1.Чойрын Богд уул
Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн ард түмний бахархал болсон уул юм. Уг уул нь аймгийн зүүн урд захад, манай орны их Боржигоны бүсийн хамгийн баруун зах нь болон оршдог. Тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авч, Монгол УИХ-ын 2011 оны 01 сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан.
Чойрын Богд уулын ойр орчимд олон төрлийн түүх соёлын дурсгалт зураг дүрс гадна Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, Эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө зэрэг бий.
Нутгийн ардууд энэ уулаа гадны зочин гийчинд сайн байдаг гэж үздэг тул энэ нутагт ирсэн гадна дотны зочид уул руу ихээр гардаг байна. Ууланд гарахад ойр орчмын газрууд цэлийн харагдах нь гайхалтай. Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй.
2. Зүүн жанжин Чойрын хийдийн туурь
Хуучин Түшээт хан аймгийн Боржигон хошуунд буддын олон арван сүм хийд байсны нэг нь энэ хийд юм. Зүүн жанжин Чойрын хийд 1779 онд Боржигон цэцэн вангийн хошууны дөрөв дэх засаг бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол сансар уулын баруун энгэрийн Марцын хоолой хэмээх газарт “Балдандашгомлин” нэртэйгээр Чойр, Жүд, Мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай, 1500 орчим ламтай байгуулагдсан ажээ. 1938 онд зөвхөн туурь болтол нь нурааж шатаажээ.
Баруун Чойр буюу Жанчивдэчилэн хийд нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг “Мушгиа зандан” гэдэг газар баригдаж байжээ. Эдгээр хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд гүн суралцсан олон арван мэргэн лам нар төрөн гарч өөрсдийн зохиол бүтээл олныг туурвижээ. Чойрын хийдүүд нь Майдар эргэх ёслол үйлдэж, Дүйнхорын цам, Цахарын цам зэргийг харайдаг байжээ. Мөн хийдийн хөгжлийг даган гар урлал, худалдаа наймаа нилээд хөгжсөн байв. Зүүн Баруун Чойр нь Майдар эргэх, Дүйнхор, Цахар гэдэг цамтай байсан гэдэг. Эдгээр хийд нь гар урлал, худалдаа, соёлын төв байсан. Баруун Чойрын хийдийн ловон багш гэж олноо алдаршсан Агваанданзанням нэг боть 50 гаруй номыг төвд хэл дээр зохиосон байдаг.
3. Цагаан дарь эх
1828 онд Зүүн Чойрын хийдийн орчимд хэжиг өвчин дэлгэрч лам хар олон хүний аминд хүрсэн гэдэг. Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана гэснээр уул хадаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэдэг.
4. Дагвасүндэл бурхан
Хийдэд гарсан халуун хижиг өвчнөөр олон банди нар өвдөж, хоногт хэдэн арваараа үхэж “Дөрвөн мааньт” гэдэг газарт ачин оршуулж байх үед Сансарын хадны Дарьмаа бүсгүйн ганц хүү хийдэд шавилан сууж байв.Энэ үед хийдийн гол хаалгыг чиглүүлэн Дарь эх бурхныг бүтээн олон лам нарын амийг хэлтрүүлсэн бурханчид баярласан Дарьмаа хүүхэн ганц хүүгээ шавь оруулан хожим бурханчийг өндөр наслаад өөд болоход нь хуврага хүүгээ дагуулан Оцол богд уулын оргилд авирч хүрээд зүрхэн улаан хадны энгэрт Дарь эх бурхны өөдөөс харуулан Сүндэл бурхныг сийлж бүтээлгэсэн түүхтэй.Дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дундаас догшин дүрт сүндэл бурхан алс тэртээд цав цагаанаар цайвалзан үзэгдэх Цагаан Дарь эхийг эгцлэн харуулж дүрслэн бүтээсэн байна. Ийнхүү Дагвасүндэл бурхан, Дарь эх хоёр байгаль эхийн барьсан байц хад зүрхэн халил дээр барилдлага болон мөнхөрсөн түүхтэй. Дагвасүндэл бурхан бүтээгчийн уран гар цаасан дээр биш хадан дээр гал амилуулж догшин нүүрний аймшигт харц чөтгөр шулмасыг үлдэн хөөх сайн цагийг бэлэгдэн өгүүлжээ.
5.Хүүхдийн овоо
Нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж иржээ. Цагаан овоо гэж нэрлэдэг байсны учир нь тус газрын ойр орчмын уул хад нь боржингийн зүүн зах болдог бөгөөд боржин чулуун хадан дунд ганцхан энэ чулуу цагаан байсан учир тийн нэрлэдэг байжээ. Нутгийн ард энэхүү хүүхдийн овоод очсон хүүхэдгүй гэр бүлүүд энэ овоонд сүслэн мөргөж тойруулаад нэг жижиг овоо босговол хүүхэдтэй болдог гэж үздэг ажээ.
6.Цоорхойн рашаан
Цоорхойн рашаан нь байгалийн сонин тогтоцтой, хавцал хадан завсар байдаг. Энэхүү рашаан нь хүний дотор эрхтэнд сайн юм. Тус рашаан нь дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад тэрүүхэндээ бүх зүйлс оргилж эхэлдэг. Оргилж гарсан ус нь хэдхэн алд яваад газартаа шургачихдаг. Газрын хэвлий цоолдон гарч ирдэг болохоор нь Цоорхойн рашаан гэж нэрлэжээ. Энэхүү газрыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд авжээ.