Categories
мэдээ нийгэм

Иргэд модон жорлонгоос татгалзахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, харьяа агентлагийн удирдлагууд өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд хотын дарга “Улаанбаатар хотод энэ хаврын бүтээн байгуулалтын ажил эхнээсээ хийгдээд явж байна. Тиймээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан та бүхэнтэй өнөөдөр уулзаж, санал сэтгэгдлийг сонсч байгаа юм. Өнөөдрийн уулзалтад НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар оролцож байна. Тиймээс ямар ч сэдвээр асуудал байвал асууж, судалж болно. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн 80 хувьд гэр хорооллынхон оршин суудаг. Тиймээс гэр хорооллыг хөгжүүлэх, амьдрах орчныг сайжруулах асуудал үе үеийн хотын дарга нарын өмнө тулгардаг. Гэр хороолол сүүлийн 25 жилд хязгааргүй тэлсэн. Тэлэхийн хэрээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд өчнөөн асуудал тулгарч эхэлсэн. Тэр дундаа Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь 202 мянган өрх амьдарч буй гэр хороолол. Энэ асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний гаргалгаа нь иргэдийг орон сууцжуулах хэдий ч үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс нийслэлээс эхний ээлжинд 40 мянган иргэнийг цахилгаан халаагуураар, үлдсэн өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр ажлын хамгийн сайн шийдэл нь “Дэд бүтцийн төв. Бид 2018 онд гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хийх ажлын эхлэл бол Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байгуулах “Дэд бүтцийн төв” юм. Энэ мэт төвүүдийг хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулааны сүлжээ очих боломжгүй газруудад байгуулах бодлого баримталж байгаа. Тиймээс хамгийн анхны дэд бүтцийн төвийг байгуулж буй Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэд бусад гэр хорооллын иргэддээ үлгэр жишээч байж, төр, хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажиллах нь чухал. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина” хэмээн онцлов.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэлээс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар НЗД-ын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулсан.
Иргэн Х.Долгормаа “Дахин төлөвлөлтийн хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дэмжиж байгаа. Бидний энэхүү дэмжлэг улс эх орондоо агаар, хөрсний бохирдлыг арилгахад томоохон хувь нэмэр оруулж буй хэрэг гэж ойлгож байна. Дэд бүтцийн ажлын талаар долоо хоног, сар тутамд хороон дээр уулзалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгдөг. Миний бие тус уулзалтыг таслахгүй байнга суудаг. Тэндээс авсан мэдээллээ бусаддаа хүргэдэг. Энэ нь нийслэлийн иргэн хүний хувьд бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмэр юм болов уу гэж бодож явдаг” гэв.
Иргэн Д.Баатар “Хотын төсвөөс хөрөнгө мөнгийг нь гаргаад төсөл хэрэгжүүлэх гээд явж байгаа явдалд миний бие их баярлаж, талархаж байгаа. Албаны хүмүүсийн яриад байгаагаар эхний ээлжинд гэрээ дулаалах хэрэгтэй. Хичнээн сайхан техник, тоног төхөөрөмж хэрэглэсэн ч дулаанаа алддаг гэр, орон сууцтай бол ямар ч нэмэргүй. Тиймээс иргэд буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хөтлийн 15 дугаар хэсгийнхэндээ дулаалгын аянд нэгдэхийг уриалж байна. Нийгмийнхээ хөгжлийг дагаад хүн өөрөө өөрчлөгдөх ёстой. Мэдээж амьдарч буй орчин сайхан болчих юм бол ганцаараа модон жорлонд суугаад бие засахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс иргэд төртэйгөө хамтраад хийж хэрэгжүүлж буй ажлыг нь дэмжих хэрэгтэй. Ингэсний дараа бид хамтдаа үр дүнд хүрнэ” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *