Categories
мэдээ цаг-үе

Д.Дэрмээ: “Чоно” сэрж байна

“Чоно” хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээтэй бэлтгэлийнх нь үеэр ярилцлаа.


-Танай хамтлаг тоглолт хийх гэж байгаа юм байна?

-Энэ сарын 20-нд “Crocus event hall”-д тоглоно.

-Тоглолтын нэр?

-“Чоно-2018: Чоно сэрэв” гэдэг нэртэй.

-Та нар хэр их “унтсан” юм?

-Долоо, найман жил “унтчихлаа” шүү дээ. Би “унтаагүй”, харин манай хоёр гишүүн “унтсан”. Одоо харин манай хамтлаг сэрж байна.

-“Чоно” хамтлаг хэдэн гишүүнтэй юм бэ?

-Үндсэн гурван гишүүнтэй, туслах хоёр хөгжимчинтэй. Үндсэн нэг гишүүн маань “Хурд” хамтлагт орсон.

-Хэн?

-Гитарчин Д.Мөнхбат. Одоо бол манайх өөр туслах хөгжимчидтэй нийлж тоглолтдоо бэлтгэж байна.

-Танай хамтлаг байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?

-Хамтлаг байгуулагдаад үндсэндээ 18 жил болж байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулсан нь 10 жил. 2000 онд байгуулагдсан гэдэг ч үнэндээ 1999 онд байгуулагдаж байсан юм. Сүүлийн найман жил хамтлаг маань уран бүтээл хийгээгүй. Харин би дангаараа уянгын поп дууны чиглэлээр дуунууд гаргаж хамтлагийн ажлаа зогсоохгүй явж ирсэн.

-“Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” жүжгийн дуу, “Залуу нас” зэрэг дуунууд нэгэн үе залуусыг байлдан дагуулсан шүү. Одоо ч сонссоор байгаа?

-“Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” жүжгийн дуу 2002 онд гарсан. Энэ хоёр дууг үе үеийн залуус сонсох дуртай байдаг юм. 2016, 2017 оны төгсөгчид ч энэ дууг их сонсдог. Төгсөгчдийн хонхны баярын үдэшлэг, цэнгүүн дээр очиж энэ дуугаа их дуулдаг юм. Тийм болохоор хүмүүс сайн мэддэг.

-Амьд хөгжмийн хамтлаг ямарваа үйл ажиллагаан дээр уригдаж очиход хүмүүст илүү үнэ цэнийг мэдрүүлдэг. Бүхэл бүтэн хамтлагаараа, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгүүдээ барьж очоод тоглодог болохоор хүний ой тойнд ч илүү бууж, тэр хэрээр үзэгчдийг сэтгэл ханамжтай үлдээдэг байх шүү?

-Амьд хөгжмийн хамтлаг гэдэг том агууламжтай л даа. Фонограм тавиад ганц дуучин дуулах ч бас өөр агууламжтай. Үүнийг залуус маань ойлгож эхэлж байгаа болов уу гэж бодож байна. Хуучин энэ талаар ойлголт бага байсан шүү. Жишээ нь, нэг дуучин ирээд сая төгрөг аваад дуулж байхад зургаа, долоон хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг тийм хэмжээний мөнгөөр дуулах зэрэг харьцангуй зүйлс бий л дээ.

-“Чоно” хамтлагийнхныг “Хурд” хамтлагтай холбож ойлгоод байдаг?

-“Хурд” хамтлагийнхан манай хамтлагт дуу зохиож өгдөггүй. Бидний өмнөөс бичлэгт ороод, бидний өмнөөс гитар, бөмбөр тоглодог тийм дэмжлэг байхгүй. Бэлтгэлийн байр зэрэг материаллаг зүйл дээр тусалдаг л даа. Сүүлийн жилүүдэд бид өөрсдөө харьцангуй учраа олдог болчихлоо. Анх гарч ирж байхад туршлагатай энэ ах нараасаа дэмжлэг, туслалцаа авч байсан зүйл их ээ. “Хурд” гэлтгүй олон хамтлагийнхан бидэнд тусалдаг.

-Ах нар тань урлагийн хүмүүс болохоор та багаасаа л энэ ертөнцөд татагдан орсон байх. Өөр мэргэжил, өөр орчны талаар төсөөлж байв уу?

-Тийм бодол миний ой тойнд байдаггүй шүү дээ. Би яагаад ч юм өөрөө дуулж сурсан, өөрөө гитар тоглож сурсан. Би өөрөө дууны ая зохиож сурсан. Өөрөө шүлэг бичиж сурсан. “Би хүсээгүй”, “Хайлж урсаж байна” дуунууд, цомгууддаа багтсан бүтээлүүдийн 90-ээд хувийнх нь үг, аяыг зохиосон. Хөгжмийн найруулга, хөгжмийн зохиолоо өөрөө бичээд бүхнийг өөрөө хийдэг. Энэ бүхнийг харахаар надад цаанаасаа тодорхой хэмжээний авьяас заяасан юм болов уу гэж боддог.

-“Хурд”, “Чоно”-ыг хамаатуулаад, адилхан гээд байдаг ч хөгжмийн талаасаа огт өөр хоёр хамтлаг шүү дээ?

-Манайх рок алтернатив хамтлаг. 2000-аад оны үед дэлхийн хэмжээнд эстрад хөгжимд эриний шинэчлэлийн үе ирж байсан. Рок хөгжим алтернатив шинэ хөгжмийн давалгаа руу орж ирсэн. Тэр үед манайх гарч ирж шинэ юмыг Монголдоо харуулсан гэж боддог юм. “Хурд” хамтлагийнхны дүү нар гэдгээр нь биднийг шууд хүлээж аваад байсан. Түүнээс биш хийж байгаа уран бүтээл, уран бүтээлдээ оруулж байгаа замнал, хэлж байгаа үг, илэрхийлж байгаа хөгжим огт өөр юм л даа. Манай хамтлагийн “Хүсэл”, “Зөрөг цэцэг” гэж хоёр дууны хөгжмийг “Хурд” хамтлагийн “Аавдаа би хайртай”, “Буцааж нэхэхгүй хайр” зэрэг хит дуунуудыг зохиосон С.Ишхүү ах хийсэн. “Хүсэл”, “Зөрөг цэцэг” гэсэн хоёр дуу маань “Хурд” хамтлагийн зарим дуутай ойрхон сонсогддог байж болох юм. Тэрнээс хойш гарсан бүтээл огт өөр. Үүн дээр би нэг зүйл хэлэхийг хүсдэг юм. “Хурд”, “Чоно” гэсэн хоёр хамтлагийг юугаар нь ялгах вэ гэвэл хөгжмийн өндөр мэдрэмжтэй, хөгжмийн боловсролтой хүмүүс “Танай хоёр хамтлаг огт өөр” гэж хэлдэг. Шууд хэлэхэд хөгжмийн мэдрэмж сулхан хүмүүс “Та нар адилхан. Чи Цогоо ах шигээ дуулдаг” гэж хэлдэг. Бид хоёрын дууны өнгө огт өөр. Дууны хайрцагт тавьж буй тавилт, үгний тавилтууд ч огт өөр.

-Таныг хэдтэй байхад “Хурд” хамтлаг байгуулагдав?

-13, 14-тэй л байсан. Хөгжмүүдийг нь зөөгөөд л хойд талын ажлуудад нь тусалж гүйдэг байлаа.

-Таныг ах нарынхаа нөлөөнөөс ангид байж чадсан. Тэднээс ангид байхын төлөө тэмүүлдэг гэдэг нь харагдаад байдаг юм. Угтаа бол биеийн амрыг бодоод ах нараа дагаад хамтлагт нь явж байж болох л байсан. Та тэгээгүй?

-Тэгэх шаардлагатай. Би уран бүтээлч хүний хувьд үлдэх хэрэгтэй. Би яаж үлдэх вэ гэдэг нь сонин байхгүй юу, эстрад урлаг, Монголын хөгжмийн түүхэнд. Тэгэхээр өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн хөгжим, өөрийн гэсэн стиль, жанраа тусад нь гаргаж байж би үлдэж чадна. Тэр бүхнээ гаргаж чадахгүй, хэн нэгний, аль нэг хамтлагийн нөлөөнд орж явбал би үлдэж чадахгүй гэдгээ маш сайн ойлгодог. Энэ урсгал, энэ ойлголтоо би цаашид улам батжуулна гэж боддог юм.

-Хүмүүс таныг ах нарынхаа дэмжлэгээр энэ их өндөрлөгт амархан гарч ирсэн гэж боддог. Гэтэл ямар ч хүн амжилтын өөд тэмүүлж байхдаа хэлж баршгүй их зовлон бэрхшээл саад туулдаг шүү дээ?

-Их л амар байсан гэж бодоод байдаг юм. Надад хэд хэдэн хүн тэгж хэлж л байсан. Би өөрийнхөө мэдрэмжээрээ энэ зүйлийг маш сайн ойлгодог. Тэгэхээр бид яаж энэ том ханыг давж өөрсдийн “Чоно” гэсэн өнгө төрх, хоолойгоо гаргах вэ гэдэг нь эхэн үед их хэцүү байсан л даа. “Хурд”-ыг дуурайж “Хурд” шиг байх уу, эсвэл огт өөр стильтэй байх уу гэдэг сонголт бидэнд гарч ирсэн. Миний хувьд хамтлагийнхаа дуу, өнгө гээд бүхнийг тодорхойлдог болохоор тухайн үед “Манай хамтлаг, тэс өөр хөндлөн байх болно. Тийм байж Монголын эстрад урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг үүсгэж чадна” гэж шийдээд алтернатив стилийг сонгосон. Бид төрсөн ах, дүү нар боловч бидний өнгө, төрх өөр.

-“Чоно-2018: Чоно сэрэв” тоглолт нэг удаа тоглогдох уу?

-Тэгнэ.

-Тасалбараа хаагуур зарж байгаа вэ?

-1900-1950 лавлах болон www.ticket.mn-ээр захиалж авч болно. Тасалбар худалдаанд гараад гурав, дөрөв хонож байна. “Чоно” хамтлаг эргэж нэгдлээ гээд ганц хоёр удаа бэлтгэл хийгээд тоглолт тавих гэж байгаа юм биш. Бид жилийн өмнөөс төлөвлөж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн. 2016 оны сүүлээс тоглолтын ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд 6-7 клип гаргалаа. 2-3 хуучны бүтээлээ энэ цаг үеийн шинэ уран бүтээлчидтэй хамтран шинээр дууллаа. Одоо бид юу хийхээр зорьж байна вэ гэхээр тоглолт хийж ашгийн хойноос явахыг хүссэнгүй. Бид маш сайн уран бүтээлийг, “Чоно” гэж ямар сайн хамтлаг вэ гэдгийг л харуулахыг зорьж байна. Энэ тоглолт дээр “АПУ”, “Эрэл” компанитай хамтран ажиллаж байгаа. Өнөө үед тоглолт зохион байгуулахад их хэмжээний мөнгө хэрэгтэй. Тэр бүхнийг, бусад бүх зардлыг “Чоно” хамтлаг өөрсдөө л гаргаж байгаа. Бид өөрсдийн гэсэн хүчийг харуулах, “Чоно” эргэж гарч ирэв, сэргэв гэдэг тэмдэглэгээг түүхэнд “Чоно-2018: Чоно сэрэв” гэж үлдээхийг хүсч байна.

-Та бүхний хувьд хамтлагаа “Чоно” гэж нэрлэсэн нь цаагуураа энэ хийморьлог амьтны сүр хүчийг бэлгэдсэн нь тодорхой. “Чоно” хэмээн дуудуулах нь магадгүй зарим талаараа эрч хүчийг өгдөг ч байж мэднэ?

-Тэгэлгүй яахав. Өдөр тутам бэлтгэл хийх, бидний дуу хоолой, нэгдээд амьд хөгжмөө дуугаргах болгонд мэдрэгддэг зүйл бол чоно. Нэр бол цаагуураа том агууламжтай. Ганцхан Монгол ч гэлтгүй дэлхий даяараа хөх чоныг хүндэлдэг. Энэ амьтны эр зориг, амьдрах ухааныг биширдэг болов уу. Хамтлагаа “Чоно” гэж нэрлэсэн нь бидний юуг илэрхийлэх гээд байгаа дуу хоолой, характер, хэв маягийг энэ нэр тодорхойлдог гэж бас боддог шүү.

-Та сая бэлтгэлийн үеэр дууны дундуур хөөмийллөө?

-Бидний зорьж байгаа нэг зүйл бол Монголын язгуур урлагийг рок хөгжимтэй хослуулж шинэ өнгө төрхийг тодорхойлж гаргаж ирнэ. Бид азичуудаас юугаараа ялгаатай вэ. Бид азичуудтай адилхан төрхтэй. Монгол хүн, монгол туургатнууд азичуудаас юугаараа ялгагдах вэ гэхээр үндэсний өв соёлоороо л ялгарна. Бусдаараа бол юугаар ч ялгарахгүй. Тэгэхээр үндэсний өв соёл, язгуур урлагаараа л ялгарах болохоор бид энэ урлагийг рок хөгжимтэй хослуулж гаргаж ирнэ.

-Танд хөөмий заадаг багш бий юу?

-Багш байхгүй. Мэргэжлийн хэмжээнд хөөмийлж чадахгүй л дээ. Би бас уртын дуу дуулдаг. Уртын дууны багш байхгүй. Мундаг уртын дуучдын дууг сонсч байгаад л дуулж сурсан.

-Дуулах дуртай уртын дуунууд гэвэл?

-“Эрдэнэ засгийн унага”-ыг шуранхайлчихна шүү. “Хүрэн толгойн сүүдэр”, “Жаахан шарга” гээд дуунууд байна аа, байна. Саяхан нийтэд цацсан “Уухай” дуун дээрээ шуранхайлсан.

-Урлагийн хүмүүсийг харахад дуу хөгжим хөөцөлдсөн, баргийн юманд санаагаа чинээлдэггүй амар хүмүүс гэж хардаг ч үнэндээ хамгийн эх оронч хүмүүс урлагийнхан байдаг юм шиг ээ?

-Монголчууд гадны соёлыг хэтэрхий их шүтээд байна. Боловсролдоо сайн анхаарах хэрэгтэй байна. Ёс зүй гэдэг юмыг уландаа гишгэчихэж. Салбар салбартаа хүн болгон ёс зүйтэй байх ёстой. Тэгж байж улс эх орон хөгжинө. Хамгийн гол зүйл бол өв соёл, “Би монгол хүн” гэдэг утга учрыг л маш сайн эрхэмлэх ёстой юм. Гадны соёлыг хэт их шүтэж байна, хэт их баруунжиж эхэллээ. Бид яаж дэлхий дээр оршин тогтнох вэ гэхээр өв соёл, ёс заншлаа л найдвартай барих. Ингэж байж л оршин тогтноно. Тэгэхгүй бол одоо ингээд л задарна. Энэ бол хамгийн үнэн зүйл.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *