Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын 2018оны нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх” эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан.

Төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт үр ашгийг дээшлүүлэх, төсвийн эрх захирагчдын төсвийн хяналтыг сайжруулах, татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг ямар нэг хууль эрхийн актгүй, батлагдсан норм, нормативгүй зарцуулж байгааг таслан зогсоох, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна.

Төсвийн зарлагын үйл явц нь төсвийн зарлагыг төлөвлөх, батлах, гүйцэтгэлийг санхүүжүүлэх гэсэн үе шатаар хэрэгждэг учраас Төсвийн тухай хуулийн 24.6-д шинээр “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ дараахь зүйлсийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн заалт нэмж оруулахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан “24.6-д шинээр “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ орцын норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсөл, гарцын хүрэх үр дүн, түүний шалгуур үзүүлэлтийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн нь буруу ойлголт төрүүлэхээр байна. Хуульд аль тохирохыг үндэслэнэ гэж бичиж болохгүй. Тиймээс Ажлын хэсэг дээр энэ асуудлыг эргэн харж, ярилцах хэрэгтэй гэсэн” саналыг хэлж байлаа.

Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *