Categories
мэдээ цаг-үе

Э.Зоригтбаатар: Аливаа нэг зүйлийн төлөө дөрвөн жил тууштай хөдөлмөрлөхөд амжилт заавал ирдэг

Пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер Э.Зоригтбаатартай ярилцлаа. Тэрээр WPC холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд суулт, шахалт, таталтын нийлбэр 875 кг-ыг өргөж дээд амжилт тогтоосон юм.


-Өнгөрсөн оны аравдугаар сард пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэхдээ нийлбэр 875 кг-ыг өргөж дээд амжилт тогтоожээ. Танд баяр хүргэе. Тус тэмцээний талаар ярилцлагаа эхлүүлье?

-Өнгөрсөн онд пауэрлифтингийн WPC (Мэргэжлийн тамирчдын холбоо) холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -140кг-ийн жинд амжилттай оролцож алтан медаль хүртсэн. 80 орчим орны 2000 гаруй тамирчид оролцсон тэмцээний Классик Рау төрлийн суултад 350 кг, шахалтад 225 кг, таталтаар 300 кг нийлбэр 875 кг-аар дээд амжилт тогтоосон. Энэ батламжийг дэлхийн пауэрлифтингийн зөвлөлөөс энэ сарын 23-нд надад гардууллаа. Миний хувьд тус тэмцээнээс долоо хоногийн өмнө өөр холбооны тэмцээнд оролцож түрүүлээд байсан учраас нэлээн ядралттай дэвжээнд гарсан. Гэхдээ энэ амжилт маань 33-39 насны ангилалд шинэчилсэн. Монголын баг тамирчдаас дөрвөн алтан медаль хүртэж өндөр амжилт гаргасан даа.

-Өмнөх нь өөр холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан юм уу. Та дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн удаа оролцож байсан бэ?

-Тийм. WRPF холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 370 кг-д сууж 235 кг-д шахаад, 300 кг-д татаад нийлбэр 905 кг-аар бүх тамирчдыг тэргүүлсэн. Энэ үзүүлэлтээр үнэмлэхгүй аваргын цомыг Монголын тамирчдаас анх удаагаа өргөсөн. Дараа нь залгуулаад WPC холбооны дэлхийн аваргад түрүүлсэн. Би өмнө сонирхогчдын ангиллын тэмцээнд орж дөрвөн удаа шинэ дээд амжилт тогтоогоод шат ахиулж өрсөлдөх сонирхол төрсөн дөө.

-Дэлхийд пауэрлифтингийн хэдэн холбоо байдаг вэ. Та хэдэн холбооны тэмцээнд нь оролцож байв. Гаргасан амжилтуудынхаа тухай яривал?

-Дэлхийд нийт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг зургаан холбоо байдаг. Би хоёр холбооных нь тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль авлаа. Өнгөрсөн жил дотоод гадаадын есөн тэмцээнд оролцож бүгдэнд нь түрүүлсэн дээ. Дэлхийн дээд амжилтыг таван удаа шинэчилж тогтоосон. Дан ганц би ч биш дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа хэд хэдэн монгол тамирчид байдаг. Хувцас хэрэглэлтэй төрөлд олон улсын хэмжээний мастер Батаагийн Чимэдцэрэн цээжин дээрээ 362,5-ыг шахаж дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт шүү.

-Пауэрлифтингийн төрлийг хувцастай, хувцас хэрэглэлгүй гэж хоёр ангилдаг. Та аль ангилалд нь өрсөлддөг вэ?

-Би хувцас хэрэглэлгүй төрлийн тэмцээн уралдаанд түлхүү оролцдог. Хувцас хэрэглэлтэй өргөхөд дасч өгөхгүй байсан. Тиймээс хүссэн амжилтаа үзүүлээгүй. Энэ төрлийн тэмцээн Монголд явагдаж эхлээд гурван жил орчим л болж байна.

-Энэ спортын онцлог давуу талын тухайд?

-Хүний хүч ямар өндөр түвшинд байж болох вэ гэдгийг л хэмжих зорилготой спорт. Хүний цээж, хөл, нурууны булчингийн хүчийг хэмждэг онцлогтой. Үүнээс гадна чөлөөт бөх, жүдо бөх, боксын спортод өрсөлдөгч нь бэртэхэд гоц мөргөөд даваа аваад байдаг. Харин пауэрлифтингэд тийм юм байхгүй. Захиалсан оролдлогоо амжилттай гүйцэтгэж медаль зүүдэг шударга спорт. Энд нэг зүйлийг хэлэхэд хэвтээ шахалт, суулт, таталт гурав нийлээд пауэрлифтингийн спорт болдог. Монголд шахалт юм уу таталтаар нь медаль авчихаад “пауэрлифтингийн дэлхийн аваргаас медаль хүртлээ” гээд явдаг хүмүүс бий. Энэ явдал нь олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байгаа. Үүгээр тамирчдын хөдөлмөрийг үгүйсгэх гэсэнгүй. Хүмүүс зөв ойлготтой байх хэрэгтэй.

-Монгол хүний биеийн онцлогт хэр тохиромжтой спорт вэ. Манай тамирчдын онцлогийн талаар ярихүй юу?

-Монгол хүний бие организмд тохиромжтой спорт шүү. Манайхан шиг тэвчээртэй, аливаа ажлыг гүйцэтгэлтэй сайн хийдэг чанар нь пауэрлифтингэд хэрэг болдог. Олон улсын тэмцээнд очиход гадаадын тамирчид том том булчинтай, өндөр биеийн хөгжлөөр хамаагүй илүү харагддаг. Манайхан бол жижигхэн, зузаан биетэйгээрээ онцгойрдог. Миний болоор яс сайтай байдаг шиг санагддаг. Монголд пауэрлифтинг хурдацтай хөгжиж байгаа. Албан байгууллагууд хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг болсон.

-Та спортын сууриа үндэсний бөхөөр тавьж байсан гэсэн. Энэ таны давуу тал болдог уу?

-Би 1999 онд Хөдөлмөр нийгэмлэгт Нэргүй багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэж спортын сууриа тавьж байсан. Дараагаар нь “Их шавь”-ийн дээд сургуульд элсч улсын харцага Г.Элбэг багшийн удирдлагад үндэсний бөхийн бэлтгэл хийж эхэлсэн. Улмаар 2006 онд Дорнод аймгийн баяр наадамд багштайгаа үлдэж түрүүлж аймгийн арслан цол хүртсэн дээ. Багш маань намайг үндэсний бөхөөр сайн барилдаж улсын цолонд хүрнэ гэж найдаад дэмжсэн хэрэг л дээ. Би гэж хүн багшийнхаа тэр сайхан итгэлийг хөсөрдүүлээд цолоо ахиулж чадалгүй явсаар өнөөдөртэй золгож байна. Энэ дашрамд Г.Элбэг багшаасаа уучлал хүсье. Үндэсний бөхийн бэлтгэл сургуулилт хийж хөлсөө урсгаж байсан минь энэ амжилт үзүүлэхэд түлхэц үзүүлсэн шүү.

-Пауэрлифтингийн спортоор хичээллэх болсон шалтгаан нь юу вэ?

-Үндэсний бөхийн бэлтгэл сургуулилтын хажуугаар пауэрлифтингийн спортоор давхар хичээллэдэг байсан. Намайг пауэрлифтингийн спорт руу хөтөлж оруулсан Мөнх-Эрдэнэ гэж Ази тивийн аварга хүн байдаг. Надад энэ спортын бүх л гоё сайхныг мэдрүүж өгсөн буянтай эрхэм. Энэ спортоос авсан хүмүүжлээр л амьдаралдаа алдчилгүй зөв замаар явж байна.

-Тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангадаг вэ?

-Би 2006 оноос хойш энэ спортоор хичээллэж байгаад хувийн шалтгаанаар түр холдсон. Таван жил хэртэй завсарлаж Баттөмөр багшийнхаа удирдлагад Гансүх, Анхбаяр гээд эрч хүчтэй залуучуудтай хамт бэлтгэл сургуулилтаа хийж зорьсон амжилтандаа хүрлээ. Энэ амжилтад хүрэхэд олон сайхан найзууд минь дэмжиж байсанд их талархдаг юм. Итгэлийг нь алдаагүйдээ сэтгэл уужуу явдаг юм даа.

-Пауэрлифтинг өртөг хэр өндөртэй спорт бол?

-Өртөг өндөртэй спорт л доо. Би гэхэд л сард сая 500 мянган төгрөгийн уураг, нэмэлт тэжээл хэрэглэдэг. Бүтэн жилийн хэрэглээ 18 сая төгрөг, тэмцээнд явах зардал гээд их хэмжээний хөрөнгө шаардлагтай болно. Энэ бүхэнд багш, найз нар, хамаатан садан минь хамжиж дэмжээд гаргаж өгсөн. Манай тамирчид “Төр засаг дэмжихгүй байна, аймаг орон нутаг ивээн тэтгэхгүй байна” гэх хандлага гаргаад байдаг. Тамирчин хүн өөрийнхөө дуртай юмыг хийж байж дээрээс нь мөнгө нэхээд байдаг нь утгагүй санагддаг. Тамирчдад хандаж хэлэхэд “Өөрийнхөө дуртай зүйлийг хийж байж, өрөөл бусдаас юм нэхэхээ боль” гэж хэлмээр байна. Тамирчин бид өөрөөс шалтгаалах бүх зүйлээ дайчилж эх орныхоо нэрийг өндөрт өргөх үүрэгтэй. Тэр цагт амжилт чинь чиний өмнөөс дуугарна.

-Та гар барилдааны спортоор хичээллэж олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан санагдаж байна. Энэ талаараа ярихгүй юу?

-2009 онд Монголд гар барилдааны тэмцээнүүд болоход нь оролцож түрүүлсэн. Тэмцээн зохион байгуулж байсан холбооны үйл ажиллагаа доголдоход нь өөрөө бие дааж холбоо байгуулаад олон улсын тэмцээнд өрсөлдсөн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстанд болоход нь оролцож гурав ялж хоёр ялагдаад дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Харин дараа нь ОХУ-ын тамирчнаас допинг илэрч медаль нь надад ирсэн. Тухайн үед ээж маань өнгөрөөд байсан болохоор олон нийтэд мэдэгдээгүй. Энэ спортод их дуртай.

-Спортоор хичээлэж буй залуу тамирчдад хандаж юу зөвлөх вэ?

-Залуу тамирчдад зөвлөхөд нэг зүйлийн төлөө тууштай дөрвөн жилийн хугацаанд хөдөлмөрлөхөд амжилт заавал ирдэг юм шүү. Гагцхүү өөрөөс шалтгаалах бүх хүч нөөц бололцоог дайчилж байх ёстой.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *