Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгож “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан дуугаар нь хүмүүс мэдэх болсон. МУСТА, Дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн гурав дах тоглолтоо энэ сарын 20-нд хийх байсан юм. Монгол Бөхийн Өргөөг тойрсон асуудлын улмаас тоглолт хойшлогдсон. “Энэ насны хайр” тоглолтын талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.
-“Энэ насны хайр” тоглолт энэ сарын 20-нд болох байлаа? Яагаад хойшлогдсон талаар тодруулаач?
-Миний “Энэ насны хайр” уран бүтээлийн тоглолт энэ сарын 20-нд Монгол Бөхийн өргөөнд зарлагдсан байсан боловч бөхчүүдийн маргаанаас болж хувь уран бүтээлч миний болон олон мянган үзэгчдийн эрх ашгийг хөндөгдсөн юм. Монгол бөхийн өргөө тоглолт хийхэд маш тохиромжтой. Үзэгчдэд нийцтэй, тайзаа тойрсон байдаг.Монгол гэрийн зохион байгуулалттай учраас халуун дулаан уур амьсгалтай тоглолт болдог. Төлөвлөгөөний дагуу бүх маркетингээ хийгээд явж байсан боловч гэнэтийн шалтгаанаас болоод тоглолт хойшлогдон энэ сарын 24,25-нд МҮЭСТО-нд хоёр удаа тоглогдохоор болсон.
-“Энэ насны хайр” таны бие даасан гурав дах уран бүтээлийн тоглолт. Урьдны тоглолтуудаас ямар онцлогтой вэ?
Миний тоглолт бүр онцлогтой болдог.Амьд хөгжмийн хамтлаг тоглодог. Энэ тоглолтонд ханьтайгаа дуулна. Тоглолтоо амьд хөгжимтэй хийнэ. Үзэгчиддээ үдшийг хамгийн сайхнаар өнгөрүүлэх бүхий л зүйлсийг хийх гэж хичээж байна. Тайз өөрчлөгдсөн учраас төлөвлөгөө 100 хувь өөрчлөгдөж байгаа. Тайз засалт, зохиомж найруулгаараа үзэгч түмэндээ олон сайхан ухаарал хайрласан мессэж өгөхөөр ажиллаж байгаа.
-Билет хэр борлогдсон байв?
1000 гаруй билет борлогдсон байсан. МҮЭСТО 1000 суудалтай учраас тоглолтоо хоёр өдөр хийхээр болсон.
-Тоглолт хойшлогдсоноор таньд хэр хохирол учрав?
Тоглолтыг жилийн өмнөөс төлөвлөж байж хийдэг. Бөхийн өргөөтэй уран бүтээлч бид аман гэрээ хийдэг. Өдөр хоногоо товлоод, тухайн өдрөө тоглолтоо хийдэг. Гэтэл гэнэтийн асуудлаас болоод бидний тоглолт хойшлогдсон нь харамсалтай. Үйл ажиллагааг нь жигд явуулах хэрэгтэй байх гэж бодож байна. Хэдэн хүний эрх ашиг, сонирхол, хүч түрэмгийлсэн байдлаас болж олон хүний ажил нурж байна.
-Үзэгчид хэрхэн хүлээн авч байна?
Янз бүрээр хүлээж авч байна. Зарим нь билетээ буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ажил төлөвлөсөн байсан, хөдөө орон нутгаас ах дүү нараа дуудсан байсан гэнэ. Үзэгчид маань тоглолт хойшлогдсон шалтгааныг ойлгож, хүлээцтэй хандаж байгаад баярлаж байгаа.
-Шинэ цомог гаргах төлөвлөгөө бий юу?
“Энэ насны хайр” нэртэй цомгийн эх бэлтгэл бэлэн болсон. Тоглолтын дараа цомгоо хэвлэлтэнд явуулна.
-Тоглолтондоо зориулж шинэ дуу гаргасан уу?
“Хайранд минь итгээрэй” гэсэн дуу гаргасан. Энэ тоглолтонд хайрын тухай дуу голчлон дуулагдана. “Хайранд минь итгээрэй” дуугаа хоёр жилийн өмнө дуулж байсан. Саяхан урын сангаасаа авч шинэчилж дууллаа. Клипэнд миний ханийн анх тоглож байсан “Учиртай гурав” киноны Юндэн, Нансалмаагийн дүрийг бүтээсэн Амраа, Сайнаа хоёр тоглосон.
-“Ижий энтэй эгч” дуугаар тань хүмүүс мэддэг болсон байх?
“Ижий энтэй эгч” дуу надтай салшгүй холбоотой.Энэ дууг дуулахгүй байя гэвч үзэгчид хүсээд байдаг. Урт настай дуу хэмээн бэлэгшээдэг. Энэ дуу төрөн гараад арваад жил болчихлоо. Одоог хүртэл хүмүүсийн зүрх сэтгэлд байна гэхээр сайхан санагддаг.
-Хөдөө орон нутгаар тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна уу?
Ирэх сарын 1-нээс хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийнэ. Өвөрхангай нутгаасаа эхлээд Монгол орноо нар зөв тойрч уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэх төлөвлөгөөтэй байна.
Б.НОМИН-ЭРДЭНЭ