“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зүгээс “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатарыг огцрохыг шаардан энэ сарын 9-нөөс Сүхбаатарын талбайд суулт хийж, тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр Зорчигч тээврийн нэгтгэлийн ҮЭ-ийн хороон дарга Н.Төрбат ярихдаа:
Нийт ажилчдын эрх ашгийг хөндөж, зорчигч тээврийн хэрэгсэлд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж, Г.Төмөрбаатар даргыг огцруулахыг шаардаж байна. Ажилчдын эрх ашгийг боомилж, илүү цагаар ажиллуулдаг. Мөн цалин дутуу өгч, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдэхгүй байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас өндөр үнээр бараа материал худалдан авсан гэх хэрэгт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, ялагдагчаар татсан. Гэтэл одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. Нийслэлийн удирдлагууд Г.Төмөрбаатар даргыг хаацайлж байгааг ойлгохгүй байна. Нийтийн тээврийг ашигтай ажилласан гэж зарлаад байгаа. Гэвч энэ байгууллага алдагдалтай үнээр явдаг. Ажилчдынхаа цалинг тэрбум 967 сая төгрөгөөр танаж байж, нийтийн тээврийн автобус нэг үйлчлүүлэгчээс 800 төгрөг авч байж ашигтай ажиллана. Гэтэл өнөөдөр 500 төгрөгөөр явж байгаа атал ашиг гараад байгааг нь ойлгохгүй байна. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, ажилчид Г.Төмөрбаатар даргыг ажлаас чөлөөлтөл Сүхбаатарын талбайд энэ сарын 9-ний өдрөөс суулт хийнэ гэлээ.
Мөн энэ үеэр Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус гуравдугаар баазын үйлдвэрчний хороон дарга н.Баттулга: “Нийтийн тээврийг улс төржүүлэхээ болимоор байна. Нийтийн тээвэрчдэд сайн удирдагч хэрэгтэй. Бид туйлдаа хүрч байна. Г.Төмөрбаатар даргыг ажилчдаасаа уучлалт гуйхыг шаардаж байна” гэлээ.
Б.НОМИН-ЭРДЭНЭ