Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

1.Отгонтэнгэр хайрхан зурган илэрцүүд

1.Отгонтэнгэр хайрхан

Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байжээ. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995 онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна.

Энэ хайрхан нь эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчмын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг.

Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ. Очирвааний оргилд ил байдаг уулсууд бүгдэд нь хормой, энгэргүй бүрхэж таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц ургадаг. Тэр дундаа хонин арц нь бүүр ч үнэр тансаг ажгуу. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг эрс цээрлэнэ. Арцыг авахдаа ном ёсоор нь Очирвааний зүрхэн тарни хэлж хормой дэвсэн сөхөрч суугаад алга хавсран мөргөн гуйж авдаг уламжлалтай. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан найман сарын дундуур дэлгэрэн ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20, 30-аараа үзэгдэнэ гэж ярьдаг ажээ.

2.Хар нуур

Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, Аймгийн төвөөс 110 км оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Гүнээрээ 48 м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур омоль, пельд загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600м өргөгдсөн их, бага 2 авгаш байдаг.

Нуур нь хойд талаараа элсээр хүрээлэгдсэн Хангайн сувд гэгддэг нуур. Урьд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь сайхан үзэсгэлэнтэй харагддаг.

Нуурын ус баруун өмнөөс хүрээлсэн манхан элсэн доогуур шурган, 10 гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд нийлэх учраас ийнхүү давсгүй хужиргүй байдаг онцлогтой.

3.Загастайн давааны хүн чулуу

Эрт урьд цагт Монголчууд хятадад ноёрхож байхад юм гэнэ. Хятадууд бослого гарган Монгол хааны аминд хүрээд зогсохгүй үр удмаар нь хүйс тэмтрэх хорон санаа өвөрлөжээ. Хааны эхнэр нэгэн ламын туслалцаатайгаар Чингис хааны хойчийг залгамжлах бяцхан нуган үрээ аван санд мэнд зугтаж амжиж гэнэ. Босуул гурав тэмээ унан говь цөлийг туулан эх Монгол нутгаа тэмцжээ. Хятад түшмэд тэднийг барьсан хүнд их хэмжээний шагнал амлан 300 морьтон цэрэг илгээн тэдний араас мөрдүүлж гэнэ.

Хөөн ирсэн дайсанд гүйцэгддэгийн даваан дээр лам тэнгэр бурханд залбиран хур гуйсанд их цас орж морь унасан хятад цэрэг урагшилж үл чадан ард хоцорчээ. Ийнхүү тэд явсаар Загастайн даваанд дөхөж байтал мөрдөн хөөгчид дахин ойртож иржээ. Оргодол гурван Монголын толгойг тасдан аваачиж өндөр шан хүртэхийг горьдсон хятадуудын баясан хашгирах дуу араас нь улам ойртсоор л. Гэтэл давааны оройд гараад тамир нь барагдсан ламтан үхэдхийн унаж бурхны оронд оджээ.

Яахаа мэдэхээ байсан залуу хатан бяцхан хүүгээ дээш өргөн “Монгол газрын этүгэн эх дэлхий, бурхад минь ээ! Монгол хэмээх нэрийг даян дэлхийд цууриатуулсан агуу их хүний удмыг энэрэн соёрхож хайрла! Чингис хааны яс махны тасархайг үхлээс хэлтрүүлж соёрхооч! гэж гуйн хашгирсан байна. Тэгтэл түүний хажууд нэгэн бяцхан цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр намуухан дуу гарган: “Чамайг авруулахаар намайг илгээсэн болой. Айж тэвдэлгуй аян замаа үргэлжлүүлсүгэй. Хүүг чинь гайхамшигтай суу алдар, харин мөрдөн хөөгч нарыг үхэл хясал хүлээж буйг мэдтүгэй! хэмээжээ.

Хатан хулгана руу үл итгэсэн харцаар харж “300 морьтон дайчныг өчүүхэн жижиг хулгана дийлнэ гэж үү” хэмээн асууужээ. Гэнэт тэнгэр нижигнэж аянга цахилан асар том хадан цохио хагаран нурж доороос өгсөн ирж байсан морьтон эрсийг бяц даран хаман оджээ. Тэгээд өнөө бяцхан хулгана хадан дээр үсрэн гараад:

– Би бол Загастайн эзэн савдаг байна. Би бурхадын ивээлд байдаг хүчирхэг нэгэн билээ, харин чи ид шидэт хулгана миний хүч чадалд эргэлзсэний чинь төлөө Загастайн даваа энэ өдрөөс зөвхөн нүгэлт хүмүүст ч бус, басхүү буянт хүмүүн нарт саад тотгор учруулах болмуй” гэжээ.

Энэ цагаас хойш үүгээр явагсад Загастайн даваанаас аюун сүрдэх болсон түүхтэй байна.

4.Бор хярын элсэн манхан, Мухартын гол

Баруун Зүүн Монгол хэмээх хоёр уулын өмнөхөн байдаг бөгөөд Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн, Хунгийн голыг хөвөөлдөг. Тэндээс Эрдэнэ хайрхан сумын хойгуур өгсөж, Яруу нутаг хүртэл тэлж тариан шаргал үтрэм шиг санагдах 300 орчим км урт үргэлжилнэ. Эл манхан элсийг хөндлөн туулах Монгол хотгор.

Олгой, Цэцэний сүв гэж бий. Элсэн манхан далай болсон энэ алтан шижир элсийг ирээдүйн Монголын барагдашгүй алтан чулууд гэж нутгийн олон хэлцдэг байна.

5.Их хайрхан уул

Эрдэнэхайрхан сумын нутагт байх, эртний далайн ёроол бүхий тогтоцтой, шохойн чулуун уулыг Их Хайрхан уул хэмээдэг. Уг уул цавчим өндөр байц хад бүхий хавцлуудтай, 10-15 метр урт аж. 108 хадан агуй, төрөл бүрийн модлог бутлаг ургамал, олон зүйлийн ан амьтантай, унаган төрхөө жинхэнээр нь хадгалсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ уулыг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдсээр буй аж.

Нутгийн ард иргэд ч уг уулыг Манзушир бурхны орон буюу Алтан тэвш уул хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтсээр иржээ. Түүний 108 агуйн дотроос хамгийн том нь Эхийн, Намширын, Бага гэж нэрлэгддэг агуйнууд юм.

Эхийн агуй нь 137 метр урт бөгөөд агуйн аман дээр хадаг яндар бүхий том овоо босгосон байдаг. 70 орчим метр газрыг босоогоор явж, цаашлах тусам бөхийж, мөлхөж явсаар мухарт хүрэх ба агуйн адагт сэндэр шороо байх аж. Энэ шороог эртнээс нааш Монголчууд яр шарханд түрхэх байдлаар хэрэглэж ирсэн аж.

6.Дааган дэлийн буган чулуун хөшөө

Шилүүстэй сумын нутаг Дааган дэл уулын хойд энгэртийн уужим дэвсэг дээр хоёр эгнээ найман буган хөшөө бий. Эдгээр хөшөө чулууд нь Завхан аймгаас Баянхонгор орох төв замын дагууд байрлах бөгөөд холоос тод харагдана. Үүнийг Дааган дэлийн буган хөшөө гэж судлаачид нэрлэдэг.

Эдгээр найман хөшөөний хоёр нь газарт ойчсон байна. Хөшөөнүүдийг ягаавтар өнгийн боржин чулууг сайтар засч, бугын дүрсийг гоёмсогоор дүрсэлсэн байх нь хөшөөнүүд дээр ажиглагддаг. Мөн хөшөө чулуунуудын доод бие буюу бүслүүрт нь нум сум, чинжаал хутга, бамбай, сүх мэтийг дүрсэлсэн байгаа нь тод ажиглагдана.

Хөшөө чулуунуудын ерөнхий хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд сайн, зураг дүрслэлүүд нь тод сайн харагдаж байлаа. Дааган дэлийн хөшөө чулуунаас холгүй мөн 8 ширхэг хөшөө чулуу тал дээр байдаг. Эдгээр найман хөшөө чулуу нь хэмжээгээр жижиг, мөн л ягаавтар өнгийн боржин чулууш засч хийсэн байх бөгөөд зураг дүрслэлийн хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд тааруу, бараг мэдэгдэхгүй шахам байдаг. Дааган дэл орчим энэ жижиг бүс нутагт мөн буган чулуу хөшөө хиргисүүр тархсан байдал нь нь нилээд өндөр, мөн Завхан аймгийн Отгон сумын төв дээр нилээд олон буган чулуун хөшөө, хиргисүүрүүдийг үзэж харж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *