Categories
мэдээ спорт

Хэвтээ шахалтын дэлхийн аваргаас хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад болсон “Equipped” буюу хувцас тоноглолтой хэвтээ шахалтын ДАШТ-ээс Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртжээ. Уг тэмцээн 2018 оны дөрөвдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болж, монголын найман тамирчин өрсөлдсөн. Манай тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байрт орсон юм. Энэ тухай Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо Спортын төв ордны хэвлэл мэдээллийн танхимд мэдэгдэл хийлээ.

Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга ярихдаа:

Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад зохиогдсон хэвтээ шахалтын ДАШТ-нд амжилттай оролцоод ирлээ. Нийт найман тамирчин явснаас насанд хүрэгчдийн хоёр жинд алт, мөнгөн медаль, мастер ангиллын хоёр жинд бас алт мөнгөн медаль хүртсэн. 2017 оны Пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн рекорд, Ази тивийн гурван удаагийн аварга, 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ -120 кг-ийн жингийн тамирчин Б.Чимэдцэрэн 2018 оны хэвтээ шахалтын ДАШТ-ээс “Дэлхийн аварга” гэдэг хүндтэй цолыг хүртлээ. Мөн +120 кг-д 2017 оны дэлхийн аварга, ОУХМ Б.Алтангэрэл +120кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Мастер1 ангиллын -105 кг жингийн тамирчин Пауэрлифтингийн мастер ангиллын хэвтээ шахалтын дэлхийн аварга, ОУХМ, Азийн аварга Д.Ууганбаяр 260 кг-ийг өргөж алтан медаль, Мастер1 ангиллын -120 кг жинд Спортын мастер, Азийн аварга Ц.Баярхүү 245 кг-ийг өргөж мөнгөн медаль хүртсэн. Багаараа насанд хүрэгчид тавдугаарт, мастер ангилалд зургаадугаар байрт орсон амжилт үзүүллээ. Нийт 38 орны 300 гаруй баг тамирчид өрсөлдөв. Тэмцээн зохион байгуулалт сайтай, допингийн контрол хийгдсэн. Манай тамирчид бүгд допингийн контролд хамрагдлаа. Энэ тэмцээнийг залгуулаад манай хоёр тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээнээс А.Отгонбаяр -120 кг-д Азийн аварга, Х.Төртайван -83 кг-д таталт суултаар хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. Монголд аравдугаар сарын 1-6-ны хооронд IPF (Интернэйшнл Пауэрлифтинг Федерэшн) гээд Олон улсын холбооны мастер ангиллын ДАШТ болно. Уг тэмцээнд манай холбоо бүхий л нөөц боломжоороо ач холбогдол өгч ажиллаж байгаа. Аль болох өндөр түвшинд зохион байгуулах, стандарт шаардагыг хангахаар зорьж байна. Энэ тэмцээнд зориулан холбооны өөрийн хөрөнгө оруулалтаар таван ком штанг авахаар захиалсан. Пауэрлифтингийн зориулалтын штанг энгийн штангаас өөр. Маш өндөр лааз савдаг штанг байдаг. Нэг ком штанг 11000 ёвро болдог. Таван сарын сүүлээр Японоос ирнэ. Бид шигшээ багаа долоодугаар сарын 5-7-ны хооронд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг, хоёрдугаар багаа гаргана. Эх орондоо зохиож байгаа давуу талыг ашиглаад хоёр баг гаргах саналыг Олон улсын холбоонд тавьсан. Одоогоор удирдах зөвлөлөөр хэлэлцээд зөвшөөрсөн. Техникийн зөвөлгөөнөөр хэлэлцээд зөвшөөрвөл манай хоёр баг оролцоно. Тэмцээнийг АСА циркэд хийнэ. Тамирчдыг Баянгол зочид буудалд байрлуулахаар болсон. Манай холбоотой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар, Спортын яам хамтран ажиллаж байгаад талархаж байна гэв.

Мэдэгдлийн үеэр Спортын мастер, Азийн аварга Д.Ууганбаяртай ярилцлаа.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байв?

-Пауэрлифтингийн спортод бүх л тамирчид хүчтэй өрсөлдөгч байдаг. 2016 оны дэлхийн аварга болсон Чех Улсын тамирчин мөнгөн медаль хүртсэн. Чехийн тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Манай жингийн 2017 оны ДАШТ-ний мөнгө, хүрэл медальтай Францын хоёр тамирчин медалиас мултарсан.

-Шинэ залуу тамирчид хэр гарч ирж байна?

-Энэ жил олон шинэ залуу тамирчид манай ангилал руу орж ирсэн байна. Түүнийгээ дагаад тэмцээн их өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон.

-Энэ оны 12-р сарын 1-6-нд Дэлхийн аваргын мастерс ангиллын тэмцээнийг Монголд зохиохоор болоод байгаа. Энэ тэмцээний бэлтгэлдээ орсон уу?

-Ер нь Дэлхийн аваргын бэлтгэлдээ орсон гэж хэлж болно. Долоодугаар сард дэлхийн аваргад орох эрхийн тэмцээн зохиогдоно. Үүнд их ач холбогдол өгч эрхээ авахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Энэ тэмцээнээс эрхээ авч байж дэлхийн аваргад орох эрх нээгдэнэ.

-Хэвтээ шахалтын гурван оролтоороо хэд хэдэн кг-ийг шахсан бэ?

-Эхний оролтоороо 255 кг-ийг, хоёр дах оролтоор 260 кг, сүүлийн оролтоороо 270 кг-ийг шахаж алтан медалийн болзол хангалаа.

-Өмнө нь гаргаж байсан амжилтаасаа сонирхуулаач?

-2017 онд Индонез улсад болсон Азийн аваргын гурван төрөлтийн тэмцээнд түрүүлсэн. Үүний дараа “Бест литтер” буюу “Азийн шилдэг тамирчин” цолны эзэн болсон. 2017 оны арван сард мастерийн ДАШТ-ний 105 кг-ийн жинд шахалтын төрөлд алтан медаль гэх мэт амжилт гаргаад байна хэмээн ярив.

Үргэлжлээд Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо 2018 оны тавдугаар сарын 13-19-ний өдрүүдэд Финлянд улсын Вантаа хотноо классик хэвтээ шахалтын гурав дахь удаагийн ДАШТ-нд таван тамирчин,

2018 оны зургаадугаар сарын 5-17-ны хооронд Канад улсын Калгари хотод болох зургаа дахь удаагийн классик пауэрлифтингийн ДАШТ-нд зургаан тамирчин илгээх юм.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *