Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дагуул хотууд бий болсноор эдийн засгийн шинэ боломжууд үүснэ

Эдийн засгийн өөрчлөгч клубээс “Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг бүтээн байгуулалттай хэрхэн уялдуулах вэ” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, МУГБ, Архитектор Я.Шархүү, Монголын барилгын үндэсний ассоциацын УЗ-ын дарга Д.Цэнд, МҮХАҮТ-ын дэргэдэх барилгын зөвлөлийн дэд дарга Г.Батжаргал нар оролцлоо.

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд гурван шинэ урсгал буюу Эмээлтээс Бага-Хангайн зөрлөг хүртэлх төмөр замын, хөшигтийн хөндий шинэ нисэх буудал дагасан агаарын, Улаанбаатар-Хөшигт чиглэлийн хурдны зам буюу авто тээврийн дэд бүтцийн шинэ коридорууд бий болох боломж байгаа талаар хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлэгийн эхэнд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн ярихдаа Агаарын бохирдлын 80 хувийг гэр хороолол эзэлж байна. Барилга байгууламжыг нэмэгдүүлснээр хот төлөвлөлт болоод агаарын, хөрсний бохирдлыг багасгах боломжтой. Хятадаас хоёр тэрбумын буцалтгүй тусламжаар 20 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэхээр болсон. Гэр хорооллыг төв, дундын, захын гэсэн гурван бүсэд хуваан авч үзнэ. Хот байгуулалт ерөнхийдөө баруун урд зүгрүү тэлэх хандалагатай байна. Хөшигтийн хөндийд зөвхөн онгоцны буудалд зориулж хот байгуулна гэж байхгүй. Эдийн засгийн нээлттэй бүс болох ёстой. Хүн суурьшина гэдэг бол тэнд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Суурьшлын бүсүүд тогтвортой байх хэрэгтэй. Хөшигтийн хөндийд мөнгөн урсгалыг хэрхэн бий болгох вэ? Мөн онгоцны буудлыг тойрч ямар ямар салбарууд хөгжиж болох тал дээр судалгаа хийж байна. Дараагийн асуудал бол төв цэвэрлэх байгууламж. Хоногт 250м куб бохир цэвэрлэх шугам барихаар зураг төслөө гаргасан. Уг төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтаа шийдсэн. Энэхүү цэвэрлэх байгууламж 30-40 жилийн турш хэрэглээнд байх юм. Гурав дах асуудал бол гүний усны нөөц. Нийслэлд гүний усны нөөц багассаар байна. Сонгинод гүний ус нэмэлт хайгуул хийхээр тохиролцсон. Хоёр дах гүний усны нөөцөө бэлдэхээр ажиллаж байна. Бид ус, бохир, инженерийн дэд бүтэц, барилга хот байгууламж гэсэн үе шаттайгаар ажлуудыг хэрэгжүүлж байна” гэв.

Үүний дараа Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү хэлэхдээ: “Нийслэлийн иргэдийн тулгамдаж буй асуудлууд нь утаа, түгжрэл, нийтийн тээврийг шинэчлэх юм. Улаанбаатар хотод амьдардаг 216000 өрхийн 43 хувь нь орон сууцанд байна. 40000 орчим өрхийг цахилгаан халаагуурт холбох ажил эхлүүлсэн. Үлдсэн айл өрхүүдийг урт хугацаатай орон сууцжуулах ажил явуулна. Эдгээр өрхүүд түүхий нүүрс түлэхгүй, сайжруулсан шахмал түлш хэрэглэх шаардлагатай болж байгаа юм. Төвийн шугам сүлжээнд холбогдох 24 байршилд гэр хорооллын дахин төлвлөлтийг цааш нь үргэлжлүүлнэ. Ойрын арван жилдээ дэд бүтэц очих боломжгүй байгаа дундын бүсэд өөр дээр нь инженерийн бүтцийг барина. Ингэснээр 200-300 өрхийг цахилгаан дулаанд холбон хотхон бий болгох төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Энэхүү хотхонд авто зам, явган зам, камержуулалт, ногоон байгууламж, гэрэлтүүлэгийг цогцоор нь шийднэ. Энэ жил гурван байршилд барилгын ажил эхлэнэ. Намар есөн сард иргэдэд орон сууцыг нь хүлээлгэж өгнө” хэмээв.

Мөн хэлэлцүүлгийн үеэр барилгын салбарынхан “Налайх, Майдар Сити, Зуун мод, Хөшигтийн хөндий, Өлзийт хороолол, Буянт ухаа, Яармаг гэсэн чиглэлд дэд бүтцээр шинэ хот богино хугацаанд босох боломжтой.Хот байгуулалт гэдэг бол хэдхэн жилийн ажил биш. Хот байгуулалтыг хийж бүтээх, бүтээн байгуулах замаар 50-100 жил үргэлжлэнэ. Дэд бүтцийн гурван шинэ урсгалыг дагаад худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг давхар төлөвлөнө. Мөн ОХУ, БНХАУ-аас гадна олон улстай хийх худалдаа, эдийн засгийн урсгалыг сайжруулах нь ажлын байр, хүн амын орлогыг нэмэгдүүлэх бодит нөхцөл болно” гэдгийг онцолж байв.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *