Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарын уушги болсон моддыг битгий тайраач

-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛД БОЛОН ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Т.ГАНТӨМӨР НАР АА, МОД БИТГИЙ ТАЙРУУЛААЧ-


Д.Ринчен усны гидро инженер хүн. Унаган багаасаа хотын төв Бага тойрууд өсөхдөө хотын төв гудамжны битүү ногоон төгөлд сэтгэл баясан алхаж явжээ. Өнөө харин хотын төвийн гэлтгүй Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүрэг дэх олон жилийн настай улиаснууд хатангаршин хатаж үхэх болсонд гүнээ харамсан манай сонинд хандан хамт явж сурвалжлага хийхийг хүссэн юм. Тиймээс өчигдөр орой зөвхөн Бага тойруу буюу Ататуркийн нэрэмжит V сургуулиас нэгдүгээр дэлгүүр (хуучнаар) хүртэлх хэсэгхэн зайд очиж мод бүхний дэргэд зогсон эмгэнэл илэрхийлэх шахуу бичил яриа үүсгэсэн юм.


-Та юуны учир бухимдан, зөвхөн модны төлөө ярилцъя гэх болов?

-Энэ хавь Бага тойруугийн гудамж байхгүй юу. Бага тойруугийн гудамж арван жилийн өмнө битүү модтой байлаа. Тавдугаар сургуулийн үүд, Нэгдүгээр дэлгүүр, Соёл урлагийн их сургууль гээд ямар сайхан мододтой байлаа. Тэр үед ямар сайхан байсан гэж санана. Одоо тэгэхэд тожийгоод тожийгоод, зарим мод нь ёрдойгоод хатчихсан, бүр хожуул болчихсон. Байгалийнхаа жамаар өтгөн мөчрөө ургуулж буй модод дээлтэй ханхар хүдэр эрс шиг, харин мөчрөө тайруулсан модод нь биеийн тамирын цамцтай доогуураа нүцгэн, дээгүүрээ халзан өвгөд шиг харагдаж байгаа биз. Хатчихсан мод нь энд тэндээ булцуу ургачихсан байгаа биз.

-Тийм байна. Энэ булцуу ч мөчир биш юм байна шүү дээ?

-Юун мөчир. Мөчрийн ор ч биш. Наадах чинь модны өвчин. Энэ модод яагаад ингэж хатаж өгрөв өө. Яагаад ингэж хатав гэхээр буруу тайралт хийснээс болсон. Модыг тайрч болдгийг дэлхийн олон орны туршлага гэрчилнэ. Модыг тайрахдаа мөчрийн үзүүрээс нь ердөө 10-15 хувийг л тайрдаг. Модны нийт мөчрийн 15 хувиас илүү тайрч болдоггүй юм. Гэтэл манайхан 70-90 хувийг нь тайраад хаячихаж байна. Нэг гол дээр арван мянган мөчир байя гэж саная. Тэр мөчир бүхний тоогоор газар доогуур үндэс байдаг. Нэг үндэс нэг мөчрийг тэжээх гэж л газар доор амьдарч байна. Газар доороос агаар, ус, шимээ авч мөчрөөрөө дамжуулан хотын агаарыг цэвэршүүлж, дуу чимээг шүүж балансыг нь тэнцвэржүүлж байдаг. Нэг мөчир ямар их ус барьдаг, ямар их агаар үйлдвэрлэдэг, ямар их дуу чимээ шингээдэг, ямар их таатай орчин үүсгэдэг, ямар их агаар цэвэрлэдэг гэж санана . Модод хүний нүдний баясгаланг нэмж, үзэсгэлэн гоогоороо гайхуулна. Хамгийн гол нь Улаанбаатарын ганц амьсгалах уушги чинь энэ модод байгаа юм. Тэгэхэд мөчрийг нь тайрсан модны булцуунууд идээ бээртэй нүүр шиг болчихдог. Булцуу үүсээд ирэхээр модонд гажилт үүсдэг. Гажилтанд орохоор үндсүүд хоорондоо тэмцэлдээд мөчрүүд нь хатангаршин үхэж эхэлдэг.

-Модыг тайрах шалтгаан байгаа учраас хотын мэргэжилтнүүд тайрч байгаа байлгүй дээ?

-Орон сууцны айлуудын цонхыг модод хаадаг байлаа гэж бодъё. Цонх руу нь модны мөчир орж ирэх гээд байж болно. Тэгвэл мэргэжлийн хүн зогсож байгаад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах ёстой. Улаанбаатар хотод дендрологич гэж хүн мундаг өндөр цалин цавуу аваад байж байгаа. Дендрологич бол Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ерөнхий архитекторч хүн шүү дээ. Тэр хүн моддыг яагаад ингэж буруу тайруулаад байна вэ гэвэл ямар ч мэдлэггүй хүн байгаа байхгүй юу. Мэдлэггүй ч гэхэд хаашаа юм, тэр нөхөр ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй хүн байгаа юм. Тэр л бидний уушгийг урж хорт хавдраар ард түмнийг тарчлаахаар моддыг тайрч байна гэхэд хилсдэхгүй. Тэр дендрологич уг нь ХААИС-ийг ч юм уу, гадаадын аль нэг сургуулийн диплом өвөртөлсөн л хүн байж таараа шүү дээ. Жирийн нэг физикийн багшийг тэр албан тушаал дээр тавиагүй л байж таарна. Тэгэхэд тэр хүн “Тайр” гэж хэлэхээс өөр юм мэддэггүй. Хот тохижуулахынхан ч ямар ч засаг замбараагүй хүрч ирээд тайрдаг. Энэ л их харамсалтай байгаа юм. Тавдугаар сургуулийн урд талд доор хаяхад дөч тавиад улиас байлаа. Одоо ердөө наймхан мод л амьд байна. Үхсэн моддын хожуулыг нь туркууд өрөвдөөд хэрэм, шонхор шувууны дүрс гарган сийлсэн байх жишээтэй. Тэрнээс манай хотын захиргааныхан ийм юм хийхгүй шүү дээ.

-Таны бодлоор яах ёстой бол?

-Мод нэг бүр дээр мэргэжлийн эмч хүний сэтгэхүйгээр хандах учиртай юм. Хэдэн жилийн өмнө Барилгачдын талбай орчмын барилгуудын зоорийн давхраас ус ундраад сүйд болов. Дараа жил нь Засгийн газрын ордон усанд автлаа. Энэ юу болов гээд Усны бодлогын хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа хийлээ. Учрыг нь их л удаж олсон. Бага тойруугийн мод үхэж эхэлсэн тул газрын гүнд барьдаг усаа алдаж байж. Тэгээд байшингуудын подваль усанд автсан. Аажимдаа хуурайшсан. Ийм аюултай юм болсон.

Үүнийг өнөөдөр хэн ч тоохгүй л байна. Энэ юу гэсэн үг вэ. Хүнд хагалгаа хийж байгаа нойрсуулагч, нарийн мэргэжлийн эмч, сувилагч, асрагч хэн ч байлаа гэсэн бүгд өөр өөрийн үүрэгтэй. Тэгэхэд модны мэргэжилтнүүд ажлаа огт хийхгүй байна. Тэд шинээр мод ургуулахаа байг гэхэд өмнө нь бие даагаад ургачихсан байсан улиас моддыг устгах л ажил хийж, үүнийхээ төлөө улсаас цалин авч байгаа. Магадгүй тэд Улаанбаатарыг утаатай, чимээтэй байлгаснаар төслийн мөнгөөр амь зууна гэж эндүүрцгээж байх шив. Өнөөдөр үргэлжлүүлээд л тайрч байна. Модод гэр хорооллын утааг маш их хаадаг. Модгүй болохоор хүйтэн орчин барилгын гадна хананд татагдан хотын төв рүү орж ирдэг. Халуун утаа хүйтэн хананд кондинсаци үүсгэх нөхцөлөөр урсдаг.

-Модоо тайрч барсны гашуудал ч барагдахгүй л юм байна даа?

-Хотын төвийн модоо үхүүлсэн гудамжны айлууд дуу чимээнд ядаргаа тусч нойргүйтэл гэдэг өвчинд нэрвэгдсээр байна. Улиас гэдэг мод чинь өөрийнхөө байгалийн жамаар ургахдаа гурав дөрвөн зуун жил насалдаг мод байхгүй юу. Өдөр шөнө, өвөл зун гэхгүй амралтгүй ургана. Бараг услах ч шаардлагагүй. Газрын гүнээс үндсээрээ усаа олоод татчихдаг чадвартай мод.

-Улиасны унгирал хамар ам руу орлоо, харшил хөдөлгөлөө гээд байдаг даа?

-Тэр унгирал чинь хамар руу нэг их ороод байдаггүй юм шүү дээ. Зүгээр л нүдний өмнүүр л мирэлзээд хөвөөд байдаг юм. Харшил огт өгдөггүй юм билээ. Улиас чинь өөрөө байгалийн амьтан. Тиймээс үр хөврөлөө л цацаж байна. Энэ бол байгалийн хууль. Байгалийн хууль явагдаж байхад “Гэрт хийсэж орж ирлээ, хамар аманд орлоо, харшил хөдөлгөлөө” гэж байгаа нь хүмүүсийн хувьд муухай байгаа байхгүй юу. Унгирлаас илүү харшил хөдөлгөхөөр зуны тоос, өвлийн утааг тоохгүй шахуу мөртлөө ургаа хэдэн модоо үзэн ядсаар дуусгаж байх шив дээ.

-Ургаж байсан улиас моддоо устгаж дуусаж байгаа юм байна. Одоо тэгээд яах ёстой билээ?

-Хотын дарга Сундуйн Батболд, хотын менежер Гантөмөр хоёрт захиж “Хотод ургаж байгаа энэ цөөхөн модыг битгий тайруулаач ээ. Тайруулахаар бол инженер нь, дендрологич нь очиж зогсог. Өөрсдийн чинь хумсыг засах гээд хурууг чинь тасдвал ямар байх вэ. Хотын дарга та үсээ сайхан захлуулаад засуулчихъя гээд ортол хуйхыг чинь улайтал хусчихвал ямар байх вэ. Улаанбаатар хотынхоо уушгийг битгий тайраач” л гэж хэлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *