Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан хэлэлцүүлэг болж байна

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр “Эрх мэдэл хяналдаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдвээр хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд өрнөж байгаа юм.

Хэлэлцүүлэгт Юнескогийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри нар төлөөлөгчөөр оролцлоо. Дэлхийн хэвлэл мэдээллийн чуулган Африкийн Гана улсад болж байгаа. Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тул хэлэлцүүлэгт видео мэндчилгээ дэвшүүлсэн. Уг мэндчилгээнд:

Жил бүрийн тавдугаар сарын гуравны өдрийг дэлхий даяар “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр” (ДХЭЧ) болгон тэмдэглэдэг. 2018 оны ДХЭЧ-ний өдрийг “Эрх мэдлийг хяналтдаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шудрага ёс, хууль дээдлэх ёс” сэдвийн дор тэмдэглэнэ. Чөлөөт хараат бус, ёс зүйт хэвлэл мэдээлэл бол эрүүл саруул, шударга ёст нийгмийн хэмжүүр юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр популист суртал нэвтрүүлэг, үзэн ядалтыг дэвэргэсэн, хүчирхийлэлд турхирсан, мэдээллийн бурууг нийтээрээ нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд тохож, хэвлэл мэдээлэл улс төрийн ухуулга сурталчилгааны зай болов. Энэ бүхэн нь ёс зүйт, хариуцлагатай сэтгүүл зүйн суурь, гол зарчмуудад эрсдэл учруулж байгаа нь Монголд хэвлэлийн эрх чөлөөнд аюул тулгарч буйн шинж. 2018 оны нэгдүгээр сард хэвлэлийн эрх чөлөөний эсрэг балмад тохиолдол гарсан. Цагдаагийн ажилтан хувийн компанийн хуулийн зөвлөх, комьютерийн шинжээчийн хамт мэдээний сайтын байранд зөвшөөрөлгүйгээр дайран орж, айлган сүрдүүлж, өөрийн захиралтай холбоотой мэдээллүүдийг устгахыг сэтгүүлчдэд тулган шаардсан байна. Мөн 2018 оны дөрөвдүгээр сард есөн сэтгүүлчийн утсыг чагнасан тухай мэдээлэл олон нийтэд ил болж, албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй тухай Нийслэлийн Прокурорын газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.

Манай байгууллагаас үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчилд хийсэн мониторингийн дүнгээр 2017 оны тавдугаар сараас хойшхи нэг жилд нийт 140 сэтгүүлч, ХМХ-д холбогдох үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлийн 182 тохиолдол бүртгэгджээ. Зөрчил гаргагчийн 30 гаруй хувь нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага ажээ. Мөн редакцийн цензур өмнөх жилээс нэмэгдсэн болохыг нээлттэй асуулгын дүнгээс харж болно.

2018 онд Монголын шүүх хэвлэл мэдээллийн эсрэг нэр төр гутаахтай холбоотой иргэний 12, эрүүгийн тэг хэргийг шийдвэрлэжээ.

Монгол Улс 2018 оны тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний тайлангийн хэрэгжилтийн дунд шатны тайлангаа илгээнэ. 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Засгийн газрын “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 204 тоот тогтоолоор батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар өгсөн найман улсын зөвлөмжийг хэрэгжүүлэх 11 арга хэмжээ тусгаснаас ес нь огт хэрэгжиж эхлээгүй байна.

Монголын Засгийн газар 2018 оны үлдэж буй хугацаанд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана гэж найдаж байна хэмээн ярив.

Хэлэлцүүлэгийн үеэр Глоб Интернэшнл Төв хэвлэл мэдээллийн байгууллагийн эрх нь зөрчигдсөн төрлөөр хийсэн судалгаагаа танилцууллаа. Мөн “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг гардуулав. Уг шагналыг Eagle TV-ийн сэтгүүлч У.Болортуяа авсан юм.

Хөтөлбөрийн төгсгөлд “Хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх чөлөө ба сонгууль”, сэдвээр Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг, Глоб Интернэшнл төвийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Онон, “Чөлөөт, аюулгүй сэтгүүл зүйг дэмжсэн эрх зүйн тогтолцоо” сэдвээр Монголын хуульчдын холбооны гишүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны дарга Ш.Сүхбаатар, “Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: өөрийн зохицуулалтыг сайжруулах нь” сэдвээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэд дарга У.Тамир, ХБНГУ-ын Дойче Велле академийн Монголыг хариуцсан менежер Патрик Беннинг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Нийгмийн сүлжээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ариунцэцэг нар хэлэлцүүлэг хийлээ.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *