Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Завхан, Сүхбаатар аймагт түймэр гарчээ

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Хуштын-Эх” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн ажиллаж, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 13:55 цагт бүрэн унтрааж, Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт таван га орчим талбай өртжээ.

Мөн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар энэ сарын 15-ны өдөр ойн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон-Уул аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Эрдэнэбулган сумын 76 иргэн, Цагаан-Үүр сумын 40 иргэн, нийт 180 хүн ажиллаж, түймрийн баруун, зүүн урд талыг унтраагаад байна. Одоогоор хойд талдаа буюу “Эрээлж”, “Шар булуу”, “Хөх чулууны булан”, “Рашаантын гозгор”, “Өндөр хидмэгийн хяр” гэдэг газруудад унтраахаар ажиллаж байгаа аж. Түймэрт ойролцоогоор 5800 га талбай өртсөн.

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Чавцаг багийн “Сонгино” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагаанчулуут сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан 14 иргэн, унтраахаар ажиллаж, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 10:20 цагт бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Авдрант” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн найман иргэн, нийт 20 хүн ажиллаж, дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 00:35 цагт цурамд оруулсан.

Мөн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Буурлын пооль” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч ажиллаж, 17:45 цагт цурамд оруулж, 20:05 цагт бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *