Categories
мэдээ цаг-үе

Гавьяат тамирчин Г.Жамсран: Бөхийн буянаар сайхан амьдарч явнаa

Зүүнээс: Гавьяат тамирчин Г.Жамсран, гавьяат тамирчин Д.Нямхүү, арын эгнээнд Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт С.Ням-Очир

1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр уран торгон барилдаанаараа бөхийн хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлж, дэлхийн чихийг “дэлдийлгэж” явсан хүчитний нэгэн болвоос самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Галдангийн Жамсрантай ярилцлаа. Түүний төрсөн дүү Г.Баатарсүрэн дэлхийн залуучуудын аварга, ахынх нь хүү гавьяат тамирчин Дамдинсүрэнгийн Нямхүү дэлхийн аварга, эгчийнх нь хүү гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир олимп, дэлхийн аваргын хүрэл медальт жүдоч болой.


-Бөх, морь удам дагах нь элбэг. Таны дээд үед бяртай, бүлтэй хүн байсан л байлгүй?

-Би Увс аймгийн Тэс сумын хүн. Тэсийн голын хөвөөнд төрж өссөн. Манай дээд удамд аймгийн цолтой бөхчүүд байсаан. Улсын наадамд барилдсан бол юм дуулгаж мэдэх л байсан биз. Тухайн үеийнхэн хотод очиж барилдах нь ховор байж.

-Нутагтаа л зодоглож, ард түмнээ баясгадаг байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Аймгийн арслан Арслан, аймгийн заан Зана гэж ах дүү бөх байв. Миний авга ах нар.

-Аав тань барилддаг байсан болов уу?

-Дээр үед улаач хийдэг байгаад сүүлдээ сургууль соёлын мөр хөөж сумандаа дарга, энэ тэр хийж насыг элээсэн хүн.

-Хөдөөний хүүхдүүд хөлд орсон цагаасаа л үе тэнгийнхэнтэйгээ дээл хувцсаа тэсгээлгүй ноцолдож өсдөг. Тэр жишгийг ч та тойроогүй нь лав. Харин бөх болоход тань хамгийн ихээр “уруу татсан” хүн хэн бэ?

-Манай сумын биеийн тамирын багш Д.Чойжилсүрэн. Намайг дөрөв, тавдугаар ангид байх үеэс багш бөхийн секц хичээллүүлж эхэлсэн юмдаг. Суманд тусгай заал танхим гэж ямар юм байхав. Нэг ангийг чөлөөлж байгаад бор эсгий давхарлаж дэвсээд л үзэж тарж, үсэрч наадна шүү дээ. Хичээлийн байр галлагаатай болохоор түлээ модоо ч өөрсдөө бэлтгэнэ. Баахан ноцолдож байгаад босоод ирэхэд өмссөн хувцас, ам хамраар л бөөн хялгас. Дур байхад тэр зэрэг бол юу ч биш. Манай секцнээс аймгийн арслан Балдорж, Гүржав гээд олон сайн бөх төрсөн.

-Үндэсний бөхөөр л барилдуулдаг байв уу?

-Үгүй ээ, чөлөөтөөр.

-Мэдээж бэлтгэл хийж байгаа юм чинь уралдаан тэмцээний утаа үнэрлэж үзэж эхлээ биз?

-Зургадугаар ангид байхдаа жиндээ аймгийн аварга болсон.

-Хэдэн кг-д барилдаа вэ. Олон хүүхэд зодоглосон уу?

-48 кг. Сум болгоноос нэг хүүхэд ирж барилдаж байсан санагдана. Тэгтэл улсын аварга шалгаруулах тэмцээнд надад ялагдаж хоёрт орсон Сүхбаатар гэдэг хүүхдийг явуулчихаж билээ.

-Яагаад аваргаа явуулаагүй юм бол?

-Намайг нас бага байна гээд. Түрүүлсэн хүүхдийг явуулсангүй гэж ах маань Лхамаа начинтай маргалдаж байсан нь санаанаас гардаггүй. Дараа жил нь бас аварга болсон. Наймдугаар ангид байхдаа самбоор барилдаж аймгийн аварга болсон юм байна. Тэр жил манайх хот руу шилжсэн. Аав хотод ажиллахаар болсон юм.

-Есдүгээр ангиасаа хотод суусан гэсэн үг үү?

-Тийм ээ. Манайх Яармагт байсан болохоор 41 дүгээр сургуулийг төгссөн.

-Хотод ирээд бэлтгэлээ хаана хийдэг болов?

-Х.Намшир багшийн шавь болсон. Наашаа явахад Д.Чойжилсүрэн багш надад захиа өгч явуулсан юм. Намшир багшид өгөөрэй гэж. Бодвол түүндээ намайг секцэндээ аваарай гэж захисан байсан биз.

-Намшир гуай тэр үед хаана дасгалжуулагчаар ажиллаж байсан юм бэ?

-“Хөдөлмөр” нийгэмлэгт. Надад бөх хүний үнэр, тамир оруулсан ачтан. Түүнд би үргэлж баярлаж явдаг. Хичээлээ тарж гэртээ харингуутаа ус, түлшээ гялалзтал бэлтгэчихээд секцэндээ явна. Яармагаас эртхэн гарахгүй бол 15 цагийн бэлтгэлээс хоцорчихно. Тэнд хүүхдүүдтэй баахан барилдчихаад буцахдаа Арьс ширний үйлдвэрийн ажилчдын ордонд очиж үйлдвэрийн ажилчдад хэсэг “нухуулж” аваад үдэш л гэрийн бараа хардаг сан.

-Дэмий тэнээд гэж аав ээж тань чихнээс хонх уяхгүй юу?

-Үглэнэ ээ. “Чиний бөх болно гэж юу байсан юм. Чадахгүй байж гар хөлөө гэмтээчихнэ” гэнэ. Гэвч би гандан буурахгүй яваад л байдаг байсан. Есдүгээр ангидаа самбо бөхийн олон улсын тэмцээнд оролцоод мөнгөн медаль авчихдаг юм. Манай гэрийнхэн ч баярлаад л, хүү нь анхны медалиа авсан юм чинь арга ч үгүй биз. Түүнээс хойш аав ээж юм хэлэхээ больж харин ч дэмждэг болсон.

-Дунд сургуульд байхдаа та үндэсний бөхөөр барилддаггүй байсан юм аа даа?

-Барилдана аа. Аравдугаар ангид байхдаа Пионер сурагчдын спартакиадаар барилдаад мөнгө авсан. Тэгэхэд хожмын улсын начин З.Дэлгэрдалай Баянхонгороос ирж түрүүлж байлаа.

-Таныг оюутан байхаасаа л жиндээ тасарч эхэлсэн гэж ардын багш Ц.Дамдин агсан ярьж байсан…?

-Аравдугаар ангиа төгсөөд би МУИС-ийн барилга, замын машин механизмийн ангид орсон юм. Тэнд Д.Ганцагаан багшаар их юм заалгасан. Намайг их сургуульд ороход Ц.Дамдин маань хоёрдугаар курст байлаа. Бид хоёр урд жил нь Архангайд болсон улсын аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээний үеэр танилцсан юм. Дараа нь улсын шигшээ багт хамт барилдаж байлаа. Шигшээгээс хасагдталаа л хамт явсан даа. Нас, жин ойролцоо болохоор хоорондоо мөн ч их барилддаг сан. Тэр нь нэгийгээ амжилт гаргахад их нөлөөлсөн гэж би боддог. Үргэлж хамт явдаг болохоор хүмүүс андуурч нэр солих явдал гардаг л байлаа.

-Таны жингийн гол өрсөлдөгчид хэн байв?

-Эхлээд Я.Доржид нэг хэсэг даруулсан. За тэгээд Дөшчулуун, Эрдэв гээд мундагчууд олон байсан. Хүрэлбаатар, Санжаасүрэн, Түвшинжаргал… гээд олон бөх байлаа. Нэг жинд арваад “хатуу гар”-тай тулдаг байв.

Самбо, жүдогийнхон нэг шигшээд барилддаг байсан болохоор бид Европын орнуудад болдог цуврал тэмцээнд оролцох гээд хоёр, гурван сараар явчихдаг байлаа.

Цаг ч сайхан байж. Байр, хоол, унааны зардлыг бүгдийг улсаас даана.

-1980 оны Москвагийн олимпод та барилдаагүй юм уу?

-Я.Дорж явсан. Би улсын аваргаар хоёрт орсон. Д.Түвшинжаргалд ялагдаад.

-Уртын дууч Түвшинжаргал уу?

-Тийм. Түүнийг уг нь дураараа л буулгаж авдаг байсан ч яг улсын аваргын тэмцээнд ялагдчихсан. Харин 1984 оны Лос-Анжелесийн олимпод барилдах боломжтой байсан ч харамсалтай нь социалист орнууд оролцоогүй.

-Сүүлдээ “Найрамдал-84” тэмцээн болж хувир луу?

-Тэгсэн. Польшид болсон жүдогийн тэмцээнээс би хүрэл медаль авсан.

-Жүдогоор таны гаргасан хамгийн том амжилт юу вэ?

-Дээрх хүрэл медаль. Мөн Румын, Германд болсон олон улсын тэмцээний хоёр мөнгө, Солонгосоос авсан хүрэл медаль бий.

-Самбо барилдааны дэлхийн аваргын таван алтны тань түүх бас л сонин байх даа?

-Нэг их сонинсоод байх юу байхав. 1981 онд дэлхийн залуучуудын аварга болж, улмаар насанд хүрэгчдээс 1983, 1984, 1987 онд алт авчирч, 1988 онд Японд дэлхийн цомын аварга болсон. Дэлхийн аваргын зургаан мөнгө, нэг хүрэл медальтай.

1985 онд самбо, жүдогийн улсын шигшээ баг тусдаа салахад би Сургалтын төвийн багшаар очсон юм. Уг нь жүдогоороо барилдсан бол ч… гэж хааяа боддог. Самбо, самбо гэсээр л дууссан хүн дээ.

-Багш болсон юм чинь олон шавьтай болоо байлгүй?

-Хэдэн шавьтай болсон. Миний жинд Болдням гэдэг хүүхэд бусдаасаа тасраад гараад ирсэн. Тэгээд ч би шавьтайгаа ноцолдоод байлтай биш гэж бодоод барилдахаа больсон. Одоогийн заан О.Одгэрэл эднүүс чинь тавдугаар ангийн жоохон хүүхдүүд байлаа.

-Ид байхад тань аль улсын бөхчүүд хүчтэй өрсөлдөгч байв?

-Тухайн үед оросууд л байлаа. Тэд ч эвгүй шүү.

-Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх хаана болсон юм бол…?

-Иранд. Самбо бөхийг амархан барилдаан гэж зарим хүн хэлдэг. Тийм биш.

Ухаан нь Японы сайн жүдоч самбоор барилдаад эхний даваанд л ялагдаж байгаа юм. Манай З.Ойдов гуай ч нэг удаа барилдаж үзээд толгой сэгсрээд больсон удаатай. Өөр төрлөөр барилддаг хүнийг бүсдээд юм уу, гарыг нь таллаад барьчихаар яаж ч чаддаггүй. Түүнтэй адил би ч гэсэн чөлөөтөөр барилдаж чадахгүй.

-Багадаа чөлөөтөөр барилдаж байсан хэрнээ юү?

-Тууштай хичээллээгүй, самбоор дагначихсан болохоор болдоггүй юм. Самбо бөх үндэсний бөхтэй төстэй. Багаасаа дээлтэй ноцолдоод сурчихсан улсад их ойр. Хэвтээ барилдаад л сурчих юм бол босоогоос ядах юм үгүй.

-Хийх дуртай мэх тань. Дархан ч гэж хэлж болохоор…?

-Тонгордог байлаа. Баруун ташаатай. Тийм болохоор баруун тонгорно. Хутгана. Сүүлдээ ч этээ, үүрээ, хөмрөөг эвийг нь таарвал хийж л орхидог болсон доо.

-Санааны мухарт үлдсэн, одоо ч харамсаж явдаг барилдаан байх уу?

-Түвшинжаргалд ялагдсан барилдаан л байх шив.

-Үндэсний бөхөөр та аймгийн арслан бил үү?

-Тийм ээ. Гэхдээ аймгийн арслан ч надад ахадсан цол.

-Яагаад…Та хаана түрүүлж арслан болоо вэ?

-Аймагтаа. Тойргийн барилдаанд түрүүлэхэд цол өгдөг байсан. Тэгээд л авчихсан юм. Би дуртайдаа л улсын наадамд зодоглож гурав давбал сэтгэл ханачихдаг байлаа.

-Зүтгэсэн бол улсын цол авчих хэмжээнд байсан юм биш үү?

-Үгүй дээ. Хүмүүс начин болохын төлөө улайртал зүтгээд байхыг хараад би гайхдаг байв.

-Юуг нь тэгтлээ гайхна вэ?

-Тухайн үед спортын мастер болоход тавин төгрөгийн цалинтай байсан. Гэтэл улсын цол авлаа гээд ямар ч урамшил шагнал байхгүй. Ийм байхад цол авах гэж юунд нь тэгтлээ дурладаг байна гэж бодоод л. Хүчээрээ л авч чадахгүй юм бол хүн гуйхын хэрэг юу байна. Гэвч хүний хүсэл сонирхол гэдэг сонин юм даа. Улсын арслан Ж.Хайдав гуайг мэднэ биз дээ?

-За тийм..

-Нэг жил Хайдав гуай намайг дөрвийн даваанд амалдаг юм. Тэгснээ хэлж байна. “Увсын дөрвөн залуу гурав давчихлаа. Дөрөв давсныг нь би авдаг юм бил үү” гэж байна. Талбайд гарсан хойно “Цаадуул чинь дөрөв давж чадахгүй бол яана аа. Ер нь чи дөрөв давах юм уу” гэдэг байгаа. “Яалаа гэж, та дав” гээд би ч унаад өгсөн.

-Нөгөө дөрөв чинь юу болсон бэ?

-Ганц нь ч дөрөв даваагүй. Ж.Хайдав гуайг Д.Цэрэнтогтох аварга тавын даваанд амалж аваад давчихсан. Хайдав гуай бас л сонин байсан байгаа биз. Ахмад үеийнхэн маань тийм л нүнжигтэй, хээгүй улс.

-Гэр бүлийнхнээ танилцуулна уу?

-Эхнэр Б.Буянхишиг эмч. Энэ амьдралын маань зовлон жаргалыг хуваалцаж Жамсрангийнх гэдэг айлын нэрийг өргөж яваа ачтан. Манайх хоёр хүү, нэг охинтой.

-Бөх хүнд амжилт гаргахад нөлөөлөх хамгийн чухал зүйл юу вэ?

-Бяр хүчээс гадна бэлтгэл сургуулиа зөв хийж, амралт хоолоо тааруулж байж л амжилт гаргана. Мөн амжилтын нэг жигүүр нь сайн багш. Миний хувьд Д.Чойжилсүрэн, Х.Намшир, Ш.Чанрав, Ч.Насантогтох, Д.Баатаржав, Д.Ганцагаан нарын олон сайн багшийн гараар орсон тулдаа л энэ дайны амжилт гаргасан гэж бодож явдаг.

Бөхийн буян их. Бид бөхийн буянаар сайхан л амьдарч байна.

-Бөхийн буян гэснээс “Увс нуур” галын ой болж байна. Та энэ галд хамааралтай хүний нэг байлгүй…?

-Наадмын бэлтгэлд уртаашаа нэг удаа гал ахалж, нэг удаа багшаар гарсан. 2000-аад оны эхээр Н.Мөнхжаргал начин, Д.Бумбаяр заан хоёртой таардаг юм. Тэд бэлтгэлд гарахад хөрөнгө мөнгөний асуудал хүнд байгаа тухай хэлдэг юм. Тэгэхээр нь би Д.Цэрэнсамбууг дагуулаад Ц.Нямдорж дарга дээр орсон. Нямдорж гуай арваад хүн рүү ярьж хэд гурван төгрөг цуглуулаад наадмын бэлтгэлд гаргахад би ахалсан удаатай. Дараа нь П.Бүрэнтөгсийг түрүүлдэг жил галын багшаар очсон.

Өмнөх хоёр жил нь “Увс нуур” дэвжээний бөхчүүд наадмын түрүү авчихсан байсан болохоор өндөр хариуцлага хүлээж байсан даа. Багш, бөхчүүд үүргээ маш сайн ухамсарласны хүчинд түрүүгээ алдаагүй.

-“Увс нуур” гал самбо, жүдо, чөлөөтийн дэвжээтэй болсон гэсэн…?

-Тийм. Энхболд гэж залуу бий. Жүдогоор дэвжээ байгуулсан. Хэдэн хүүхэд хичээллэж байна.

-Таныг Ц.Содномдорж арслангийн дасгалжуулагч багшаар ажилладаг гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Үнээн үнэн. “Монос”-ынхон санал болгосноор түүнийг дасгалжуулсан. Би нутаг ус жалга довны үзэл ярьдаг хүмүүст тийм дуртай биш. Мэддэг чаддагаа хэнд ч зааж өгөхийг л хичээдэг. Ө.Бат-Орших Ц.Содномдоржид унаж үзүүрлэчихээд “Таны заасан мэхэнд л явчихлаа даа” гээд инээж л байна лээ.

-Одоо та ямар ажил алба эрхэлж байна вэ?

-Нийслэлийн Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *