Categories
мэдээ нийгэм

Онлайн төлбөр тооцооны хөгжил

Цаг хугацаатай уралдан алхам алхмаар хөгжин буй мэдээллийн системийн шинэ эрин үед дэлхийн дийлэнх иргэд онлайн төлбөр тооцооны хэрэгслийг хэрэглэж байна. Европын улс орнуудад цаасан мөнгө авч явах нь ховордож ихэнхи нь мөнгөө цахим хэлбэрт шилжүүлэн онлайнаар төлбөр тооцоогоо хийдэг болжээ. Энэ амьдралын хэвшил нь тэдний хувьд аюулгүй, баталгаатай бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг нь илүү хялбарчилж байна.

Монголчуудын хувьд ч тэр бэлэн мөнгө авч явах нь багасч, хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэх, мөнгө авах арга хэрэгсэл нь гараас гарт бус, данснаас данс руу шилжих урсгал бий болж байгааг та өдөр тутмын амьдралаасаа анзаарсан л биз дээ. Энэ бүхнийг дурдсаны учир нь бид энэ удаагийн нийтлэлээрээ онлайн төлбөр тооцооны хөгжлийн үе шатууд болон ирээдүйн чиг хандлагын талаар дурдах ба онлайн төлбөр тооцооны хөгжлийн түүхэн үе шатыг ерөнхийд нь 4 хувааж болно. Хүн болгоны л ойлгох гэж хичээгээд байгаа энэ онлайн төлбөр тооцоо гэдэг чинь юу юм бэ? Цаашид яах юм бэ? гэдэг дээр багахан эргэцүүлэл хийв.

ЭХЭН ҮЕ БУЮУ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Мэдээж онлайн төлбөр тооцоо нь анх интернет үүссэн үеэс л хөгжиж эхэлсэн. Хамгийн анх 1969 онд Вьетнамын дайны эрин үед холбооны сүлжээ болох ARPANET-тэй байгуулагдсан. Үүний дараагаар Англи улсын инженер, эрдэмтэн Тим Бернерс Ли нь тухайн сүлжээг улам хөгжүүлж 1989 онд интернетэд “вэб сайт”-ээр дамжуулан нийтлэх, мэдээллийг хялбар авах боломжтой шийдлийг гаргажээ. 1994 онд Стэнфордын Холбооны Зээлийн газар хамгийн анхны онлайн интернет банкны үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож байсан. Гэсэн хэдий ч анхны онлайн төлбөр тооцооны систем нь хэрэглэгчид ашиглахад хүндрэлтэй байсан бөгөөд тухайн онлайн үйлчилгээг ашиглахын тулд заавал шифрлэх, эсвэл өгөгдөл дамжуулах протоколын тухай мэргэжлийн мэдлэгтэй байх шаардлагатай байв. Цаашлаад 1995 онд онлайнаар төлбөр төлөх үйлчилгээ, 1996 онд цахим мөнгө зэрэг ар араасаа шинээр нээлтээ хийж ашиглаж эхэлсэн ч анхны хувилбаруудыг ашиглахад мэргэжлийн мэдлэг чадвар шаарддаг, цаг их бардаг гэх мэтчилэн олон сул талуудтай байжээ.

1998 оны Чаки Чаны тоглосон “Who Am I” гээд гайхалтай кинон дээр зэвсгийн наймаачдын мөнгийг хоромхон зуур хандивладаг зураглал тухайн үедээ үнэхээр гайхмаар санагдаж байж билээ.

ХӨГЖЛИЙН ДУНД ҮЕ

Цахим төлбөр тооцооны системийг ганц банк бус, бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн. Бидний мэдэх “Pizza Hut” анх 1994 онд онлайн хоолны захиалгын үйлчилгээг ашиглаж эхэлсэн бөгөөд түүний дараагаар бусад байгууллагууд онлайнаар төлбөрөө төлөн захиалах үйлчилгээг ашиглаж эхэлжээ. Амазон 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хэрэглэгчид онлайн сүлжээг түлхүү ашиглаж эхлэх үндсийг тавьсан. Одоо Амазон хамгийн үнэ цэнэтэй брэндийн 6-рт, 54%-ийн өсөлттэйгөөр орж ирж байх жишээний. Хөгжлийн дунд үед цахим төлбөр тооцоо хийхийн тулд мэргэжлийн мэдлэг шаардахгүй ч, Васко гэх мэт тусгай программ, төхөөрөмж худалдаж авч байж ашигладаг байжээ.

ОДОО ҮЕ

10-н хэдхэн жилийн түүхтэй ч онлайн төлбөр тооцоо болон интернет сүлжээ нь асар хурдацтайгаар хөгжиж дэвшиж чадсан нь гайхалтай юм. Одоо хэрэглэгчид онлайнаар төлбөр тооцоо хийхдээ интернеттэй газраас шууд, интернэтгүй бол утасны сим картан дээрээ төлбөр тооцоо хийх зориулалтын меню суулгаад л гүйлгээ хийх боломжтой болжээ. “Алибаба” зах зээлийн үнэлгээгээрээ 2017 онд Азийн хамгийн том компани болсон ба энэ үзүүлэлт нь 2018 онд дахин 49% өсөлт үзүүлэх төлөвтэй байна. Бид пластик карт болох visa, master, credit картуудыг түлхүү ашигладаг байсан бол хэдхэн жилийн өмнөөс утсанд суурилсан онлайн төлбөр тооцооны систем нэвтэрснээр бидний амьдралын хэв маяг бүрэн өөрчлөгдөж байна.

ЦААШДЫН ЧИГ
ХАНДЛАГА

Та өдөр тутамдаа бэлэн мөнгө болон пластик картыг заавал авч явах шаардлагагүй болж, танд зөвхөн гар утас байхад л бүхий л төлбөр тооцоо, бүртгэл гэх мэтээ хийдэг болох юм. Сонирхуулахад Японд “Аюул осол тохиолдвол та хамгийн түрүүнд юу авах вэ?” гэсэн асуултад дийлэнх нь гар утас гэсэн юм гэдэг. АНУ-ын судлаачид ойрын 5 жилдээ багтаад хүмүүс цаасан мөнгөний хэрэглээг багасгасан шигээ пластик картыг хэрэглэхээ больж зөвхөн утсаараа төлбөр тооцоо хийдэг болно гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *