Categories
мэдээ нийгэм

Монгол генералын өдөрт

Энэ 4-р сарын 28-нд МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР тохионо.

Цэргийн дээд офицерын ГЕНЕРАЛ хэмээх цолыг анх Франц Улсад XVI зуунаас хэрэглэж ирсэн бол ОХУ-д 1657 онд I Петр хаан армидаа хэрэглэж эхэлжээ.

Манай улсын хувьд, аугаа их Чингис хааны үеэс дайчин эрсээ илбэн тохинуулж, дэлхийн талыг дайлан туулахад их цэргийн манлайд нь явж байсан мянгат, түмтийн ноёд, өрлөг жанжид бол тухайн үеийн ГЕНЕРАЛУУД байсан нь эргэлзээгүй билээ.

Харин бүр сүүлд, ХХ зууны дунд үед буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх эрхэм хүндтэй энэхүү цэргийн дээд цолыг манай улсад бий болгож: Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамлаж анх 11 хүнд олгосон байдаг юм.

Хожим нь үүнтэй холбогдуулан, 2004 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР хэмээн нэрийдэж, генерал цолтон бүхий байгууллагууд жил бүр ээлжээр генерал цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, ёслон хүндэтгэж тэмдэглэдэг сайхан уламжлал тогтсон билээ. Энэ жилийн энэхүү тэмдэглэлт өдрийг ШШГЕГ хариуцан, энэ сарын 27-нд зохион байгуулах ажээ.

Цэргийн хэргийн мэдлэг боловсрол, ажил албаны дадлага туршлага, албан тушаалын зэрэг дэв зэрэг тусгай өндөр шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн ГЕНЕРАЛ цолыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар олгодог онцлогтой.

Тоо баримтаас товч сонирхуулахад:1944 оноос өнөөг хүртэлх 74 жилд төрөн гарсан ГЕНЕРАЛ цолтой 181 хүнээс 96 нь өнөөдөр энх тунх амьдарч байгаагийн 34 нь одоо төрийн тусгай албан тушаал хашиж, бусад нь цэргийн тэтгэвэртээ сууж байгаа ажээ. Хамгийн өндөр настай нь хошууч генерал Т.Алтангэрэл гуай өдгөө 99 насны сүүдэр зоогложээ.

Генерал цолтой дээрхи хүмүүсийн дотор 1921 оны Ардын хувьсгалын партизан агсан 3, 1939 оны Халх голын болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 31, Монгол Улсын баатар 6, ЗХУ-ын баатар 1, Хөдөлмөрийн баатар 3, Монгол Улсын Гавъяат цолтон 10, сансрын нисгэгч 1, БНМАУ-ын төрийн тэргүүн агсан 1, УИХ (АИХ)-ын гишүүн (депутат) асан 69, доктор профессор 37, төрийн сайд асан 20, цэргийн дипломат 30, ОУ-ын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч асан 1, дэлхийн “халуун цэгүүд”-эд үүрэг гүйцэтгэж НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаа (ЭСА)-ны олон улсын секторын командлагчаар ажилласан 1, ЭСА-ны монгол цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн 6, Иракт олон үндэстний цэргийн штабт ажилласан 1 генерал тус тус байгаа ажээ.

Мянган цэргийг олоху дор хялбар, Нэгэн жанжинг олоху дор бэрх” хэмээн их Чингис хаан нэгэнтээ өгүүлсэн байдаг нь учиртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *