Categories
мэдээ нийгэм

Ус, ариун цэврийн байгууламж хариуцсан байгууллагуудын уялдаа холбоо муу байна гэв

Зураг

НҮБ-ын Хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Лео Хеллер Монгол Улсын ундны усны аюулгүй байдал, хүртээмж, иргэдийн худалдан авах чадавхийн талаарх судалгааны урьдчилсан дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр Засгийн газрын урилгаар энэ сарын 09-нөөс Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сум, мөн эдгээр хот суурин газруудын ойр орчимд нутаглаж буй иргэдийн ундны усны аюулгүй байдал, хүртээмжид судалгаа хийсэн юм. Судалгааны эцсийн дүгнэлтээ энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 39 дүгээр хуралдаанд танилцуулах аж. Аливаа улс орон эрүүл мэндийн шаардлага хангасан усны хүртээмж иргэн бүрт тэгш байх ёстой. Гэхдээ Монгол Улсад ундны усны хүртээмж тэгш бус байна. Энэ нь орон сууцны болон гэр хороололд түлхүү ажиглагдаж байгааг дүгнэлтэдээ тусгасан байна.

Тэрбээр, “ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран Монгол Улсад 2017 онд хийсэн судалгаагаар хөдөөгийн оршин суугчдын 56 хувь нь ариун цэврийн байгууламжгүй байгаа юм. Мөн орон сууцны нэг оршин суугч хоногт дунджаар 200 литр ус хэрэглэж байхад гэр хорооллын иргэдийнх 7-10 литр байна. Үүнд их хэмжээний тэгш бус байдал ажиглагдаж байгаа юм. Гэр хорооллын иргэд хэрэглээний болон ундны усаа худгаас зөөдөг, халуун усны газарт мөнгө төлж усанд ордог зэрэг цаг хугацаа, эдийн засгийн хохирол ихтэй. Мөн гэр хорооллын 300 өрхөд нэг худаг ногдож байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс энэ байдлыг нэн даруй шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвлөж байна. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр өсвөр насны охид ариун цэврээ сахих хэмжээний нөхцөл, бололцоог бүрдүүлж чадахгүй байна. Олон сургуулийн дотуур байрны ариун цэврийн байгууламж гадаа байрлаж байгаа. Энэ нь охидуудад багагүй бэрхшээл болж байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчүүлэх олон нийтийн бие засах газар хангалтгүй байна. Ус болон, ариун цэврийн байгууламж бол хүний эрхийг хангах энгийн зүйлс. Тиймээс Монгол Улс НҮБ-ын гишүүний хувьд ундны ус болон ариун цэврийн байгууламжийг хүн бүрт тэгш хүргэх ёстой. Монголд ус болон ариун цэврийн байгууламжийн хангамжийн асуудлыг эрхэлсэн төрийн олон байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа хангалтгүй байгаа тул Засгийн газар энэ чиглэлд ч анхаарлаа хандуулах нь зөв юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *