Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын тэргүүлэгчид нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэл сонслоо

Зураг

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ)-ыг өөрчлөн байгуулах тухай, “Монгол Наадам цогцолбор” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг дөрвөн асуудал хэлэлцэж байна.

Хурлын эхэнд Нийслэлийн нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн тээврийн газрын мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчит нэг, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж 87 чиглэлд 837 тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны 38 хувь нь арваас дээш жилийн насжилттай байгаа аж.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд БНСУ-д стандартаар үйлчилгээнээс хасагдсан хуучин тээврийн хэрэгсэл импортоор оруулан парк шинэчилэлт хийх байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа хэллээ. Жил бүр нийтийн тээврийн үйлчилгээнээс 150-200 автобус насжилтаар хасагдаж байгаа тул энэ орон зайд стандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээрпарк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа юм. Мөн нийтийн тээврийн зогсоолуудыг үе шаттайгаар тохижуулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах үүднээс гэрэлтүүлэг, бие засах газар байгуулах асуудал зэргийг шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ.

Мөн үеэр “Смарт карт” компани үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлсээр 4 дэх жилдээ орж байна. Одоогийн байдлаар энэ системийг 2 компани хариуцаж ажилладаг аж. “Смарт карт” компаний 24 хувийг нийслэл эзэмшдэг. Тус компани шугамын орлогын болон хөнгөлттэй зорчих иргэдэд олгох татаасын 9.6 хувийг сар бүр авдаг байна
“Смарт карт” компанийн хэлтсийн дарга н.Түвшинжаргал “Манай компанийн хувьд анх оруулсан хөрөнгө оруулалтаа бүхэн нөхөж амжаагүй. Төсөл хэрэгжүүлэх явцад төхөөрөмж эвдрэх, камерыг жолооч нар зориудаар гэмтээдэг байсан. Мөн бүх мэдээллийн дата-г байршуулах серверийг одоогоор өөрийн компанид байршуулж байгаа. Эдгээр дата-г Нийслэлийн мэдээлэл технологийн газарт хүлээлгэн өгөх гэсэн боловч тус газраас өрөө тасалгаа болон серверийн хүчин чадалыг хүлээн авах боломжгүй байна гэж тайлбарласан” гэв.
Хэлэлцсэн асуудлын төгсгөлд НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, “Нийтийн тээврийн байгууллагад хуримтлагдсан олон асуудал бий, эдгээр асуудлыг Аудитын байгууллага болон АТГ, холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. Ард түмнийг хохироогоод байна уу, төсвийн мөнгийг үргүй зарцуулаад байна уу, үнэхээр иргэдэд хүрсэн сайн үйлчилгээг үзүүлээд байгаа юмуу гэдгийг шалгах цаг болсон” гэв.

Мөн НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нийтийн тээврийн үйлчилгээ арчилгаа цэвэрлэгээ султай, тав тух муутай, жолооч нь дотроо тамхи татдаг, хурд хэтрүүлэн давхидаг гэх мэтийн гомдол санал иргэдээс тасардаггүй. Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг чанаржуулах, цаашлаад “Смарт карт” компанид нийслэл 24 хувь эзэмшдэг юм бол тэр хэмжээгээр компанийн засаглалд оролцох, санал хүсэлтээ илэрхийлж ажиллах ёстой” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *