Categories
мэдээ цаг-үе

Гавьяат багш Н.Дариймаагийн авьяаслаг шавь нар

Гомбын Золжаргал, Лунтангийн Болормаа гэх сэтгүүлчид шиг болох хүсэл өвөртлөж нутаг нутгаас цугларсан 15 залуу Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийн босгоор алхасан цагаас хойш найман он улирчээ. Бид “нэг ангийхан” булангийн хойморт энэ удаа “Хэвлэлийн хүрээлэн”-гийн дэргэдэх “Сэтгүүч” дээд сургуулийн 10 дахь төгсөлтийн хамт олныг онцолж байна.

“Анх элсэхэд коллеж байсан сургууль маань 2014 онд төгсөх жил дээд сургууль болж цар хүрээгээ тэлээд биднийг үдэж өгсөндөө. 15 уулаа байсан бид ч бүл нэмж 23 уулаа болж сэтгүүл зүйн гал тогооруу орсон” гэж ангийн дарга З.Батхуяг хэлж байлаа.

Шударга үнэний дуу хоолой болох үүрэг хүлээдэг хариуцлагатай мэргэжил сонгосон эдний ангийн хамт олны нийтэч, нэг нэгнээ гэсэн сэтгэлийг багш нар нь бахдаж ярьдаг юм билээ.

Дөнгөж нэгдүгээр курст ороод байсан сэтгүүл зүйн ангийн хамт олон сургуулийн захиргаанаас зохион байгуулсан “Оюутны бүтээлч ажиллагаа” уралдаанд түрүүлж 100 мянган төгрөгөөр шагнуулж сургуулийнхаа урд талын Өвөрмонгол ресторанд ангиараа орж хооллож байжээ. “Оюутны бүтээлж ажиллагаа уралдааныг товчлоод “ОБА” гэж нэрлэдэг байсан юм. Манай ангийнхан “Оюунаа багшийн ажил” гэж хошигноно. Анх оролцоод л бид чинь 100 мянган төгрөгөөр шагнуулаад баяжсан хүмүүс сургуулийнхаа хоолны газрыг голж бүр ресторанд хоол идэж байсан юм даа. Сүүлд нөгөө голсон сургуулийнхаа гуанзнаас манай ангийнхан зээл хийж ходоодоо олон удаа баярлуулсан даа. Би л гэхэд 26 мянган төгрөгний өртэй төгссөн юмдаг” гэж ангийн дарга З.Батхуяг оюутан цагийнхаа гэгээн дурсамжаас хуваалцсан юм.

Хоёругаар курст ордог жил нь “Сэтгүүлч” дээд сургуулийн бахархал болсон багш Н.Дариймаа сэтгүүл зүйн салбарын гавьяат багш цолоор шагнуулж шавь нарынхаа магнайг нь хагартал баярлуулж байжээ. “Манай ангийнхан оюутан ахуйдаа гавьяат багшаар сэтгүүл зүйн онол заалгуулсан азтай улс. Гавьяат багшийнхаа заасан сургасан бүгдийг ажил мэргэжилдээ хэрэгжүүлж дор бүртээ хичээж ажиллаж явдаг юм” гэж ангийн төлөөллүүд ярьж байсан юм.

Энэ ангийн оюутнууд “Ирээдүйн сэтгүүлчдэд хэлэх үг” лекцээс их юм сурсан талаараа ярих дуртай.

“Манай сургуулиас “Ирээдүйн сэтгүүлчдэд хэлэх үг” лекцийг тогтмол зохион байгуулж Монголын сэтгүүл зүйн сор болсон эрхмүүдтэй оюутнуудыг уулзуулдаг байсан юм. Бид өөрсдөө зурагтаар харж биширч өссөн Гомбын Золжаргал гэж мундаг хүний сургаалийг энэ лекцээрээ дамжуулж сонссон. Их ч зүйлийг сурч, ухаарсан даа. Г.Золжаргал гуайгаас гадна“Тархан суурилсан Монголчууд” төрийн бус байгууллагын тэргүүн төрийн соёрхолт Х.Санчир, Монголын үндэсний телевизийн шилдэг сэтгүүлчдийн нэг Л.Мөнхтөр нарын үнэтэй зөвлөгөөг “Ирээдүйн сэтгүүлчид хэлэх үг” лекцээр дамжуулж сонсч байсан бид азтай ангийнхан” гэж ангийн нөхдийн төлөөлөл дурдсан юм.

Багаар ажиллах чадварт гаргууд сайн байсан сэтгүүл зүйн ангийн хамт олон сургуулийнхаа спортын тэмцээн уралдаанд жил алгасалгүй түрүүлдэг байсан талаараа энэ өдөр ярьж байв. Мөн урлагаараа ч тэд манлайлагч байж сургуулийн урлагийн үзлэгээр тэргүүлдэг байж. Отгон-Эрдэнэ, Мандахнар, Өсөхбаяр нарын хөвгүүд нь тухайн үед хит болж байсан охидын Энимоне хамтлагийн дүрд хувирч дууг нь дуулж хөглөж явсан түүх тэдэнд бий.

Мөн сургуулийнхаа 10 жилийн ойд зориулж З.Батхуяг

“Үерхэл хайр амьдрал минь болсон

Үзэгний чимээтэй миний сургууль” гэж шүлэглэсэн нь өнөөдөр сургуулийн сүлд дуу болж эгшиглэж байгаа юм. Үзэгний чимээтэй сургууль дууны шүлгийг нь “Өргөө” хамтлагийн Волож бичиж байжээ.

Эдний хамт олон зөвхөн урлаг, спорт бус хичээл сурлагаараа ч шилдэг оюутнууд байж. Батдорж сангаас зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд Энхзулын бичсэн материал гуравдугаар байр эзэлж байжээ. Мөн монголын сэтгүүл зүйн салбарын шилдгүүд бүтээлээ сойдог Балдоржийн нэрэмжит уралдаанд Г.Баттүшигийн бүтээл шилдэг 10-т шалгарч байсан аж. Тэрээр өнөөдөр Монголын толгой сайтуудын нэг NEWS.mn сайтад ажилладаг юм байна. “Манай Түшигээ видео контент бэлдэж тусдаа булан ажиллуулдаг юм. Яагаав нөгөө цахим ертөнцөд шугиан тариад байдаг Осоржамаа гэж залуутай богино хэмжээний ярилцлага хийсэн нь олон хүнд хүрсэн шүү дээ” гэж ангийн нөхөд нь ярьж байв.

Мөн “Улстөрч” хэвлэл мэдээллийн байгууллагад З.Батхуяг, Ч.Мандахнар, Пагмасүрэн нар ажиллаж байгаа аж. Сонин, сайт, сэтгүүл гаргадаг энэ хэвлэл мэдээллийн байгууллагын орлогч эрхлэгчийн албыг З.Батхуяг хашиж байна. Хамгийн анх ангийн даргаар сонгогдож байсан Мөнх-Эрдэний талаар ангийн нөхөд нь “Манай Мөнгөөнөө оюутан байхдаа том зорилго тавиад түүнийхээ төлөө тууштай тэмцэж хүрдэг байсан. Төгсөөд сэтгүүлчээр ажиллаж байгаад одоогоор хамгийн том мэргэжлээ сонгож эмэгтэй хүний үүргээ биелүүлж ээж болсон байгаа гэж ангийнхан нь хэлсэн юм.

“UBS” телевизийн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч Зэндмэнэ-Эрдэнэ мөн л энэ ангиас төрөн гарсан авьяаслаг сэтгүүлчдийн нэг.

Сургуулийн оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан Х.Өсөхбаяр сэтгүүлчээр ажиллаж байсан ч одоогоор хувийн бизнес эрхэлж байгаа аж. Мөн Биндэрьяагийн эрхэлж буй бизнес амжилттай яваад ангийн нөхөд нь ам сайтай байна лээ.

“Манай Э.Пүрэвжаргал “SBN” телевизд ажиллаж байгаад одоогоор БНСУ-д амьдарч, мэргэжил дээшлүүлж байгаа. Баярмаа бас мэргэжил дээшлүүлэхээр хилийн чанадыг зориод байгаа” гэж ангийхан нь хэлж байв.

Эдний ангийн Отгон-Эрдэнэ эр цэргийн албаа амжилттай хааж өнөөдөр дотоодын цэргийн албанд ажиллаж байгаа юм. Харин гавьяат багш Н.Дариймаагийн зээ охин Б.Халиунаа Баянгол дүүрэгт цэцэрлэгийн багшаар ажиллаж, төрийн албан хаагч болсон аж.

О.ДАШ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *