөн л дөө.

-ТОП 100 ДНБ-ий 93 хувийг үйлдвэрлэдэг юм уу?

-Тийм. Энэ компаниудын орлого нэмэгдэхээр тэр хэрээр бусад жижиг компаниудын нийлүүлэлт нэмэгдэнэ. Тэр хэрээр ажлын байр, цалин баталгаатай хадгалагдаад зогсохгүй, нэмэгдэнэ.

-Гурван жилийн өмнөхөөс энэ жил ТОП 100-гийн бүтэц өөрчлөгдсөн үү?

-Энэ жил уул уурхай сэргэсэнтэй холбоотойгоор хэд хэдэн уул уурхайн компани шинээр орж ирсэн. Хямралын жилүүдэд бол уул уурхайн компаниудын олонх нь сураггүй болж байсан. Тэр үед үйлчилгээ, хөдөө аж ахуй гэх мэт бусад салбаруудаас түлхүү орж байсан. Өмнөх жилүүдэд арван сая тонн нүүрс олборлож байсан бол өнгөрсөн жил 30 гаруй сая тонн нүүрс олборлосон. Ингэхээр уул уурхайн компаниуд олноор орж байгаа юм.

-ТОП 100-гаас олон юм харж болох байх. Эдийн засаг солонгорох шинж тэмдэг харагдана уу?

-Байна. Тогтмол шалгардаг арван хэдэн компани байдаг. Тэд маань, худалдаа, үйлчилгээ, хүнсний компаниуд байгаа. Ийм компаниудын ашиг, алдагдал савлагаа багатай байдаг. Жишээлбэл, Энержи ресурс нэг хэсэг сураггүй байж байгаад сая орж байх жишээтэй. Зөвхөн татварт гурав гаруй их наяд төгрөг өгсөн чинь цаанаа бас тодорхой ашиг үлдэж байгаа. Тэр мөнгөө хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэт өөрийгөө нөхдөг салбар луу оруулах байх. Ер нь бол жил бүр шинээр 15-18 компани ТОП 100-д орж ирдэг. Энэ хөдөлгөөнөөс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг харж болно.

-Олон жил тэргүүлсэн компани хэр их байна?

-Ер нь тогтмол ТОП 100-д шалгардаг 60-аад компани байдаг. Энэ компаниуд эдийн засагт хамгийн нөлөө бүхий, татварын бааз суурь нь найдвартай компаниуд гэж харагдаж байгаа юм. Мөнгө, санхүү муутай үед банкууд тэргүүлдэг байсан бол өнөөдөр үйлдвэрлэлийн компаниуд хүчтэй түрж орж байна. 2017 оны ТОП 100-д уул уурхай, банк санхүүгийн 30 компани л байна. Энэ бас эдийн засгийн бүтэц нааштай өөрчлөгдөж байгаа нэг үзүүлэлт.

Эрдэнэс Таван толгой ХК, Таван толгой ХК, Энержи ресурс компаниудын эзэмшиж байгаа хөрөнгө ялгаатай боловч ашиг, орлого хол зөрүүтэй байна. Саяхан Энержи ресурс-ын захирал Г.Батцэнгэл намайг захирлын ажлыг арван жил хийж байхад Эрдэнэс Таван толгой-н захирал арван удаа өөрчлөгдсөн гэсэн ярилцлага өгсөн байна.

-Тэр хүн өөрийн ажлын туршлагаас ярьж байгаа байх. Би харин “Эрдэнэс Таван толгой”-н захирал өөрчлөгдөж байгаа бол шинэ Ерөнхий сайдтай болжээ гэж ойлгодог. “Таван толгой” ХК орон нутгийн болон хувийн өмчит компани. “Энержи ресурс” бол 100 хувь хувийн өмч. Харин “Эрдэнэс Таван толгой” ХК 100 хувь төрийн өмч. “Энержи ресурс” нүүрсээ олборлоод, боловсруулаад, тээвэрлээд зах зээлийн үнээр зарж байхад “Эрдэнэс Таван толгой” нүүрсээ уурхайн аман дээрээс маш хямдхан зараад сууж байгаа юм.

-ТОП 100-д төрийн өмчийн компаниуд байна уу?

-16 компани бий.

-Тэд хэр татвар төлсөн бол?

-1.8 их наяд буюу 60 орчим хувийг төлсөн. Энэ компаниуд манай эдийн засагт маш их нөлөөтэй компаниуд. Энэ компаниудын менежмэнтийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл бүр орлого нэмэгдэнэ. Гэхдээ одоо зүгээр суугаагүй байх. Эрх мэдэл бүхий албан тушаалтны ярьснаар төрийн өмчит компаниудыг хувьчлах, хувьцаат компани болгох талаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ ажлаа түргэвчилбэл улс орны эрх ашигт улам л сайнаар нөлөөлнө.

-Хөрөнгө оруулалтаа нөхсөн Эрдэнэт-ийн татвар нэг төгрөгийн ашигтай ажиллаагүй Оюу толгой-той харьцуулахад арай л бага биш үү?

-“Оюу толгой”-н нөөц “Эрдэнэт”-ийнхээс хоёр дахин том л доо. Та статистикийн таван үзүүлэлтийн нэг болох ашгийн хэмжээний үзүүлэлтийг ярьж байх шиг байна. Үнэхээр энэ үзүүлэлтээр “Оюу толгой” хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн. Учир нь “Оюу толгой” ашиг олох нь бүү хэл, хөрөнгө оруулалтаа нөхөөгүй. Гэхдээ ажилласан өдрөөсөө эхлээд бүх татвар хураамжаа төлөөд явж байгаа. Арван жилийн дараа “Эрдэнэт”-ийн нөөц бас л асуудалтай болно.

Оюу толгой-н гэрээ байгуулсан сайд нар асуудалд ороод байна. Үүнийг юу гэж харж байна?

-1997 оноос өмнөх ашигт малтмалын хуулиар бид “Бороо гоулд”-д чадуулчихсан. Тодорхой хугацаанд татваргүй байх гэрээ байгуулсан. Гэтэл нөгөөдүүл чинь татваргүй байх хугацаандаа бүх алтаа гаргачихсан. Үүнээс үүдээд иргэний хөдөлгөөнүүд тэмцэл өрнүүлсний хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн ачаар өнөөдөр “Оюу толгой”-гоос бүх татвараа авч байна. “Оюу толгой”-н гэрээ байгуулах үе бол маш хүнд, хямралтай үе. Гэрээ байгуулах эрхийг УИХ сайд нарт олгосон. Гэрээ байгуулсан нь улс төрийн маш том зориг. Энэ гэрээг байгуулсан асуудалд сайд нарыг буруутгаж болохгүй. Гэрээ байгуулахдаа цаана, наана нь буруу юм хийсэн байдаг юм бол тэр нь тусдаа асуудал. Гэрээ бол улс төрийн шийдвэр. Тэр тусмаа өнөөдөр ашигтай гэдэг нь олон зүйлээр батлагдчихаад байхад.

-Хуулиар Оюу толгой-н хөрөнгө оруулалтыг хэн шийдсэн бэ?

-Тухайн үеийн хуулиар стратегийн хөрөнгө оруулалт 300 сая ам.доллараас дээш бол УИХ, 100 сая ам.доллараас дээш бол Засгийн газар шийддэг байсан.

-Дубайн гэрээнд хэн нэг нь буруутай юу?

-2013 онд эдийн засаг дахиад л хүндэрсэн. Өмнө нь дөрөв гаруй тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт байсан бол тухайн үед хасах 200 болтлоо буурсан. Нэгэнт хөрөнгө оруулалт буурахаар эдийн засаг хямарна. Хөрөнгө оруулалт татахын тулд өмнө нь УИХ шийддэг байсан асуудлыг Засгийн газарт олгосон. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхээ Засгийн газар эдэлсэн. Энэ гэрээ бас л хүнд үед аминд орсон. Улс төрийн шийдвэрийг буруутгахаас өмнө тухайн үеийн нөхцөлийг сайтар судлах хэрэгтэй.

-Ерөнхий сайдуудыг олон юманд буруутгадаг. Энэ удаагийнх шиг цагдан хорьж байсан тохиолдол байна уу?

-Хамгийн сүүлд Ж.Батмөнх даргыг албан тушаалаас нь буулгаж байсан. Түүнээс өмнөхүүдтэй нэлээд хатуу үздэг байсан. Гэхдээ манай Ерөнхий сайдуудын улс төрийн шийдвэртэй оросууд л хатуу хариуцлага тооцдог байсан. Орчин цагийн түүхэнд Н.Энхбаяртай хариуцлага тооцож байсан. Гэхдээ улс төрийн хэргээр бус эрүүгийн хэргээр. Орчин цагийн түүхэнд улс төрийн шийдвэр гаргасны төлөө Ерөнхий сайд аснуудаа хорьж байсан түүх байхгүй. Тухайн үедээ буруу гэж байсан шийдвэр хожмоо маш зөв шийдвэр байсан тохиолдолд цөөнгүй бий.

-Жишээлбэл?

-Д.Бямбасүрэн гуайн XX тогтоол. Иргэд маш их буруутгаж байсан боловч картын бараанаас ганц жилийн дотор ангижруулсан. М.Энхсайханы гаалийн татварыг тэглэсэн, татварыг бууруулсан шийдвэр хүн бүрт ганзагын наймаанд явж, анхны хөрөнгийн хуримтлалтай болж, өнөөгийн том компаниудын суурийг тавьсан. Тухайн үед Азийг хямарсан том хямрал болж байсан. Монголчууд тэр хямралыг мэдрэхгүй өнгөрсөн. Н.Энхбаяр эгзэгтэй үед их өрийг тэглэх асуудлыг шийдсэн. Их хэмжээний өртэй улсад хэн ч хөрөнгө оруулахгүй. М.Энхболд дөрвөн аравтын татварын бодлогыг хэрэгжүүлсэн. С.Баяр “Оюу толгой”-н гэрээг байгуулсан. Энэ бүхний үр дүнд 2009 оны дэлхийн хямралыг бид ажрахгүй давсан. Орчин цагийн түүхэнд манайд тохиолдсон хамгийн хүнд үед Ерөнхий сайд нар тухайн үедээ шаардлагатай улс төрийн зоримог шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ шийдвэрүүдээс Монголд нэг их гай тарьсан шийдвэр байхгүй гэж бодож байна. Ерөнхий сайд өөрийн цаг үеийн хамгийн хүнд асуудлыг шийдэхийг эрмэлзэж алдаа гаргах тохиолдол байдаг. Жишээлбэл, П.Жасрай гуайн үед дэд бүтцийн асуудал хамгийн хүнд байсан. Түүн дотроо холбоо, харилцааны асуудал. Аргаа ядаад манай Ерөнхий сайд “Айбекс”, “Молам” нэртэй гадны компаниудад агаарын орон зайгаа 99 жилээр түрээслэх шийдвэр гаргаад, цуцалж байсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *