Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум боллоо

Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жил, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум өнөөдөр боллоо.

Форумыг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Монголын сэтгүүлчдийн эвлэл “Хараат бус сэтгүүл зүйг” хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана. Энэ байгууллагын шанг татаж, шавыг нь тавьсан азай буурлуудаас өгсүүлээд халааг нь авсан дунд үе, өнөөдөр ид уран бүтээлээ туурвиж байгаа залуу үеийн сэтгүүлчид үндэсний форумдаа хүрэлцэн ирсэнд талархаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид Үндэсний сэтгүүл зүйн ирэх 20 жил, цаашлаад хэтийн хөгжлийн талаар хөндөн ярилцах учиртай. Тиймээс ч эрдэмтэн багш нар, судлаачдыг урьж, салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж байгаа юм” гэлээ.

Мөн “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогсдод, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлсэнийг хэвлэлийн албаны дарга нар танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд өөрийн биеэр хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Хотын дарга ярихдаа “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран үндэсний хэмжээний форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн форумыг “Хараат бус сэтгүүл зүй” сэдвийн дор та бүхэн хуран чуулж, салбарынхаа өмнө тулгамдсан асуудлыг ярилцах гэж байгаад талархаж байна. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс “Сэтгүүлч ордон” барих газар олгож өгөхийг хотын удирдлагаас хүссэн. Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж, ирэх жил гэхэд Улаанбаатар хотод сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Тус үеэр МУИС-ийн сэтгүүл зүйн багш М.Зулькафилээс сэтгүүлчид хараат бус сэтгүүл зүйн талаар сонссон юм. Тэрбээр ярихдаа сэтгүүл зүй хараат бус байна гэдэг нь хоёр гол хүчин зүйл шаарддаг. Нэгдүгээрт тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт ёс зүйтэй байх ёстой. Тухайн хэвлэл мэдээллийг авч явж байгаа сэтгүүлчид хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Ёс зүй бол том ойлголт. Үүнтэй хамаарахгүй нэг ч зүйл байхгүй. Манайд ёс зүйг аливаа мэдээ, мэдээллийг бичихэд алдаа гаргахгүй байх ёстой гэж ойлгоод байна. Мэдээлэл олж аваад бичих, найруулах, хэвлэх гэх мэт бүх үе шат ёс зүйд хамаарна. Ёс зүй гэдэг бол маш өргөн ойлголт. Ганц сэтгүүл зүйд хамаатай асуудал биш. Олон нийтийн оюуны талх болох мэдээллийг үйлдвэрлэж байгаа сэтгүүлчид ёс зүйтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Ёс зүйн хувьд жилээс жилд ахиц өөрчлөлт гарч байгаа. Ёс зүй дээр нэн түрүүнд редакцийн дотоод хяналт, сэтгүүлчийн өөрийн хяналт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зохицуулалт чухал. Хэвлэл мэдээллийн байгууллагад янз бүрийн хүмүүс ажилладаг. Бүгд мэргэжлийн сэтгүүлч биш. Сэтгүүлч мэргэжилд тухайн хүний авъяас чадвар, өөрийн идэвх зүтгэл гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Ганц манайд бус дэлхийн нийтийн байгууллагад мэргэжлийн бус хүн ажиллах тохиолдлууд байдаг. Сэтгүүлч, сурвалжлагч хоёр өөр ойлголт. Сэтгүүлч бол бакалаврын дөрвөн жилийг сурч судлаад, шалгалтаа өгөөд зэрэг цолоо авсан хүмүүс. Нөгөө хэсэг нь өөр мэргэжлээр төгсөөд практик чиглэлд тулгуурлан ажиллаж байгаа хүмүүс. Энэ хүмүүсийг дэлхий дахинд сурвалжлагч гэж нэрлэдэг. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн бус хүмүүсийг давтан бэлтгэх, боловсрол дээшлүүлэх асуудал тулгарч байгаа. Дараагийн асуудал бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн асуудал. Монголын сэтгүүл зүй жил болгон нэг хоёр оронгоор ухраад байна. 69-р байрт байснаа 71 болж ухарсан. Энэ бол нөлөө бүхий эзэмшилтэй холбоотой асуудал. Нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард улс төрийн хүчнүүд, эрх мэдэлтнүүд, эдийн засгийн бүлэглэлүүд байгаа. Үүнээс болж мэдээллийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Мэдээллийн тэнцвэрт байдал алдагдана гэдэг нь хүмүүсийн хүсэн хүлээж байдаг үнэн бодитой, шуурхай мэдээ хүрч чадахгүй гэсэн үг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олшрох тусмаа ёс зүйн асуудал яригдсаар байна. Манайд 450 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг сайтуудын тоо 100 давсан. Энд маш олон хүн ажиллаж байгаа. Цахим сэтгүүл зүйн ёс зүй энд яригдахаас гадна ихээхэн зөрчигдөж байгаа. Цахим сэтгүүл зүйн эрх зүйн асуудал яригдах ёстой. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаад ёс зүйтэй байх хэрэгтэй. Ёс зүй бол хууль биш, хувь хүний ухамсараас шалтгаалдаг зүйл. Дэлхий дахины ёс зүйн зарчмын тунхаг байдаг. Ёс зүйн зарчмыг баримтлах юм бол сэтгүүл зүй зөв жам ёсоороо явна. Шударга, үнэн бодитой, мэдээллийн тэнцвэрт байдлыг хангасан мэдээг хүмүүст хүргэх ёстой гэв.

Мөн уг форумд оролцож буй монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галааридаас хараат бус сэтгүүл зүйн талаарх ойлголтыг тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ: Хэвлэл мэдээллийн хараат бус байдал олон зүйлээс хамаардаг. Улс төрийн, эдийн засгийн хараат бус байдал гэх мэт. Цогцоор нь бус аль нэгийг нь түлхүү яриад ямар ч үр дүнд хүрэхгүй. Сүүлийн 20,30 жилийн хугацаа үүнийг харуулж байна. Ёс зүйн асуудлыг хуулиар зохицуулдаггүй. Манайд хуульчдаггүй зүйлийг хуульчлах гээд, эсвэл хуульчлах зүйлийг огт хуульчлахгүй байдаг. Бид бол хууль эрх зүйн орчныг ярих ёстой. Сэтгүүлчдийн ёс зүйн асуудлыг ч ярих ёстой. Дотооддоо ярих асуудал маш их бий. Мөн биднээс үл хамаарсан асуудлууд ч байдаг. Бусад улс орны практикийг харахад хэвлэл мэдээллийн салбарт цогц хуулийн зохицуулалт явагддаг. Бид хоёр, гуравхан хуультай. Бусад нь зохицуулагдаагүй байгаа. Энэ нь сэтгүүл зүйг зөв зүйтэй явахад саад болж байна. Ёс зүйн асуудал манайд 1988, 1989 оноос эхэлж сөхөгдсөн. Ёс зүй хувь хүнээс, сэтгүүлчээс хамаардаг. Бид их дээд сургуульд багшилж байхдаа эхлээд хүн бол дараа нь сэтгүүлч бол гэж захидаг. Энэний цаана эхлээд ёс зүйгээ төлөвшүүл, мэдэж ойлгосны дараа сэтгүүлчийн ажлаа хий гэсэн алтан дүрэм бий. Хуулиар зохицуулагддаггүй цэвэр хүмүүжлээр,ёс суртахуунаар зохицуулдаг зүйл бол ёс зүй. Бид өөрсдөө анхаарах хэрэгтэй байна гэлээ.

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад Нийслэлийн Засаг даргын өргөмжлөл гардуулсан юм. Мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүл зүйн салбарт хувь нэмрээ оруулж, идэвх зүтгэлтэй ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудын шилдэг сэтгүүлчдэд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн” хэмээх цол тэмдгээр шагналаа.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар “Улаанбаатар” телевиз, “25 дугаар суваг” телевиз, ”Өдрийн сонин” “Өнөөдөр” сонин, “Үндэсний шуудан” сонин, News.mn, Zaluu.com, Ikon.mn сайт, Eagle.mn, Монголын үндэсний олон нийтийн радио, Мэдээллийн радио ФМ 88.8, Эм Жи Эл радио, ФМ 102.1 тус тус шагнагдсан юм.

Мөн “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Долзодмаа “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” тэмдэгээр, тус сонины сэтгүүлч Б.Уранчимэг “Ган үзэгтэн” шагналын эзнээр тус тус тодорсон юм.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *