Categories
мэдээ улс-төр

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.02) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Батзориг, Ц.Гарамжав нараас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор санал хураав. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 6 дугаар зүйлд Улсын Их Хурал бүрэн эрхийн хүрээнд хүнсийг баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, гааль, татвар, зээлийн бодлогыг тодорхойлох, хүнс баяжуулалтын талаар хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэх, дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв батлах, баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөр батлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг агуулгатай хэсэгт заалт шинээр нэмж, мөн төслийн 10 дугаар зүйлийг хасахаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн.

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив

Үргэлжлүүлэн Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсантай холбогдуулж “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцуулав.

Уг тогтоолын төсөлд, Баяжуулсан хүнсний тухай хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт болон захиргааны хэм, хэмжээний актыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлах, хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч нарт боломжтой хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, холбогдох хуулиудад нэмэлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 01-ий өдрийн дотор танилцуулахыг Ерөнхий сайдад үүрэг болгохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээлэл хийлээ

Хуралдааны төгсгөлд Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Яармагийн гүүрээс Баянзүрхийн гүүр чиглэл, Туул голын урд талын хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг, голын хойд талын барилгажсан хэсэг нь Нийслэлд хамаардаг. Энэ хүрээнд Яармагийн гүүрээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан ч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалаар дуусгавар болгон шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэгт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт туссан аялал жуулчлалын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Нийслэлийн ард, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах үүднээс газар ашиглах эрх нь дуусгавар болсон тухайн байршлууд дээр автомашин болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хог хаягдлын цэг, сүүдрэвч, отоглох цэг, тэмдэг тэмдэглэгээ, ногоон байгууламж бүхий аялал жуулчлалын нэгдсэн төлөвлөлт хийж хамтран ажиллах тухай 10/1988 тоот албан бичгийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлэн хамтран ажиллаж байна гэдгийг салбарын сайд Н.Цэрэнбат мэдээлэлдээ онцоллоо.

Мөн дахин 20 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гарган Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр цуцлах мэдэгдэл хүргүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Газар ашиглах эрх нь цуцлагдсан байршлууд болон Маршлын гүүрээс Баянзүрхийн товчоо чиглэлд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран аялал жуулчлалын ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 300-500 сая төгрөг, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд 2.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тэмдэглэлийг гаргуулж нийслэлийн Засаг даргатай хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол, 60 дугуйн зогсоолын бүтээн байгуулалтын ажлыг 2017 онд хэрэгжүүлэн хүлээн авсан гэдгийг Н.Цэрэнбат сайд мэдээлэлдээ дурдав.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий компаниудын хууль бус ажиллагааг таслах зогсоох ажлын явц, цаашид салбарын яамны зүгээс баримталж байгаа бодлогын талаар тодруулав.

Ажлын хэсгийн зүгээс, Богдхан Уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуух аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан 52 аж ахуй нэгж байгаагийн 48-ынх нь эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалаар дуусгавар болгон цуцлаад байгаа. Одоогоор таван иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлснээс шүүхийн маргаантай асуудал үүссэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан нийт 52 аж ахуйн нэгжийн 19 нь газрын төлбөр огт төлөөгүй, 25 нь дутуу төлсөн, бүрэн төлсөн дөрвөн аж ахуй нэгж байгаа хэмээн хариулсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *