Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Бат-Эрдэнэ: Өнөөгийн дэлхий ертөнцийн төрх, ирээдүйн хөгжлийн төлөв хандлага

МУИС-ийн захирал асан доктор Р.Бат-Эрдэнийн яриаг хүргэж байна. Тэрбээр томоохон think tank байгууллагуудын судалгаанд түшиглэн, дэлхийн хөгжлийн хандлага, үүнтэй холбоотойгоор ажил эрхлэлт хэрхэн өөрчлөгдөх, ийм өөрчлөлтийн үед хүүхдийг ямар чадварт сургах талаар ярьсан юм. Түүний яриаг тоймлон хүргэж байна.

Өнөөдөр бид эргэлтийн, хурдтай өөрчлөлтийн цаг үед амьдарч байна. Хүмүүсийн сэтгэл санаа ч хачин болж. Сүүлийн үед сургуулийн орчинд буудалцах явдал Америкт гарах нь бараг хэвийн үзэгдэл шахуу болсон. Нэлээд тайван Австралид хүртэл ийм юм гарч байна. Радио, телевизээр цацагдаж байгаа мэдээллийг харахад хүмүүс зэрлэгшээд байгаа юм уу гэж бодогдоно. Хүнлэг харилцаа алдагдаж, богино хугацаанд бушуухан шиг олон юмнаас зуурч, ашиглаж авъя гэсэн өрсөлдөөн хурцадсан. Түүндээ хүрэхийн тулд ямар ч арга хэрэглэхээс буцахаа байжээ. Үүнийгээ зөвтгөх нь олонтаа. Чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн хандлага монголчуудаас гадна дэлхий даяар байх шиг. Хүний ухааныг мөнгөөр хэмждэг болчихлоо шүү дээ. Чи ухаантай юм уу, тэгвэл мөнгө чинь хаана байгаа юм бэ гэдэг. Үүнийгээ үнэний туйл гэж ойлгодог бололтой. Технологи дэндүү хурдтайгаар дэвшиж, олон юмыг өөрчилж байна. Ийм эргэлтийн цаг үед боловсролын салбарт ажилладаг хүмүүс юу хийж байна вэ? Цалин авахын тулд өглөө ажилдаа ирээд, орой харьж байна уу. Эсвэл мэргэжлийнхээ үүднээс тав, арав, хорин жилийн дараа миний хүүхэд, миний хүүхэдтэй адил залуусыг энэ нийгэмд амьдрахад нь бэлтгэе гэсэн сэтгэлээр хандаж байна уу. Энэ талаар санаа аваг гэж доорх сэдвийг бэлтгэлээ. Ухаантай олон хүний хэлсэн ярьсаныг цуглуулсан юм шүү.

Энэ сэдвийг хоёр хэсэгт хувааж байгаа юм. Өнөөдөр дэлхий ертөнц ямархуу дүр төрхтэй байна вэ. Ойрын ирээдүйд хаашаа явж байна вэ. Хөгжлийн асуудлаар судалгаа хийдэг байгууллагууд яаж харж байна гэдгийг “будаа идсэн” юм. Энэ нь сургууль, боловсролын байгууллагын мөн чанартай уялдахаараа ямархуу үр нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Боловсрол гэдэг хүмүүс цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх чадвар суулгах бэлтгэх зорилготой. Үүнтэйгээ авцалдаж байгаа юм уу. Эдгээрийг холбож дээрх сэдвээр тоймлох гэж оролдлоо.

Дэлхийн эдийн засгийн форумын чиглэлээр хийсэн судалгааны ажлуудыг бас хүмүүс анхаарах нь хэрэгтэй болов уу.

Өнөөдрийн дэлхий ертөнц ямар байгааг базаж дүгнэлт хийсэн нийтлэлд анхаарал хандуулъя.

Дэлхийд таван чиглэлээр өөрчлөлт явж байна гэж энд үзжээ. Хамгийн нэгдүгээрт дэлхий даяар тэгш бус байдал өсч байгаа юм биш үү гэж дүгнэсэн. Дэлхий нийтийн том тоо баримт судалгаанд үндэслэн ийм дүгнэлт хийжээ. Баян болон өмч хөрөнгөгүй хүмүүсийн хоорондох зай томорч байна. Хамгийн баян найман хүний эзэмшиж байгаа баялаг 3,6 тэрбум хүний эзэмшиж байгаатай тэнцлээ. Дэлхийн нийт хүн амын талаас илүүгийнх нь арай хийж цуглуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний баялаг наймхан хүний гарт төвлөрсөн байна. 2015 оны байдлаар дэлхийн хүн амыг ядуугаас нь эхлээд баян хүртэл орлогоор нь хуваах юм бол хамгийн өндөр орлоготой нэг хувь нь бусад 99 хувьтайгаа тэнцүү хэмжээний баялагийг эзэмшиж байна гэсэн тоо баримт бий. Дэлхийн баялгийг атгагчид түүгээрээ дамжуулж, дээд хэмжээнд гарч байгаа шийдвэрүүд, хүчний байгууллагуудын хөдөлгөөнд нөлөөлөөд байна уу гэсэн асуудал хөнджээ.

Дэлхийн улс оруудын тэгш бус байдал харьцангуй багасч байна. Харин улс доторх баян ядуу, тэгш бус байдал улам бүр гүнзгийрч байна.

Улс болгон баячуудтай болсон. Тэд нь бусдаасаа тасарч байна. Яваандаа эрх мэдэл хөрөнгөтэй хүмүүсийн гарт төвлөрөх, тэдний эрхшээлд орох дүр төрх нийтлэг харагдаж байна.

Хоёрдугаарт технологийн дэвшил хүмүүсийн эрхэлж байгаа ажил хөдөлмөрийг маш ихээр өөрчилж байна.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал гэж байгууллагын хийсэн судалгаагаар ойрын жилүүдэд хөгжиж байгаа улсуудад хүмүүсийн эрхэлж байгаа ажлын гуравны хоёрыг нь робот хийдэг болно. Хөгжиж байгаа орон гэхээр харьцангуй бага цалинтай ажлууд шүү дээ. Тэр ажлуудыг ойрын жилүүдэд робот авах нь ээ. Тэгэхээр энэ ажлыг хийж байсан хүмүүс ажилгүй болж, өөр шинэ төрлийн ажил эрхлэх юм. McКinsey-гийн саяхны судалгаа байна. Энэ байгууллага манайд төмөр замын ТЭЗҮ хийж өгсөн гэдгээрээ жаахан муу нэртэй. Гэхдээ хөгжлийн асуудлыг судалдаг хүчирхэг аналитик байгууллага, дэлхийн томоохон think tank байгууллагад багтдаг. McKinsey-гийн судалгаагаар өнөөдөр ажил эрхэлж байгаа хөдөлмөрийн насны хүмүүсийн 45 хувь нь ажилгүй буюу дутуу ажиллаж байна. Бүрэн ажиллаж чадахгүй байна. Тийм байхад мөнөөх ажлыг нь хүн биш робот булаах нөхцөл бий болж магадгүй.

2007 онд Petrochina, Exxon Mobil, Ceneral Electric, China Mobile, Bank of China дэлхийд тэргүүлж байсан. Гэтэл 2017 он гэхэд буюу арван жилийн дараа Apple, Alphabet, Microsoft, Facebook, Amazon зэрэг компаниуд дэлхийд тэргүүлэх болсон шүү дээ. Хөрөнгө технологийн компаниудад орж байна. Өнөөдөр үнэлгээ нь өсч байгаа компаниуд технологийнх байна. Цаашдаа тэд зах зээлд ноёлох төлөвтэй.

Өмнө нь дэлхийн таван том компани 1,3 сая хүнийг ажиллуулж, цалин олгож байсан бол одоогийн тэргүүлж буй технологийн таван компани 718 мянган хүн ажиллуулж байна. Бараг хоёр дахин бага хүн ажиллуулж байгаа ч өмнөх таваас хамаагүй их хөрөнгө цуглуулсан.

Гурав дахь том хөдөлгөөн хөрөнгөлөг орнууд өөрсдийгөө хамгаалж эхэллээ. Нээлттэй, хамтардаг байдлаасаа буцаад өөрийнхөө эрх ашгийг тэргүүлэх байр сууринд тавих хандлагаа ил тод зарлах боллоо. G20–ын орнууд хүртэл өөрийгөө тусгаарлаж, хамгаалах бодлого явуулж эхэллээ. АНУ-г энд дурдаж болно. Европын холбоо гэж тивийн хэмжээний хамтлаг үүсч байсан. Тэндээс Англи гарчихаж байна. Дараагийн орнууд ч холбооноос гарах асуудал яригдсаар. Өнөөдөр Трамп ах АНУ-ын зах зээлийг бага хөлсөөр мөлжигч Хятад, бусад зах зээлээс бүрэн тусгаарлаж, хана барих тухай хүртэл ярьж байна. Их 20-ын орнуудын 2009 оноос хойш гаргасан шийдвэрүүдийг харахад хамтын ажиллагааг дэмжсэн шийдвэрүүдээс илүү өөрийн зах зээлийг хамгаалсан шийдвэр хоёр дахин их байгаа биз.

Дөрөв дэх том асуудал шилжилт хөдөлгөөн, дүрвэлт.

Үүний гол шалтгаан дайн байлдаан, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, нийгмийн тэгш бус байдал. Дүрвэгчид өөрсдийн эх орон дахь зовлонг харьцангуй тогтвортой байсан улс оронд халдааж байна. Ялангуяа Африк, Дундад Ази, Ойрхи Дорнодоос дүрвэж байгаа хүмүүс. Том хэмжээний шилжилт хөдөлгөөнүүд улс орнуудын тогтвортой байдалд нөлөөлж эхэллээ. Ийм үед сөрөг хандлага, гадуурхах, фашист маягийн бүлэглэлүүдийн нөлөө сэргэх төлөв ажиглагдаж байна.

Тав дахь нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сошиал медиа. Үнэний дараах ертөнц гэж ярьж байна. Дэлхийн хүн амын 51 хувь нь онлайнд нэвтэрч, нийгмийн сүлжээнээс мэдээлэл авч байна. Нийгмийн сүлжээнд мэдээлэл маш хурдан түгж, хүмүүсийн сэтгэл санаа, үйл хөдлөл, харилцаанд нөлөөлөх хүчин зүйл болж хувирчээ. АНУ-д 2016 онд болсон сонгуулийн үеэрх фэйсбүүкийн мэдээллийн урсгалыг энэ графикт харуулсан байна. Харьцангуй шалгагдсан, үнэн бодитой мэдээлэл сонгуулийн хугацаанд буурч, гүтгэлэг, зохиомол мэдээлэл өссөн. Энэ нь сонгогчдын сонголтонд шууд нөлөөлсөн гэхэд хэцүү. Гэхдээ нөлөөлөөгүй гэж бас хэлж чадахгүй. Ийм нөлөөн доор бид байна. Өнөөдрийн бидний амьдарч байгаа орчин иймэрхүү байна.

Сэтгэл хөдлөлд авталгүйгээр бодит судалгаа хийдэг байгууллагууд бий. Тэдний нэг нь Австралид байрлаж, хатан хааны ивээлд байдаг орнуудын хөгжлийн асуудалд төвлөрч судалгаа хийдэг think tank байгууллага болох CSIRO. Дэлхийд томоохонд тооцогддог think tank байгууллагуудаас дэлхий ертөнц хаашаа явж, ямархуу байдалд хүрэх талаар судалгаа хийдэг. Энэ байгууллага 2016 онд гаргасан тайлангаа ийм хэдэн мегатренд харагдаж байна хэмээн тодорхойлсон. Мегатренд гэдэг нь улс орны хил хязгаарт харьяалагдахгүйгээр дэлхий нийтээр өрнөх өөрчлөлтийн төлөв байдал юм. Энд хүмүүс бид хэрэглээгээ дэндүү их нэмэгдүүлснийг онцолжээ. Манай дэлхийн нөөц шавхагдаж байна. Байгалийн баялагаас гадна эрчим хүч, ус, хоол хүнс, хүрээлэн байгаа орчинтой холбоотой өөрчлөлтүүд явагдана. Байгалийн төрөл зүйлүүд устаж үгүй болох, цөөрөх, шинэ мутациуд үүснэ.

Өмнөх дүгнэлтэнд улс орнууд өөрийнхөө эрх ашгийг хамгаалсан маягаар тусгаарлаад байна гэсэн бол энд хүссэн хүсээгүй эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоо улам бүр өсөн нэмэгдэнэ. Санаачилга гаргаж байгаа хэсэг нь өөрийн коридор, сувгуудыг үүсгэх нь. (Жишээлбэл манай урд хөрш байна). Үүний үр дүнд баруунаас зүүн, хойноос урагшаа чиглэсэн бараа үйлчилгээ, солилцоо эрчимжих төлөвтэйг тэмдэглэжээ.

Нэг сонирхолтой хандлага бол дэлхийн хүн ам насжиж байна. Энэ бол бүхэлдээ муу гэсэн үг биш. Амьдралыг таньж мэдсэн, туршлагатай хүмүүсийн хувь хэмжээ нэмэгдэх нь. Ер нь том хөдөлгөөн, хөгжлийн хандлагыг ямар нэг байдлаар тооцох, энд байгаа боломжуудыг аль болох ашиглах эрмэлзлээр алсыг харж, ирээдүйгээ төлөвлөх нь нэмэгдэж байгаа бололтой юм.

Энд Hay Group гээд өөр нэг tnink tank байна. Тэд Жон Нэйсбит гэж хүний аргачлалд үндэслэж ажилладаг. Энэ хүний “Мегатрендс” гэж ном монгол хэлээр орчуулагдсан. 1982 онд энэ номоо анх хэвлүүлжээ. Ирээдүй судлал гэж ярьдаг. Энэ бол мэрэг төлөг, зөн совин биш л дээ. Технологийн дэвшил, хүмүүс хоорондын харилцаа, улс орнуудын хөгжлийн түүх, боломж дээрээс анализ хийж, ирээдүйг таамагладаг. Үүнийг анх гаргаж ирсэн хүн бол Жон Нэйсбит. Энэ хүний аргачлалд үндэслэж, Ирээдүй судлалын олон улсын нийгэмлэг үүссэн. Тэрний салбар нь Монголд байгуулагдсан юм. IQ Ц.Дэмбэрэл ирээдүй судлалыг Монголд оруулж ирсэн нь монголчуудад хүргэсэн том тус гэж боддог. Ирээдүй судлалын нийгэмлэгийн шугамаар олон судалгааны материалыг орчуулж, монголчуудад хүргэж байгаа хүн дээ. Энэ шугамаар Жон Нэйсбитийн ном орчуулагдсан шүү. Дээрх аргачлалаар 2030 он хүртэл дэлхийд юу болох талаар судалж, илтгэл гаргадаг багийн тайлан юм. Дүгнэлт нь бас л дээр ярьсантай төстэй. Яагаад олон судалгаа тайлангаас иш татаад байна гэхээр газар газрын хөгжлийн асуудал, ирээдүйг таамаглаж төсөөлж байгаа хүмүүсийн дүгнэлтүүд хоорондоо хэр нийлж салж байгааг анзаараасай гэсэн юм.

-Энд глобальчлалыг онцолжээ. Хөгжил Европ, Хойд Америкаас илүү өмнө зүг рүүгээ төвлөрч байна. 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг Хятад болно. Дараагийн том эдийн засаг нь Энэтхэг гэсэн байна лээ. Америк дөнгөж гуравдугаарт орж ирж байгаа. Индонез, Бразил, Орос байна. Хамгийн том эдийн засаг гэхээр Америкаас бусад нь Азид байна.

Бидний эргэн тойронд дэлхийн бүх баялаг хуримтлагдах гэж байна шүү дээ.

Уг нь бид асар хурдтай томорч байгаа зах зээлийн дэргэд байгаа. Дэлхийн бусад өнцөг буланд байгаа улсуудын мөрөөдлийн байрлалд бид байна. Үүнийг ашиглаж чадахгүй бол “хохь нь” гэхээс биш яах вэ.

-Байгаль орчны асуудал хямрал руу явж байна шүү гэдгийг тэд бас сануулж байна.

-Хөдөлмөр эрхлэлтийн байдал үндсээрээ өөрчлөгдөх гэж байгаа юм биш үү. Олон ажилтантай, том нүсэр байгууллагууд цаашдаа байх юм уу, үгүй юу. Хүмүүс хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох юм шиг байна шүү.

-Хүн ам насжиж байна. Өндөр настай хүмүүсийн хувь хэмжээ нэмэгдэнэ. Төрөлт буурахаар хөгжлийг тэтгэх авьяастнуудын эх булаг хумигдаж эхлэнэ. Авьяастай хүмүүсийн төлөөх өрсөлдөөн ширүүснэ.

-Технологи, дижиталчлалаас гадна хоорондоо нэгдэх, урьд хожид төсөөлж байгаагүй шийдлүүд гарч эхэлнэ. Нано технологи, биотехнологи, мэдээллийн технологи, танин мэдэхүйн шинжлэх ухаанд дэвшил гарч, хүнийг хиймэл хүнээс ялгах аргагүй болно. Энэ тохиолдолд хүний өрсөлдөгч хэн байх юм. Амьдрал юуны төлөө байх вэ гэдэг асуултыг хүмүүсийн өмнө тавих нь. Өнөөдөр сургууль, гэр бүл юу хийх вэ. Төр засаг Оюутолгойн татварыг л ярьж суух уу? Эсвэл 2025-2030 онд Монгол ямар улс байхыг ярьж суух ёстой юм уу? Өнөөдөр тэд юу ярьж байна вэ?

Энд Sitra гэж Финляндын бас нэг tnink tank байгууллага байна.Энэ бол жил болгон мегатрендийн тайлан гаргадаг байгууллага. Дэлхийд болж байгаа үйл явдлыг 2016 оны байдлаар гурван гол трэнд байна гэж тоймлосон байна лээ. Энэ бас өмнөхтэй төстэй.

Эхнийх нь технологи бүхнийг өөрчилж байна гэжээ. Дижиталчлал, хиймэл оюун ухаан анагаах ухааны салбарт орж ирсэн. Робот мэс засал хийж байна шүү дээ. Эрчим хүчний технологи, блокчейн, дэлхийг хамарсан мэдээллийн технологийн дэд бүтэц байна. Саяхан болтол хүмүүс ажлаа хөнгөвчлөхийн тулд робот хийдэг байсан. Юуг роботоор хийлгэж болмоор байна гэдэг байсан бол өнөөдөр роботоор юу хийлгэж болох, юуг болохгүй гэсэн асуудлыг шийдэх хэрэгтэй болжээ. Үндсэндээ роботын хийж чадахгүй юм гэж байхгүй. Хүн өөрийгөө хамгаалахын тулд хаана хязгаарлалт тавих вэ гэдэг асуудал тавигдах боллоо. Технологи, уур амьсгал, хүмүүс хоорондын харилцаа ёс зүй, хүмүүсийн мөн чанарт өөрчлөлт орж байгаа юм биш үү?

Ажил хөдөлмөр эрхлэнэ гэж юу юм бэ? Өглөө найман цагт ирээд орой 18 цагт тарахын нэр юм уу? Хүн яаж амиа зогоох вэ, юунаас орлого олох вэ? Хүмүүс хооронд үүсээд байгаа тэгш бус байдал үргэлжлэх үү, яаж зогсоох вэ гэдэг асуултуудад хариу өгөх цаг ирчихжээ. Хамгийн гол нь энд яригдаж байгаа бүх зүйлс хүмүүсийн хувь заяанд нөлөөлөх учраас ирээдүйтэй холбоотой шийдвэр гаргахдаа хүн болгоны дуу хоолойг сонсох нөхцөл, механизм бий болгохоос аргагүй. Бусад олон мянган хүний хувь заяаг хэдхэн хүн шийддэг байдлыг өөрчлөх ёстой гэлээ. Төлөөллийн ардчилал асуудалд орж байна шүү.

Бид хөгжлийг эдийн засгийн өсөлтөөр хэмждэг. Гэтэл амьдралын чанар гол үзүүлэлт болсон. Carl Benedikt Frey хэмээх Охсфордын их сургуулийн судлаач 1950 онд анх компьютер бий болсон бол жараад жилийн дараа өнөөдөр жолоочгүй машин явж байна хэмээн онцолжээ. Mike Moradi- Тэнгэр баганадсан барилгуудыг ирээдүйд микро организмууд, бактериуд барина хэмээжээ. Энэ бүх өөрчлөлт, технологийн дэвшил Монголд орж иртэл би “нүд аньчих” юм байна гэж ойлгож болохгүй. “Дэлхийн шилдэг групп Дэнцүгийн хиймэл оюун ухааны компани Улаанбаатарт 400 инженер ажиллуулна” гэсэн мэдээллийг саяхан та бүхэн уншсан байх. “Ай түүлс” компанийнхан Монголд дата төвийн бизнес хөгжих ирээдүйн тухай ярьж байгаа бол Лэнд.мн-ий Ч.Анар “Филиппин, Индонезэд хиймэл оюун ашиглаж шинэ үеийн банкны үйлчилгээ нэвтрүүлэх” тухай ярьж байна.

Ажил & карьерийн өөрчлөлт

Урьд нь хүн их сургууль төгсчихөөд, насаараа нэг албан байгууллагатай амьдралаа холбодог байсан бол өдгөө тийм биш болсон.

-Их Британид хүн амьдралынхаа туршид 13 ажил сольж байгаа бол

-АНУ-д хүн амьдралынхаа турш 10.6 ажил сольж, дөрвөн мэргэжил эзэмших боллоо.

Япончууд өмнө нь “Тогтвортой ажил эрхлэлтийн бодлого” ярьж байсан бол өдгөө “урсамтгай ажил” (labor fluidity) болгох тухай онцолж байна. (Абеномикс) Станфордын их сургуулийн Paul Kim XXI зуунд бичиг үсэггүй хүн гэж дахин шинээр сурч чаддаггүй хүнийг хэлнэ гэжээ. Өнөөдөр бага ангид сурч байгаа хүүхэд төгсөхдөө өдгөө байхгүй байгаа цоо шинэ мэргэжил эзэмших болно. Ийнхүү өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд хүүхдэд ямар чадвар эзэмшүүлэх учиртай вэ?

Хүүхдийг бүтээлч байлгаж, сониуч, айж эмээлгүйгээр асуудаг хандлагыг өөгшүүлэх учиртай.

2-5 насандаа хүүхэд дунджаар 40 000 асуулт тавьдаг байна.

Global Human Capital Report (WEF, 2017)–д өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд хүүхэд дараах чадвар эзэмшүүлэх талаар онцолсон.

-Санаачилгатай байх,

-Амаар болон бичгээр өөрийгөө зөв илэрхийлдэг байх.

-Сониуч зантай байх,

-төсөөлөх чадвартай байх зэргийг онцолжээ.

Лондоны эдийн засгийн сургуулийн захирал Minouche Shafik “Олон дахин давтагддаг ажлыг хүн хийхээ болино” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлжээ.

2027 он гэхэд робот багш нар багшлах болно гэж Английн боловсролын эксперт Anthony Seldon хэлсэн байна. Робот багш ажил хаяхгүй, хүүхдийг ялгаварлахгүй, хүүхэд бүрийн онцлогт тохируулж ажиллаж чадна. Гэтэл хүүхэд нэг бүрт хандах боломж хүнд байхгүй шүү дээ.

Ирээдүйн ажил хөдөлмөр бол “хөдөлгөөнт бай” гэсэн үг.

Их сургуулийн үүрэг:

-оюутнаа нийгмийн олон төрлийн өөрчлөлт, сорилт шаардлагад хариу өгөх чадвартай болгон бэлтгэх,

-нийт иргэд байнгын суралцагч байж мэдлэг, ур чадвараа үргэлж шинэчлэн ахиулж, сайжруулахад үйлчлэх юм.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гэсэн баримт бичгийг та бүхэн харж байна. Энд болж өгвөл хүний хөгжлийн үзүүлэлт байвал зүгээр. Монгол Улс яг хаана очих гэж байгааг эндээс олж уншихад бэрх хэмээн илтгэгч хэллээ. Тэрбээр энэхүү яриагаа төгсгөж Robin Sharma –гийн “Өөрчлөлт хийхэд эхэндээ хүнд, дунд үедээ холион бантан, төгсгөлд нь бахархалтай” гэснийг иш татсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *